Бидэнтэй дэндүү ойрхон хэрнээ, хол хүн гэж түүнийг тодорхойлчихсон байдаг. Яруу найраг, зохиол бүтээлийнх нь ертөнцөөр бидний зүрх сэтгэлийн утас хөндөгдөн байдаг ч уншигч фенүүдийнхээ дунд төдийлөн орж ирээд байдаггүй, “хол”-ын орон зайтай юм шиг болохоор түүнийг хол хүн гэдэг ч байх. Тэгвэл энэ хүн бидэнтэй хэнээс ч илүү ойрхон хүн аж. Яруу найрагч Л.Өлзийтөгсийг онцолж байна.
Шүлгэнд бус номонд дурласан бага нас
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс 1972 онд Дархан хотод төрж, өсчээ. Бага насаа хөдөө орон нутагт өнгөрөөсөн тэрээр 1996 онд “Монгол мэдлэгийн их сургууль”-ийг судлаач мэргэжлээр төгссөн байна. Багадаа уншиж байсан роман дотор нь шүлгийн хэсэг гараад ирвэл хуудсыг нь алгасаад эргүүлчихдэг, шүлгэнд дургүй хүүхэд явсан нь тун ч сонирхолтой.
Түүний аав ээж хоёр ном их уншдаг хүмүүс байжээ. Аавынх нь шүүгээнд 800-аад ном байсныг хожмоо дурсан ярихдаа “Аав маань намайг долоон настайд “Миний охин энэ шүүгээн доторх номыг бүгдийг нь уншчихвал их сайн хүн болно доо гэсэн. Би зургадугаар ангид орох жилээ тэр шүүгээн доторх номоо дуусгасан” хэмээн ярьсан. Тэрээр хамгийн анхны шүлгээ 5-р ангидаа бичиж байсан ч 9-р ангиасаа л яруу найрагт дурлан, оролдож эхэлсэн гэдэг.
Анхны амьдрал
Тэрээр Ж.Болд-Эрдэнэ хэмээх өөрөөсөө долоон насаар ах билиг танхай яруу найрагчтай анхны амьдралаа эхлүүлж байв.
1990-ээд оны яруу найргийн ертөнцөд Жамъянгийн Болд-Эрдэнэ гэгч залуу хүч түрэн орж ирж, анхны бүтээл болох “Гоо марал” хэмээх номоо 1991 онд хэвлүүлснээс хойш өөр ном хэвлүүлж амжаагүй байдаг. Тэрээр 1998 онд цэл залуухан 33 насандаа гэнэтийн өвчний улмаас хорвоог орхисон. Тэдний дундаас Б.Ханболд хүү нь мэндэлсэн.
Хоёр дахь амьдрал
Түүний хоёр дахь амьдрал мөн л яруу найрагч залуутай холбогдов. Тэд “Ардын эрх” сонинд хамтдаа ажиллаж байгаад танилцсан гэдэг. Баянхонгор аймгийн уугуул Гун-Аажавын Аюурзана 16 настайгаасаа шүлэг, яруу найраг бичиж эхэлсэн гэдэг.
Тэрээр 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулж өөрийн гэсэн уншигчидтай болсон зохиолч. “Цаг хугацаа амсхийх зуур”, “Филасофийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг роман хэвлүүлсэн.
Зэвэргэн салхитай өдөр зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээлээр хөлөө хучаад ном уншаад хэвтэхийг жинхэнэ аз жаргал гэж төсөөлдөг. “Би илтгэл тавих чадвар муутай. Ярихдаа ч муу. Өөрийгөө бичихдээ л жаахан гайгүй гэж боддог” гэж ярих энгийн даруухан нэгэн.
Нөхрөө “Г.Аюурзана бол миний нөхөр төдийгүй хамгийн их хүндэлж, шүтэж явдаг уран бүтээлч минь” хэмээн ярьсан удаатай. Г.Аюурзана танилцсаны дараахан төрсөн өдрөөр нь түүнд эртний Грекийн яруу найрагч Сапфогийн тухай ном бэлэглэхэд маш их баярлаж байсан гэдэг. Энэ тухайгаа Л.Өлзийтөгс “Сапфогийн намтартай тэр номыг би төрсөн өдрийн бэлэг гэхээс илүүтэй яруу найрагч Г.Аюурзанын надад өгсөн хамгийн анхны үнэлгээ гэж хүлээж авсан” хэмээн ярьсан байдаг.
