энтертаймент

Нэвтрүүлэгч, Хөтлөгч С.Чимгээ: Охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ

0

Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг хөтлөгч, сайхан хүүхнүүдийн нэгэн төлөөлөл бол яахын аргагүй нэвтрүүлэгч С.Чимгээ. Тэрээр айлын ууган охин, аравдугаар ангиа төгсчихөөд СУИС-д конкурс өгч улмаар хойно мюзик холлын ангид суралцахаар явсан боловч Орост перестройка болж нэг жилийн хэлний бэлтгэлээ дуусгаад эх орондоо ирж, СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх.

С.Чимгээ нэвтрүүлэгч телевизийн салбарт олон шинэчлэлийг авчирч, Монгол ТВ-ийн багт нэгдэж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажиллан, олон сонирхолтой төсөлд гар бие оролцож яваа юм. Та бидний мэдэж байгаачлан, дэлхийн шилдэг контентын монгол хувилбар Авьяаслаг монголчууд-ын шүүгчээр ажилласан ба Чимгээ шоу-гаа мөн амжилттай хийсэн юм. Мөн өнгөрсөн 02 дугаар сарын 08-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

Ингээд түүний ӨДРИЙН СОНИН-д өгсөн ярилцлагаас хүргэж байна

-Таны өсөж төрсөн нутаг, хүүхэд насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?

-Би хотын унаган хүүхэд. 120 мянгатад гудамжны цементийг шүүрдэж, бор чулуугаар хоол хийж айл гэр болж тоглож өслөө. Зуны амралтаараа бол ёстой хөөрхөн бор төмс шиг болтлоо гадаа тоглоно. Байшингийнхаа ханыг халцартал нь бөмбөг шидээд л, гутлаа урагдаж, цоортол резин, чирта тоглодог. Зүлэг усалдаг машины усны доогуур гүйж нороод л…Ер нь хүүхэд нас хаана ч байсан жаргалтай сайхан үе байдаг болов уу. Цаг үе нь ч тайван амгалан байж дээ. Одоо бол цаг үе өөрчлөгдөөд хүүхдээ хараа хяналтгүй гадаа тоглуулахад ч хэцүү болсон шүү дээ. Нэг бодлын амгалан цагт хүүхэд нас маань өнгөрсөн болохоор миний үеийнхэн азтай.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болохыг багаасаа мөрөөддөг байв уу?

-Манайд одоогийн МҮОНРТ, Оросын төв телевиз гэдэг хоёрхон суваг гардаг байлаа. Цагийн хязгаартай, бас. Оросын телевиз дээр баасан гариг бүр Үлгэрийн орноор зочилсон нь /В гостях у сказки/нэвтрүүлэг гарна. Хүүхдүүд үзсэн үлгэр киногоор сэдэвчилж зураг зурсанаа захианд дайж илгээдэг, түүнийг нь хөтлөгч эмэгтэй уншиж танилцуулдаг, дараа нь нэг үлгэрийн кино үзүүлдэг. Тэр гоё нэвтрүүлгийг их үздэг байлаа. Цаашлаад ахлах ангид ороод өглөөний хөтөлбөрийнх нь хөтлөгч эмэгтэй их таалагддаг болсон. Яагаад ч юм энэ эмэгтэй шиг хөтлөгч болох юмсан гэсэн бодлоос л анх эхэлсэн болов уу. Түүнээс биш учир зүггүй хөтлөгч болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

-Манай ойрын хамаатан төрөл дотор урлаг, уран сайхны хүн байхгүй гэж боддог байлаа. Гэтэл МҮОНТ-н мэдээний отгон нэвтрүүлэгч Ж.Анхбаяр, анхны Voice Mon­golia шоуны шилдэг оролцогч Б.Золжаргал нар ээжийн талын садан төрлүүд маань болж таарсан.

-Соёл Урлагийн Их сургуульд хэрхэн элсэж байв?

-Арван жилээ төгсөөд ОХУ-д мюзик холлын жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгсөн. Тухайн үед Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Найдалмаа мөн Москвагаас урлагийн их сургуулиас ирсэн багш нар шалгалт авч байсан л даа. Ингээд маш олон хүүхдээс арваад хүүхэд шалгараад Орост суралцахаар явсан боловч нэг жил болоод буцаад татагдаад ирсэн.

-Яагаад тэр вэ?

