Та хумсаа мэрдэг үү? Мэрдэггүй юм аа гэхэд нэгэнт тогтсон зуршлын дагуу гараа амандаа хийх тохиолдол байдаг л биз дээ. Тийм бол энэхүү мэдээллийг уншаарай. Учир нь гараа амандаа хийдэг хүн өдөрт дунджаар 10 сая бактери залгидаг байна. Ийм байхад та дахиж хумсаа мэрэх талаар бодож зүрхлэхгүй л болов уу.
1. Аман дахь бактери хэд дахин үржинэ
Бидний гаранд маш их хэмжээний бактери бохирдол наалдсан байдаг. Өдөр тутам барьж, хүрч байгаа бүхнээсээ элдэв нянг тээж, гараа сайтар угаахаас нааш арилдаггүй. Хумсаа мэрэх, гараа амандаа хийх нь тэдгээр аймшигт бактерийг шууд амандаа халдааж байгаа хэрэг шүү дээ. Энэхүү зуршил бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог тул та хүүхдээ аль болох үүнээс нь салгах хэрэгтэй. Гарт байдаг бактерийн микроскопоор томруулсан зураг харуулах, үүний хор уршгийг ойлгуулаарай.
2. Гэдэсний асуудалтай болно
Дээр дурдсанчлан гаран дахь нянгууд аманд орсноор гэдсэнд үрждэг. Энэ нь бактери үржих маш таатай нөхцлийг бүрдүүлж байдаг учраас аажмаар гэдэс хэвлийг ихээр өвчлүүлдэг байна. Хумсаа мэрдэг хүүхдүүдийн гэдэс илүүтэй өвддөг, хоол шингээх үйл ажиллагаа нь доголддог. Мөн бохир хумс, гарнаас болж гэдсэнд шимэгч хорхой үүсэх өндөр магадлалтай.
3. Хумс гэмтэнэ
Хумс мэрэхэд, бидний хумсны үзэмж, эрүүл ахуй талаасаа ч тэр маш онцгүй харагдуулдаг. Хүмүүс энэ мэт мэрсээр, хумсаа шархлуулах, цус гаргаж улайлгах зэргээр түүний эрүүл ахуйг айхтар гэмтээдэг. Шархалсан хэсэг рүү бохир орвол арьс идээ бээр татаж, ихээр өвчилнө.
4. Хумс хэврэгшинэ
Үргэлж хумсаа мэрэх, заулгааснаас үүдэн таны хумс хэзээ ч бат бөх, сайхан харагдаж чадахгүй. Үзүүр нь салаалж, нимгэрэн, хумсаа будсан ч дарагдахгүй. Тиймээс хумсаа эргээд хэвийн болгохын тулд кальци, амин дэмтэй хүнс хэрэглэж, бэхжүүлэгч түрхэж, хэсэг зууртаа хумсны будаг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хамгийн гол нь хумсаа мэрэх муу зуршлыг ор тас мартаарай.
5. Шүд гэмтээнэ
Хумсаа үргэлж мэрж, тасдаад байх нь таны шүдийг яг л хөрөөний ир мэт эв хавгүй болгож орхино. Мөн шинээр ургаж байгаа шүдийг хэлбэргүй, орсгоо болгодог. Дээр нь аманд бактери, нян үржсэнээс амнаас таагүй үнэр үнэртэх, шүд хорхойтуулах талтай.
6. Стресстүүлдэг
Хүмүүс айж сандрах, яахаа мэдэхгүй байх, стресстэх үедээ өөрийн мэдэлгүй хумсаа мэрдэг. Тэд ингэснээр өөрсдийгөө тайвшруулах, хэвийн байдалдаа орно хэмээн боддог. Гэтэл үр дүн нь харин ч эсрэгээрээ байдаг ажээ. Хумс мэрснээр аливаад ухаалгаар хандах, нөхцөл байдлыг дүгнэх, шийдвэр гаргахад ихээхэн саад болж, анхаарал сарнидаг бөгөөд тухайн хүнийг хий стресстүүлж, асуудлыг улам хүндрэхэд ч хүргэдэг.
7. Сэтгэл гутралд хүргэнэ
Хумсаа мэрэх нь нэг талаар сохор зуршил ч гэлээ, нөгөө талаар хүний сэтгэл зүйд асар их дарамт, “Асуудал тулгарлаа” гэх дохиог өгдөг. Энэ нь асуудлыг шийдэх, хүнийг тайвшруулахын оронд харин ч бүр сэтгэл санааг үймрүүлж, улмаар сэтгэл гутралд хүргэдэг байна.
8. Хумс мэрэхийг хэрхэн зогсоох вэ?
Та юун түрүүнд хумсаа богино болгон авах хэрэгтэй. Хүмүүс урт хумсыг илүүтэй мэрдэг. Шаардлагатай нөхцөлд хумс мэрэхээс сэргийлэн, хумсны будаг түрхэж өгөөрэй. Мөн хумсаа гоёмсог будаж, засуулах хэрэгтэй. Цаг зав, мөнгөө гаргасан хумсны будалтыг тийм ч амар сүйтгэхийг хүсэхгүй л болов уу. Шаардлагатай нөхцөлд бээлий өмсөөд суусан ч болно. Мөн гараа аль болох завгүй байлгаад үзээрэй.
9. Хумсний лак идсэнээр хавдар тусна
Хумсны будганд агуулагдах өнгө гаргагч, бэхжүүлэгч, гялалзуулагч саа зэргүүд нь химийн өндөр найрлага бүхий бодис юм. Тиймээс тэдгээрийг идэх, будагтай хумсаа мэрэх нь өөрийгөө үхэлд аажмаар хүргэж буйн илрэл юм. Яваандаа энэ мэт хумсны лак идэх нь хорт хавдар үүсгэх том хүчин зүйл болж ч мэднэ. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй.
10. Мэрсэн хумс дахиж ургахгүй
Хамгийн харамсалтай нь хумсаа маханд нь хүртэл нь мэрэх, хэт ихээр гэмтээж хугалсан тохиолдолд хумсны ургалт саатах өндөр магадлалтай байдаг. Та анзаарч байсан бол зарим хүний хумс маш богино, мах руугаа хэт гүн шигдэж үлдсэн байдаг шүү дээ. Хумс шигдэх, дотогшоо ургах зэрэг нь хумс мэрэхээс үүдэлтэй байдаг юм. Ийм байхад та цаашид хумсаа мэрсээр л байх уу?
Comments