Бие биенээ мэдэрч, үнэлж чадсан, жинхэнэ оюун санааны өөр түвшиний гэр бүл гэдэг нь л эднийх гэлтэй. Том хүү нь төгөлдөр хуурын ангид багаасаа суралцаж сонгодог урлагт хайртай болсон төдийгүй хоёр дүүгээ ч төгөлдөр хуурт дурлуулсан гэгддэг. Тэд мөн гэрээрээ дүүрэн уран зураг, дэлхийн сонгомол номын цуглуулгатай гэнэ.
Тайрмал үс, дөлгөөн харц бидний мэдэх найрагч
Түүний тухай нэгэнт ярьж байгаа хойно үснийх нь тухай ярихгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа. Номнуудынх нь хавтсан дээрх толгойгоо үл ялиг гилжийлгэсэн нүдний шилтэй, тайрмал үстэй, дөлгөөхөн, тунгалаг царайтай эмэгтэйн зураг хичнээн ч олон хүнд танил болоо вэ? Л.Өлзийтөгс гэдэг нэрийг сонсоход л тэр зураг нүднээ тодоос тод бууж буй нь лавтайяа.
Уншигчидтайгаа дэндүү ойрхон хэрнээ, хол байдаг түүнийг өөрөөр яаж ч төсөөлөх юм билээ. Ямартаа ч “намайг 10 жилийн өмнөх номын минь зургаар төсөөлөөд явдаг. Тэгж болохгүй шүү, гэнэт тааралдвал та цочоод хашгирна” гэж ч хошигносон байдаг.
Өөрийнх нь үсний талаар асуусан нэгэн сэтгүүлчийн хариултанд “Миний үсийг зарим нь имиж гэж хараад байдаг болохоос биш хамгийн энгийн, хамгийн хямдхан засалт шүү дээ. Би хоёр сард нэг удаа мянган төгрөгөөр ингээд тайруулчихдаг юм. Үнэн амар. Үсээ будуулж ч үзэлгүй өдий хүрлээ. Ийм залхуу, ийм хэнэггүй хүнээс чи имиж энэ, тэр гэдэг үг асуугаад харин ч инээд хүргэчихлээ. Гэхдээ сүүлийн үед хоёр сард нэг удаа үсчин орох нь ч хүртэл ядаргаатай санагдаад зүгээр л боодог болчихсон. Үүнийг та арай имижээ өөрчиллөө гэж үзэх юм биш биз” хэмээсэн байдаг. Тиймээ энэ бол түүнээс л гарах хариулт.
Давхарлаад л, давхарлаад л гайхшруулсан нь…
Л.Өлзийгтөгсийг ээмэг бөгж зүүдэггүй, нүүрээ будаж, гоёж гооддоггүй хэмээн сонин хэвлэлээр бичсэн байв. Дараа нь уулзсан хүн бүр л түүнийг чих гар хуруу руу сониучирхсан харцаар хараад байх болж. Бүр нэг хүн “Чи их сонин хүн шүү, ээмэг бөгжийг хэрэглэдэггүй эмэгтэй хүнтэй анх удаа л таарч байна. Манай эхнэр бол сард нэгийг худалдан авдаг” хэмээн эхнэрээ ичээж орхиж.
Харин Л.Өлзийтөгс “Би жаахан гэдэнтэй зантай юм. Надаас болж өөр хүн эвгүй байдалд орж буй нь муухай санагдсан. Тэгээд нэг удаа олны дунд очихдоо зориуд бөөн юм давхарлаж зүүгээд очсон л доо. Таньдаг хүн бүхний нүд бүлтийгээд ирсэн” хэмээн инээмсэглэнгүй ярьж суусан гэдэг.
Өрөвч зан, ууч сэтгэл
Эмэгтэйчүүдийн ихээр дурладаг цэцэгнээс илүү модонд дуртай. Ваар цуглуулах нь түүний сонирхол байв. Хэвшмэл, тогтмол цаганд баригдах дургүй. Өөрийнхөө хүссэн цагтаа сууж, босож байх нь түүний хувьд юунаас ч чухал. Бусад хүмүүс шиг өглөө ажилдаа явж, орой гэрлүүгээ харих мэтийн нэгэн хэвшмэл цаг хугацаа таалагддаггүй.
Хүссэн цагтаа номоо уншиж, хүссэн цагтаа зохиолоо туурвиж, хүссэн цагтаа гэрийн эзэгтэй байх нь л жинхэнэ Л.Өлзийтөгс. Түүнийг даруу дөлгөөн, дотогшоо хүн гэж боддог хүмүүс олон биз. Тэгвэл охин нь түүнийг “Миний ээж хорвоогийн хамгийн хөгжилтэй ээж” хэмээн биччихсэн, найзууд болохоор “Хүүхэд шиг” хэмээн тодорхойлчихсон аж. Харин өөрөө өөрийгөө тодотгохдоо “өрөвч сэтгэлтэй, ууч зантай. Энэ хоёрыгоо алдвал хэн ч биш болно” гэжээ.