-Аль аль оронд нь өөрчлөлт, шинэчлэлтийн үе эхэлж таараад улс бидний зардлыг даах боломжгүй болчихсон. Ингээд бид СУИС-д орж, нэг жил мюзик холлын ангиийнхан гэж явсан. Гэвч энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх яг тэр чиглэлийн багш, мэргэжилтэн Монголд байдаггүй болж таарсан. Улмаар биднийг хүссэн, хүссэн анги руу нь тарааж, дахин нэг жилийн дараа буюу 10 дугаар анги төгссөнөөс хойш гурав дахь жил дээрээ би СУИС-ийн кино драмын ангид нэгдүгээр курсээсээ явж эхэлж байгаа юм. Тухайн үед жаахан охин л юм чинь тэгэх л ёстой юм байлгүй гээд орсон. Мюзик холлын ангид байхдаа М.Найдалмаа багшаараа дуулаачийн мэргэжлийн хичээл заалгах сайхан хувь тохиолтой байлаа. Гэвч кино драмын анги руу орчихсоны дараа Чи дуулаачийн анги руу орсон бол нэг юм дуулгах л байсан юм даа гэж хэлж байсан сан. Гэхдээ би сонголтондоо харамсдаггүй. Зүрх сэтгэлээ дагаад л явсан. Энэ замыг сонгосон учраас хөтлөгч, нэвтрүүлэгч болчихсон, телевиз, хэвлэл мэдээлэлтэй холбогдчихсон байна шүү дээ.

-Та МҮОНРТ-ээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан. Энэ их айлтай яаж холбогдож байв?

-СУИС-ийг төгсдөг жил манай хэл ярианы техник хичээлийн Долгор багш телевизийн нэвтрүүлэгчийн шалгалт авна гэнэ, очоорой гэж хэлсэн. Ч.Ичинхорлоо бид хоёр шалгалт өгөөд тэнцэж байлаа. Ч.Ичинхорлоо маань тэнцэж шууд нэвтрүүлэгчээр ажиллахаар болж, харин намайг орон тоо сулрангуут оруулахаар болсон юм. Ингээд ганц хоёр сар Урам нэвтрүүлэг дээр найруулагчийн туслах хийж байгаад нэвтрүүлэгчийнхээ орон тоон дээр очиж байлаа.

Тухайн үед МҮОНТ Урам гэх маш оюунлаг нэвтрүүлэг хийж байсан үе. Тэр нэвтрүүлгийн редактор, найруулагч Ардын зураач Л.Намхайцэрэн агсны хүү Н.Ганбат гэх мундаг хүний туслахаар ажиллаж, тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр бас хэсэг зуур ажилласан юм. Маш оюунлаг, маш их уншдаг хүн байсан, Ганбат найруулагч. Дэндүү их юм зааж сургаж өгсөн, надад. Тэднийх хоёр сайхан охинтой. Би бодвол охин шиг нь санагддаг байсан байх. Дөнгөж дээд сургуулиа төгсөөд гариг андуураад ирчихсэн юм шиг хүн явж байлаа шүү дээ, би чинь. Телевизийн хөтлөгчийн биеэ зөв авч явах соёл, ном унших, харилцаа хандлагын талаар маш олон зүйл хэлж өгч, ажил хөдөлмөрийн их замыг минь сүүгээр мялааж өгсөн юм уу даа гэж одоо боддог. Тэр их айл олон хүний амьдралын гэрэлт замын эхлэл болсон, болсоор ч байгаа газар даа.

-Анх шууд эфирээр гарч эхлэхэд хэцүү байв уу?

-Хэцүү байлгүй яахав. Жигтэйхэн их сандарч, арай л улайм цайм чичирдэггүй байлаа./инээв/ Юуг яаж ярьснаа ч санадаггүй үе цөөнгүй. Энэ мэдрэмж нэлээд үргэлжилсэн шүү. Одоо ч гэсэн эфирээр гарахдаа, тайзан дээр хөтлөлт хийхдээ догдолж, тэвдэх үе бий. Уг нь телевизийн салбарт 25 жил болж байгаа хүн нэлээн хөгшин бурхи болчихсон баймаар. Гэхдээ манай СГЗ хөтлөгч Д.Цоодол ах маань Догдлол, сандрал тэвдэл одоо ч байна гэдэг тун зүгээр шү” гэж нэгэнтээ хэлж байсан нь өөртөө зөвтгөл олоход их дэм болсон. Энэ нь би хэдийнэ чаддаг мэддэг болчихсон гэсэн хандлагаар биш, хэдийд ч ажилдаа шинэлэгээр ханддагийн маань илрэл юм даа.

-Биеэ авч явах соёл ярьсных ер нь сүүлийн үед эфирийн соёл гэдэг зүйл алдагдаад байна шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Телевиз бол өөрөө үзэх, харах урлаг. Тиймээс телевизийн нүүр царай гэвэл яалт ч үгүй нэвтрүүлэгч, хөтлөгчдийг хэлнэ. Тийм учраас ярих, хэлэх агуулгаас урьтаж харагдах байдлаараа үзэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэх ёстой. Та үзэгчид таатай санагдвал таны ярьсныг хүн сонсоно шүү дээ. Одоо нийгмийн хөгжлөө дагаад олон телевиз бий болж. Зарим нь мэргэжлийн түвшинд явж байна. Зарим нь алдаж, онож, ил гарч буй хүмүүсийнхээ дүр төрхөд төдийлөн анхаарч чадахгүй байна. Гэхдээ алдаан дээрээ суралцаж байж дараагийн зөв алхмаа хийнэ. Тэгэхээр шинэ залуухан телевиз тэр жамаа дагаж байгаа юм болов уу л гэж ажиглагддаг.

-Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр хоёр жил ажилласан шүү дээ. Мэргэжлээсээ тэс ондоо ажил хийхэд ямар байсан бэ?

-Авьяаслаг монголчууд шоу манай улсын телевизийн хагас зуун жилийн түүхэнд цоо шинэ хуудас байж чадсан. Телевизийн шинэ цагийн контент гэгчийг үзэгчдэд хүргэсэн, нэвтрүүлэг хийх цоо шинэ арга барил, маркетинг менежмэнтийг бий болгосон. Энэ шоунд шүүгчээр ажиллах нь миний хувьд тэс өөр ажлын туршлага болсон. Би мэдээний, тайзны хөтлөгч. Гэтэл үзүүлбэр шүүгээд явна гэхэд надад мэдээж амар байгаагүй. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан үнэлгээ дүгнэлтийг өгөөгүй үед зарим үзэгч дургүйцсэн үе цөөнгүй байсан. Гэхдээ түүнийгээ би алдаа гэж боддоггүй. Би доллар биш учраас хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Тухайн үед надад юу мэдрэгдсэн тэр мэдрэмжээрээ л амьдарсан. Ер нь телевизийн салбар, тэр дундаа Монгол HD телевизийн түүхийн нэгэн хуудас байсандаа их баярладаг.

-Авьяаслаг монголчууд шоуны үеэр нэг эмэгтэй дуулахад та нөхрийгөө санаад гээд нулимс дуслуулж харагдсан. Мэдээж амжилттай яваа эмэгтэйн ард сайхан хань тань бий байх. Нөхрийнхөө тухай ярихгүй юу?

-Гэр бүл хань ижил сайхан байж гэмээнэ бие, сэтгэл амар амгалан байна. Тэгж байж л урдаа байгаа ажилдаа илүү төвлөрч чадна шүү дээ. Ар гэр тайван бус, асуудалтай бол миний оюун санаанд ямар бодол байх вэ. Миний нүд, нүдний гал ямар байх вэ. Тэр бүхэн ямар ч ажил хийж байгаа эмэгтэйд 100 хувь нөлөөлдөг байх гэж боддог. Миний өдий дайны явж байгаа нь миний ханийн маш том үүрэг оролцоо. Бүтэн өдөржин бичлэгтэй байсан ч, оройжин тайзан дээр зогссоор ирсэн ч хань маань миний ажлыг ойлгодог. “Авьяаслаг монголчууд” шоун дээр гэхэд арваад хоног тасралтгүй бичлэгтэй байсан л даа. Тэгээд нэг эмэгтэй сэтгэлд хүртэл сайхан дуулахад өөрийн эрхгүй уйлчихсан. /инээв/ Тэр үед нөхрийгөө унтаж байхад нь гарна, орой унтаж байхад нь очсоор түүнийг нэлээд санасан байсан л даа.

Ёстой л нэгэн биений минь нөгөө тал болчихсон хүн шүү дээ. Тийм ч учраас охиддоо би эмэгтэй хүн ерөөсөө л сайн ханьтай болох хэрэгтэй гэж үргэлж захидаг. Сайн ханьтай байхад сайхан ажил төрөл, амжилт бүх зүйл дагаад ирнэ. Би бол ажлын амжилт гэж ярих тийм ч дуртай биш. Угийн 100 хувь өөрийгөө зориулж чадах ажил мэргэжилтэй бол тэр амжилт чинь өөрөө л хүрээд ирнэ. Тэгээд сайхан ханьтай байхад эмэгтэй хүнд өөр юу ч хэрэггүй. Сайн хань, сайхан ажил эмэгтэй хүний аз жаргалын үндэс.

-Бас нэг нэвтрүүлэгт нөхрийнхөө тархины булчинд дурласан гэж ярьсан байсан…

-Энэ яриа санамсаргүйгээр хүмүүст их хүрсэн юм шиг байгаа юм. Тэр нэвтрүүлгийн бичлэгийн урьд орой нь нөхөртэйгөө заал, фитнессээр нэлээд өнжсөнийг хэлэх үү яг л санаандгүй миний толгойд орж ирсэн үгийг хэлсэн нь тэр. Гэхдээ нөхрөө худлаа рекламдсан юм биш. Нөхөр маань үнэндээ л ухаалаг, аливаад алсын бодолтой. Өөрийгөө яаж байнга хөгжүүлж боловсрох, ажил мэргэжилдээ өндөр үүрэг хариуцлагатайгаар хандах, гэр бүлээ яаж үнэ цэнэтэйгээр авч явах, эцэг эх, үр хүүхдэдээ яаж асралтай хандах зэрэгт жинхэнэ нуруутай эр хүн шиг байж чаддаг нь бахархууштай.

Эмэгтэй хүн өөрөө маш сонин бодгаль шүү дээ, хэзээ ч гоё сайхан эрэгтэй хүн хардаггүй, харин эр хүний ухаан бас ноён нуруунд татагддаг. Тиймээс л нөхрийнхөө аливаад хандах нухацтай, ухаалаг хандлага, амьдралын ур ухааныг нь үнэлдэг учраас л тархины булчин гээд хэлчихсэн хэрэг. Найзууд маань нэг хэсэгтээ л над руу даажигнаж ярьсан шүү. /инээв/

Манай хүн бол хуульч, эрх зүйч хүн л дээ. Төрд олон жил ажиллачихсан, хувийн хэвшилд бас багагүй туршлагажсан. Эр хүний нас бие, ухаан санаа тэгширнэ гэж ярьдаг. Манай хүн яг тэр сайхан насан дээрээ л явж байна даа.

-Ажил мэргэжил гэснээс таны охид ээжийгээ дуурайгаад хөтлөгч нэвтрүүлэгч болно гэж байна уу?

– Том охин маань өсвөр насандаа хөтлөгчийн мэргэжил сонирхох маягийн болж ирсэн. Тэгсхийгээд сонирхол нь орхигдоод одоо бол өөрсдийнхөөрөө л шийдэж байгаа. Тэд Чимгээ биш шүү дээ. Тэдний ертөнц өөр, өөр. Энэ замаар би явж чадаагүй, одоо чи яв гэж хэзээ ч тулгахгүй. Алдвал алдаг, оновол оног..Алдаа, оноо л тэр хүнийг бүрэлдүүлнэ шүү дээ.

-Нээрээ танай гэр бүлийг Тайваньд амьдарч байсан гэж сонссон. Тайваньчууд их зөв амьдралын хэвшилтэй ард түмэн шүү дээ?

-Арван жилийн өмнө л дөө. Манай нөхөр Тайвань дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж, бид гурван жил тэнд амьдарсан. Тайваньчууд зөв амьдралыг маш эрхэмлэдэг, тэр дундаа их алхна, ууланд гарна. Хөгшчүүл нь уулын орой руу өглөө болгон гараад дасгал хийдэг. Хүн чинь амьдралын зөв хэмнэл гэдгийг яг бодитоор нь харж байж ойлгодог юм билээ. Тайваньчууд гудамжаар алхахдаа хүртэл зүгээр ч нэг алхахгүй, гэдэсний булчингаа илж, цохиж алхана. Ямар их ухамсар вэ. Тийм зүйлийг өдөр бүр харахаар хүссэн хүсээгүй эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний тухай бодож эхэлдэг юм билээ. Манай хүн их спортлог хүн л дээ. Нөхөр маань 20-иод жилийн өмнөөс л хамтдаа гүйж байя, фитнесс хийе гэж их ятгадаг байлаа. Гэтэл би спортод тийм ч дуртай биш. Арван жилдээ нэг удаа сагс тоглохдоо бөмбөгөнд оногдоод бүр халширдаг болчихсоныг хэлэх үү. Дээр нь нүүр амаа, хөл гараа гэмтээчихнэ, хөхөрчихнө гэдэг айдас түмний өмнө харагдаж байдаг ажил мэргэжилтэй маань холбоотойгоор их байсан. Харин одоо бол би бараг нөхрийгөө ажил ихтэй байхад нь амар заяа үзүүлэхгүй, хамт гүйе, заал оръё гээд л суулгахгүй маягийн.

