Монгол орны талаар жуулчид сэтгэгдэл бичихдээ ихэвчлэн магтаж бичдэг билээ. Үүний адил нэгэн Канад бүсгүй бидний тухай ингэж бичжээ.
Канад улсын иргэн Рут Камнитцер (Ruth Kamnitzer) Монголд ирээд буцсаныхаа дараа бидний аж амьдрал, байгаль орчин, эх үрийн хүйн холбооны талаар төрсөн сэтгэгдлээ бичсэнийг гадны хэд хэдэн сайт онцолжээ. Та бүхэнд түүний бичсэн зүйлийг нэмэлт хачиргүйгээр хүргэе. Үүнийг уншаад өөрийн эрхгүй монгол хүн болж төрснөөрөө омогшиж, бахархах нь гарцаагүй.
1.Монгол орон үнэхээрийн сайхан байгальтай билээ.
“Монголын хөдөө үнэхээр сайхан байгальтай. Хөвсгөл далай, өндөрт сүндэрлэх уулс, говь, хангай гээд Монгол Улсад үлдсэн дурсамж бүхэн минь үнэхээр сайхан байдаг. Магадгүй та бүхэн Монголыг зорих гэж байгаа бол зундаа ирвэл тохиромжтой. Хөдөө нутгийн үзэсгэлэн гоо, морь мал, элэгсэг ард түмэн нь таныг халуун дотноор угтах болно. Миний биеийн нэгээхэн хэсэг Монголд үлдчихсэн шүү” хэмээн манай улсын гайхалтай сайхан байгалийг тэрээр шагшин магтсан байна.
2. Том жижиггүй тэд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг
“Тэд тийм ч баян тансаг амьдралтай хүмүүс биш бөгөөд өөртөө, байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг болох нь харагдсан. Энэ нь магадгүй уудам тал нутаг, ус, гол мөрөн, уужим сайхан сэтгэлтэй нь холбоотой байж болох юм. Хөдөө явж байхдаа би муухай аашилсан, уурлаж бухимдсан хүн бараг олж хараагүй. Харин хотын иргэдийн хувьд бага зэрэг бухимдсан, ямар нэгэн зүйл рүү яарч, тэвдэж байгаа юм шиг санагдсан. Дээрээс нь хотын амьдрал надад тийм ч таатай санагдаагүй. Харин хөдөө бол сонирхолтой сайхан байсан шүү. Цэвэр агаарт, голын хөвөнд байх үнэхээр сэтгэлд хүрсэн” хэмээн канад бүсгүй сэтгэгдлээсээ хуваалцжээ.
3.Хөдөөгийн зам нь бартаатай
Түүний хувьд Монголын хөдөө нутагт явж байхад замын зүг чиг заагч тэмдэглэгээнүүд шиг ойлгомжгүй зүйл байгаагүй гэнэ. Энэ талаар “Тэд тэмдэглэгээг голдуу уулзвар, салаа зам дээр бус хаа тохиромжтой газар нь зоодог. Өөрөөр хэлбэл, эдгээр тэмдэглэгээний дагуу зөв замаар явна гэдэг эргэлзээтэй. Жуулчны баазуудын байрлуулсан тэмдэглэгээ бүр ч аюултай санагдсан” хэмээн хэлжээ. Түүнээс гадна хөдөөний замуудын ихэнх нь эвдэрсэн байснаас гадна автомашин явахад маш хүндрэлтэй байсан хэмээн хэлжээ.
4.Цагаан идээ бол ид шидийн гэмээр хоол
“Монголчууд буянт малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай юм билээ. Цагаан идээ хүний биед тал бүрийн ашиг тустай болохыг тэд надад хэлж өгсөн. Мөн шүд болон бусад эд эрхтэнд хэрэгтэй гэдгийг мэдэж авсан” хэмээн цагаан идээний тухай төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний хувьд хамгийн гайхалтай санагдсан нь цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг болохыг ойлгож авсан гэнэ.
5.Хүүхдээ хeхүүлэх уламжлал нь гайхалтай
Канад эмэгтэй Рут Камнитцер хeхүүл хүүхэдтэйгээ Монголоор аялсан бөгөөд хeхүүл эхчүүдэд хандах хандлага өөрийнх нь улс оронтой харьцуулахад огт өөр байсан төдийгүй хүмүүс хүүхдээ хeхүүлж буй эхчүүдэд байдаг л нэг энгийн зүйл мэт хандаж, гайхсан, сонирхсон болон эвгүйцсэн шинж огт гаргадаггүй байсан тухай бичжээ. “Энэ нь тэдний монгол гэр бүлүүд уламжлал, ёс заншилтайгаа холбоотойгоор гэр хэмээх жижигхэн сууцанд бүгд нэг дор амьдарч ирсэн учраас хeхүүл эхчүүд мeeмee нуугаад байх ямар ч шаардлага байдаггүйгээс болсон байх” гэжээ.
Тэрээр мөн цааш үргэлжлүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас 2005 онд монгол эмэгтэйчүүдийн 82 хувь нь хүүхдээ 12-15 сар хүртэл нь хeхүүлдэг бол, 65 хувь нь 20-23 сар хүртэл нь хeхүүлдэг гэсэн судалгаа гаргаж байсныг би уншсан. Энэ үнэхээр үнэн юм байна лээ. Тэдний эх үрийн холбоо үнэхээр өндөр сэтгэгдлийг надад төрүүлсэн” хэмээн хэлжээ.
Comments