Бэлгэнд авсан эдлэлээ хэрэглэлгүй мартах нь бий
Найз нөхөд, танидаг хүмүүс нь түүнд ээмэг, бөгж зэргийн эдлэл их бэлэглэдэг гэнэ. Нэг удаа нэгэн Солонгос яруу найрагч долоон өөр хайрцагтай долоон ээмэг бөгж бэлэглэжээ. Тэр долоог Даваа, мягмар, лхагва гээд солиод зүүхийг зөвлөж л дээ. Бас америк яруу найрагч найз нь зааны ясан зүүлт бэлэглэж ч байж. Навчны тухай их бичдэг гээд нэг эгч алтаар урласан навч гээд голцуу шүлэгтэй холбоотой дүрслэл бүхий бэлэг, ур ухаан шингэсэн, содондуу эсвэл маш энгийн хүзүүний зүүлт ч бэлэглэх нь бий гэнэ.
Нөхөр нь түүнийг зүүдэггүйгүйг мэдсээр байж энд тэндээс аваад л ирнэ. Тэдгээрийг нь хэрэглэхгүй болохоор голоод байна л гэж бодоод явах болгондоо авчраад л өгнө. Тэгээд нэг удаа үнэтэй зүүлт бэлэглэхдээ “За үүнийг л зүүхгүй бол дахиж бэлэг өгөхгүй шүү” гэсэн. Гэтэл тэрийг нь ч бас л зүүгээгүй мартчихсан гэдэг.
Шагнал:
Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадмын1994 оны тэргүүн шагналт. 2002 онд “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” номоороо Алтан өд шагнал, 2004 онд мөн энэ номоороо МЗЭ -ийн шагнал хүртжээ.
Ц.Хасбаатар, Ч.Билигсайхан гээд нэр хүндтэй доктор, профессорууд Л.Өлзийтөгсийн номын тухайд тусгайлан нийтлэл бичицгээж, өндөр үнэлгээнүүд өгсөн байдаг.
Түүний шүлгийн мөртүүдээс
Миний доторх…
Миний доторхи хотууд, гудамжнууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч юм одсон замууд
Тэр замаар холхих амьд, үхсэн хүмүүс…
Тэд одоо яаж миний дотор нуугдана вэ?
Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихын зуурт өнөөх гэрлүүдээ хагачина
Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аянга лантууны дуу тасрах нь үгүй. Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд…
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан минь.
Зөгий
Үүрээр нэг зөгий надаас дүнгэнэн нисч
Үүдэн дээр чинь буудаг
Өдөржин тэгээд чамайг тойрон нисч
Өөд уруугүй, хаа явсан ч дагадаг
Хөл гарыг минь тээж яваа
Хөөрхий түүнийг алчихаад над дээр чи ирдэг
Хөнгөмсөг бэлэг, амтат чихэр…
Хөөрсөндөө би
Хөлийн минь нэг үхсэнийг мартчихдаг
Маргааш өглөө нь ахиад л нэг зөгий…
Магад зүрхтэй минь хамт нисдэг
Бороонд тэр минь норчихвий
Халхалж яваарай
Болохгүй хүмүүс гомдоочихвий
Хатгаж орхиорой
Захиасыг минь аваад ниссэн түүнийг
Зангиагаараа чи цохиж орхидог
Задарчих шиг л болдогоо, бие минь
Өвдсөндөө би өдөржин уйлдаг
Цээжинд минь нэг цэврүү үсэргэчихээд
Цэцэг тэвэрсээр чи орой нь ирдэг
Энгэрт чинь наалдан жаргалтай инээмсэглэхэд
Элэгнээс минь эмтлэн шинэ зөгий төрдөг…
Саранд хүрдэг шат
Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг
Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг
Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд …
Өө, би яаж зураглах вэ?
Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй
Найз минь, тийм үед л би үхмээр болдог доо.
Бурханд шивнэсэн нууц
Чи юунд дуртай вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
– Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Бөмбүүлэйгийн инээмсэглэл
Чи юунд дургүй вэ? гэж Бурхан шивнэн асуулаа
– Сүмийн хонхны дуу
Дуусах гэж байгаа асаатай лаа
Харанхуйд орсон цасны гэгээ
Хүүгийн минь инээмсэглэл.
Хуримын маргааш
Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ
Өлгүүрт хєгшрєх үйл ч
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан.
Адилхаан…
Би ч бас хуучирсан
Г.А-д
Хүслийн шуургаар оволзсон тэнгис
Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ
Хүлэгтэй бие даль жигүүргүй
Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно
Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх…
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно.
Сэтгэгдэлүүд