-Чимгээ шоу бол яалт ч үгүй таны брэнд. Өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох юмсан гэж багаасаа мөрөөддөг байсан гэж уншиж байсан юм байна. Ингэхэд шоуны гол зорилго нь яг юу вэ?

-Телевизийн салбарт хөл тавьснаасаа хойш л өөрөө хөтөлдөг бие даасан нэвтрүүлэгтэй болохсон гэж бодож явсан. Гэхдээ учиргүй улайран хөөцөлдөж байгаагүй. Хувьсгалын тохироо нь бүрдэхгүй яваад л байсан. Телевизийн ажил гэдэг өөрөө багийн ажил учир ганцхан миний мөрөөдөл хангалттай биш байсан л даа.

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн жижиг нэгж ч гэсэн нийгмийг бүрэлдүүлж байдаг гол цөм, эндээс алив сайхан бүхний эх ундарга оргилж байдаг шүү дээ. Тиймээс мэдээж аз жаргалтай, гэрэл гэгээтэй гэр бүл, хүн хоорондын харилцааны сайхныг харуулах. Хүний хүсэл тэмүүллийн агуу их хүч чадлыг, урмын ганц үг хүнийг хөл дээр нь босгох их “ид шидийг” л үзэгчдэд хүргэхийг зорьсон.

Энэ бүхэн л миний ертөнц байхгүй юу. Энэ ертөнцөд би жинхэнэ өөрийнхөөрөө байж, зочидтойгоо баяр гунигийг нь хуваалцах хамгийн сайхан байдаг. Хүн нэг л амьдрах энэ хорвоод аз жаргалтай байх хэрэгтэй, аз жаргалтай байхын тулд өөрийгөө, бусдыг үргэлж эерэг бүхнээр мялааж байх хэрэгтэй. Тэр үнэ цэнийг хүмүүст хүргэж, тэр сайхан орон зайг бий болгож Монгол НD -ийнхээ залуустай хамт Чимгээ шоу-гаа бид эхлүүлсэн. Үзэгчид маань ч ам сайтай байгаад баярладаг.

-Хоёулаа хөнгөн, хөгжилтэй асуултаар яриагаа өндөрлөе. Та залуу байсан үедээ илүү дуртай юу, эсвэл одоо байгаа насандаа илүү дуртай юу?

-Залуу насандаа юу ч боддоггүй явжээ. Магадгүй залуу насны сайхан нь түүндээ л байдаг байх. Би жаахан гэнэн, юмыг гүнзгий ухаж боддоггүй талдаа хүн л дээ. Харин нас ахиж яваа цаг хором мөч бүхэн надад ухаарал болон ирж байгаа нь их таатай санагддаг. Одооны миний нас, энэ үе маань надад гайхамшигтай таалагддаг. Би 25 настай Чимгээгээс илүү одоогийн 50 настай Чимгээдээ илүү хайртай. Магадгүй 70 настай Чимгээд 50-тайгаасаа ч илүү дуртай болчихсон байх юм билүү, хэн мэдлээ. Надад одоо ботокс тариад ч нэмэргүй үрчлээнүүд байна л даа. Гэхдээ энэ үрчлээнүүд дангаараа биш бас ухаан авч ирээд байгаа байхгүй юу, тэр л хамгийн сайхан./инээв/

Э.Цэндбаатар: Дээр дооргүй л архи уудаг шүү дээ

Өмнөх нийтлэл

Сэтгүүлч Б.Бoлopчимэг: 43-xaн настай залуухан, (2 тyн вакцинтай) эгчийгээ алдлаа. Hyлимстай, гoмдoлтoй өдөp…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент