Онцлох

Ц.Төмөрхуяг:Намайг хүмүүс их баян гэж боддог байх. Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг.

0

Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ааваасаа есхөн сартайдаа өнчирч үлдсэн гэдэг.Тэрээр 1962 оны 9-р сарын 11 нд төрсөн бөгөөд  Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орсон.

Тэрбээр алтан үеийн жүжигчдийн өвөр дээр өсөж, өдий зэрэгт хүрэхдээ амьдралд хэдэнтээ бүдчиж одоо л нэг нуруу нь тэнэгэр алхаж байна. Ингээд түүнтэй халуун дотно яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.

-Та ер нь хэдэн төгрөгөөр кинонд тоглодог вэ?

-Миний хувьд өгсөн үнээр нь л тоглодог. Тус болоод өгье, миний дүү нар өөрсдөө мэдээд л өгчих гэж хэлдэг. Яг үнэндээ хэдэн саяын үнэтэй кино хийх гэж байж л мөнгөгүй л байдаг.

-Нэг уран бүтээл гаргахад мөнгө санхүүгээ олох гээд нэлээд хугацааг зарцуулдаг байх?

-Бид залуу байхдаа кино урлагийн төлөө үнэхээр зүтгэсэн. Байраа зараад өрөвдмөөр байсан үе ч бий шүү дээ. Компаниуд хөл дээрээ тогтоогүй тухайн үед компанитай яаж харьцдаг, яаж уран бүтээл рүүгээ оруулах талаар ямар ч мэдлэггүй байсан. Бид чинь социализмын үеэс шууд орж ирсэн улсууд шүү дээ. Алдаа зөндөө бий л дээ. Хэрвээ тэр үед би яг одоогийн сэтгэхүйгээрээ байсан бол сайхан уран бүтээл хийх байж дээ гэж боддог. Тухайн үед 90 саяын Ганболд кино хийх гээд явж л байсан түүх бий. Надаас бага дүү л дээ. Юу ч мэдэхгүй хүмүүс кино хийнэ гээд яваад би гайхдаг юм. Би өөрөө театрын хүн.

Тухайн үед кинонд тоглодог байсан болохоос биш хийц хэлбэрийг мэдэхгүй, ойлголт ч байхгүй байсан. Мөн бүх зүйл хаалттай. Холливуд гэж ярих байтугай “Ну погоди” хүүхэлдэйн киноноос өөр зүйл үздэггүй л байсан. Одоо гэтэл цаг үе нь өөр, сайхан нээлттэй нийгэмд залуус амьдарч байна. Нэг кинонд хэдэн төгрөг аваад тоглочихлоороо би мундаг жүжигчин болчихлоо гэж онгирдог. Зарим залуучууд намайг кинондоо тоглуулчихаад яг нүдэн дээр минь шатаж байхыг би харж л байлаа. Ийм зүйлийг хараад зүрх өвдөлгүй л яахав. Гэхдээ л шатаж байж л, тэмүүлж байж л амжилтад хүрнэ. Ийм зүйлээс айх юм бол хэн кино хийх юм, кино хийх хүн олдохгүй шүү дээ.

Урлагийг нэг талаараа золиос гэж ярих нь ч бий. Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол урлагт та юуг золиосонд гаргасан бэ?

-Амьдралаа золиосолсон. Амьдралынхаа өмнө би урлагийг тавьсан. Заавал тийм байх ёстой ч гэж бидний үеийг сургаж байсан. Ардчилсан хувьсгал гарахаас өмнө бүх л хүн амьдралаа урлагийн төлөө золиосолсон. Урлаг гэлтгүй ардчиллын эхний жилүүдэд хүмүүс өөрсдийн амьдралаа золиосолж л байсан. Бүгдээрээ л ганзагын наймаанд явсан. Тэнд өчнөөн хүүхэд өнчирч, хэчнээн их гэр бүл салж, ямар ч зарчимгүй, замбараагүй болж байсан. Би ч тэр шуурганд өртсөн. Тэр үе үнэхээр аймаар шүү дээ. Октябрийн хувьсгал ч тийм байгаагүй байх. Бүгд л дамын наймаачин. Шүүхийн ажилтан ч дамын наймаачин, цагдаа ч дамын наймаачин, би ч бас наймаачин л болсон. Тэндээс л би их зүйлийг ойлгосон. Хүмүүсийн амьдрал, дотоод сэтгэхүй, зүрхэнд нь байдаг үнэн зүйлсийг харж ойлгож байсан. Социализмын үед хүмүүс маш худлаа амьдарч байсан, хүний сэтгэл зүйг хөгжүүлээгүй хорионд л байлгаж байсан. Ингээд л гэнэт хүмүүс задраад, нөгөө яриад байсан эрх чөлөөн дээрээ ирсэн чинь муу хүн болон хувирч ямар аймшигтай байсан гэж санана. Би тэндээс маш их дүрүүдийг олж авч байсан. Хүмүүсийн дотоод сэтгэл зүйг олж харсан. Одоо ч би шавь нартаа хэлдэг. “Жүжигчин хүн жүжиглэдэггүй юм, өөрийнхөө сэтгэл дотор яг үнэнээсээ л амьдарч байна, үүнийг л жүжигчний ажил гэдэг юм. Чиний зүрх хөдөлвөл үзэж буй хүмүүсийн зүрх хөдөлдөг гэж хэлдэг.

-ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ХҮРЧ, БОДОЛ БОЛГОЖ, ЗҮРХЭЭР НЬ НААДАХ НЬ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ-

-Хүний сэтгэлд хүрэх, тэр тусмаа уйлуулна гэдэг амаргүй ажил биз?

-Уйлуулах юм уу инээлгэх гайгүй л дээ. Тэр хүний сэтгэл зүрхэнд хүрч, бодол болгож, зүрхээр нь наадах л хамгийн хэцүү.

-Таны хувьд үе дамнасан төрмөл авьяастан, ховорхон хувь заяа шүү?

-Төрмөл гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг Төмөрбаатарын дүү, Цагааны Цэгмэдийн бага хүү гэж хэлдэг болохоос биш Төмөрхуяг гэдэг нэр байхгүй. Надад уламжлагдсан эцгийнхээ авьяасыг би өөрөө л хөгжүүлсэн. Багш нарынхаа буянд, өөрийнхөө хичээнгүйлэн зүтгэсэн зүтгэлийнхээ хувьд хөгжүүлсэн. Саяхнаас л намайг Төмөрхуяг гэж мэддэг болж байна. Энэ нэрээрээ дуудуулах гэж би олон жил зүтгэсэн. Одоо цаг нь ирсэн ч гэж боддог. Гэтэл би 80-аад оны үед намайг хүмүүс мэднэ, би танигдчихсан гэж онгирдог байлаа. Тэгтэл явж явж 2016 оноос л нэрээр минь намайг дуудаж байна. Залуу насанд хүн аагтай, омогтой, бяртай юу хэлэх гэснээ хэлчихдэг, яавал ч яачихмаар тийм нэг гоё байдаг. Эцэст нь амьдрал өөрөө нухалж, балбалж, баярлуулж ирэхээр өөрөө аяндаа ийм болдог юм байна. Үүнийг л төлөвшил гэдэг юм байна.

-Таны залуу нас сахилгагүй өнгөрсөн байх шүү?

-Их хөдөлгөөнтэй байсан, тэр хөдөлгөөн нь ч гэсэн одооны залуучуудад их таалагддаг байх. Мэдээж эцэггүй өссөн болохоор, манай гэрийнхэн намайг нэг удаа ч гэсэн загнаж үзээгүй, тийм болохоор ч юм уу би танхайдуу өссөн. Хүнээр үг хэлүүлдэггүй, хүнээс үг авдаггүй. Надад ганцхан айдаг хүн байсан. Тэр нь манай багш.

 

 

 

-ЧИ БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙВАЛ ЧАМААС БУСАД АЙНА-

-Энэ бүхний эцэст ойлгосон хамгийн том ухаарал нь юу байв?

-Хүнд ер нь боловсрол л хамгийн их хэрэгтэй юм билээ. Чи боловсролтой, мэдлэгтэй байвал чамаас хүн айна. Түүнээс биш чи мянган машинтай, Зайсанд мянган байртай, мянган дарга таньдаг байлаа гээд нэмэргүй, аймхай хэвээрээ л үлдэнэ.

-Таны ах Төмөрбаатар уран бүтээлийн тал дээр хэр зөвлөгөө өгдөг байв?

-Бид хоёр уран бүтээлийн өрсөлдөгч болохоор нэг нэгэндээ зөвлөх нь цөөхөн дөө. Хаа нэгтээ энэ хэсэгт нь ингэмээр байна л гэж хэлэхээс биш байнга бол биш.

 

-БИ ААВЫНХАА, АХЫНХАА НЭРИЙГ ХУДАЛДАЖ ИДЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР Л ЯВСАН-

-Ахын нөмөр нөөлөг их л байсан байхдаа?

-Багшийн дээд сургуульд сурч байх үед ахын нөмөр байсан шүү. Нэг кинонд шалгаруулаад орлоо гэхэд “Төмөрбаатарын дүү, авчих гэдэг ч юм уу, тэгж ганц хоёр кинонд тоглож л байлаа.

-“Сайн эцгийн нэрийг гурав худалдана” гэж ярьдаг байх аа?

-Худалдаж идэх нь ч юу юм, идэж чаддаг хүн байна, чаддаггүй ч хүн байна. Гэхдээ би аавынхаа, ахынхаа нэрийг худалдаж идэхээс илүү өөрийнхөө л хүчээр явсан. Яагаад гэвэл надад тэдний юм байгаа байхгүй юу. Заавал байж таарна. Тэрүүгээр л би одоо хүртэл зүтгээд л явж байна. Болж,бүтэхгүй үедээ аавынхаа шарил дээр очдог, заримдаа ааваа надад авьяасаасаа өгөөч гэж гуйдаг. Амьдралд хүү нь нэг л хөлөө олохгүй байна, та минь нэг зөвлөөч, зүүдэнд орж ирээч зэрэг гуйдаг байсан. Түүнээс биш би аавынхаа нэрийг худалдаж, Цагааны Цэгмэдийн хүү гэж орилж явсан түүх байхгүй. Би тэгж хэлүүлэхээс хүртэл айдаг. Эцгийнхээ нэрийг дааж явах хүн би мөн үү гэж одоо хүртэл өөрөөсөө асуудаг.

 

-Сүүлд хэзээ аавтайгаа тэгж ярилцсан бэ?

-Манай анги жил бүрийн 9 сарын 11-нд миний төрсөн өдрөөр очдог. Мөн битүүний өдөр очдог, манай аавын төрсөн өдөр. Энэ хоёр өдөр л очно доо. Тэнд Монголын урлагийн оргилууд, хаад ноёд хэвтэж байгаа шүү дээ. Тэнд буян нь явж байгаа байх гэж би ойлгодог. Шавь нартаа миний хүүхдүүд авьяас л гуйгаарай гэж хэлдэг.

-Та бол эерэг, сөрөг, түүхэн, орчин үе гээд бүхий л дүрд тоглосон цөөн хүмүүсийн нэг. Одоо нэг тийм л дүрийг гаргачих юмсан гэсэн нууцхан хүсэл байх юм уу?

-Байхгүй дээ. Би “Сити” дээд сургуульд багшилдаг. Нэг, дөрөвдүгээр курсийн нийлсэн 60 гаруй шавьтай. Саяхан оюутнуудтайгаа үйлдвэрлэлийн дадлага хийсэн. 18 жил бодож явсан зохиолоороо оюутнуудтайгаа хамтраад кино хийлээ. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж хийсэн уран бүтээл л дээ. Ээж хэмээх эрхэм агуу хүмүүний дүрийг энэхүү киноноос маань үзэх байх гэж бодож байна.

-Та театраас хөндийрч, багшлаад бараг гурван жил болж байна уу?

-Театраас хөндийрөөд дөрвөн жил өнгөрчээ. Театрт хамгийн сүүлд “Эцсийн зогсоол”, “Зөвхөн чи” хоёр жүжигт тоглосон. Түүнээс хойш театрын тайзан дээр гарсангүй дээ.

-Тайзаа үгүйлнэ л биз. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг театртай холбосон байх шүү?

-Үгүйлэхгүй яахав дээ. 10 гаруй жил болсон байх, дунд нь завсарласан түүхүүд бий. Одоо зөнөөд байгаа юм байлгүй, тайзны бүтээлүүдийг очиж үзэж чадахгүй юм. Очиж үзье гэхээр сэтгэл өвдөөд, нулимс гарах юм. Очлоо гэхэд жүжиг үзэх биш өөрийнхөө байсан үеэ, хамт тоглож байсан ах эгч, найз нараа дурсан санаад нулимс унагадгаа нуух юун.

-Хамгийн сүүлд театр хэзээ очсон бэ?

-Очоогүй маш их уджээ. Зүрхэлдэггүй юм. Саяхан Баатар найруулагчийн морины тухай жүжгийг очиж үзье гэж бодсон ч нэг л болж өгөөгүй.

– Театр ярих нь таны хөндүүр сэдэв байх л даа, уучлаарай?

-Надад бол хүнд шүү дээ. Би 1984 онд сургуулиа дөнгөж төгссөн залуухан хүүхэд театрт ороод ажиллаж эхэлсэн. Гайхалтай жүжигчдийг төрүүлдэг, гайхалтай ур чадварыг сойдог, сорьдог газар театр юм шүү дээ. Би театраас л бүтээгдэхүүн болж гарсан.

Хэн дуртай хүн театрт ороод тоглоод байдаггүй. Хүчтэй, чадалтай, бяртай хоолойтой цар хүрээтэй тийм хүн яг үнэндээ театрт ажилладаг. Нүсэр том зүйл шүү дээ, Кино бол яахав, монтажаар аргалаад л гаргана.

Театрт бол хүн нас барлаа гэхэд орлуулах ямар ч арга байхгүй. Кинонд өөр орлуулах хүн авч ирээд л тоглуулж болно. Тэр хүнтэйгээ хамт оршуулагдаж байдаг нь театрын онцлог юм. Жинхэнэ амьд харилцаа, жинхэнэ аатай хүний л ажилладаг газар. Сэтгэлгээний асар өндөр бяртай хүний хийдэг ажил.

 

 

Анхааруулга: Хумсаа хазаж идэх нь үxeлд хүргэдэг eвчин. Яагаад гэвэл…

Өмнөх нийтлэл

Xүүxдийн эcpэг гэмт xэpэгтэй тэмцэх, ypьдчилан сэpгийлэх арга зүй сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт явагдаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох