нийгэм

Ж.Цолмон: “Монголын их сургуулиуд чансаагаа тогтоолгох цаг болсон”

0

АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОНГ дугаарынхаа зочноор урьж байна.

Бидний урилгыг хүлээж авсанд танд баярлалаа. Дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг шилдэг байгууллага болох “QS” байгууллагын хуралд манай төрийн  болон хувийн хэвшлийн 6 их сургуулиудын удирдлагууд оролцсон. Энэ талаар танаас мэдээлэл авах гэсэн юм. Энэ хурлын ач холбогдол юу байв?  

  • АШУҮИС, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, Отгонтэнгэр их сургуулиудын удирдлагууд 11-р сарын 21-22-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон “QS-APPLE 2018” хуралд оролцоод ирлээ. Их сургуулиудын хөгжлийн чиг хандлага, дээд боловсролын шинэ тогтолцоо ямар байх талаар Ази номхон далайн бүсийн их дээд сургуулиудын хоёр мянга гаруй төлөөлөгчид хуран чуулж, санал бодлоо солилцлоо. Миний хувьд БНСУ-ын Ёнсей Их сургуультай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулах, мөн манай бүрэлдэхүүн сургуулиуд болох Сувилахуйн сургууль, Нүүр ам судлалын сургуулиудын Самюк, Жинжугийн Эрүүл мэндийн коллеж зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөсөн байсан үетэй давхцаж нэг сумаар хоёр туулай буудав гэдэг шиг олон ажлыг амжуулаад ирлээ. Сонирхуулж хэлэхэд “QS” гэдэг нь Quacquirelly, Symonds гэдэг үүсгэн байгуулагч хоёр хүний нэрийн эхний хоёр үсгээс бүрдсэн юм билээ. Анх “Times higher education”, “ QS world University rankings”хэмээх хоёр байгууллага нь 2004-2009 оны хооронд  хамтарч АНУ-ын “Ivy league”буюу хамгийн топ их сургуулиудын жагсаалтыг(Harvard, MIT, Stanford, Yale…)гаргадаг байсан бөгөөд 2009 оноос тус  тусдаа үйл ажиллагаа явуулдаг болж  улмаар “QS”байгууллага нь дэлхийн их дээд сургуулиудыг 48 мэргэжлээр, 5 бүс нутгаар буюу Ази, Латин Америк, Европ, Төв Ази, Арабын бүсэд эрэмбэлдэг болсон. “QS” байгууллага нь IREG (International Ranking Expert Group) -ын зөвшөөрөл авсан цорын ганц байгууллага гэж үзэгддэг юм билээ.

Монгол улсаас МУИС, АШУҮИС хоёр “QS” эрэмбэд орох боломжтой гэж ойлгосон. Тийм ч учраас АШУҮИС, МУИС 11-р сард “QS” байгууллагын Ази хариуцсан удирдлагуудыг хүлээж авч зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, ер нь эрэмбэлэгдэхэд ямар шаардлага тавигддаг юм бол?

  • МУИС-ийн захирал Проф.Я.Төмөрбаатар бид хоёрын урилгаар 2018 оны 11-р сарын 5,6-нд “QS” байгууллагын Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок, Интелиженс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг, Сингапурын Нанян технологийн их сургуулийн Гадаад харилцааны албаны захирал хатагтай Жэнни Хален Хэдберг нар хүрэлцэн ирж дэлхийн 130 000 гаруй их сургуулиудын чансааг тогтоодог нэр хүндтэй шалгуур болох “QS” эрэмбэлэлийн талаар бидэнд мэдээлэл хүргэж, хэрхэн олон улсын төвшинд өөрийн байр суурийг эзлэх, эрэмбэд орсноор их сургуулийн үйл ажиллагаанд ямар түлхэц болдог, манай их дээд сургуулиуд “QS” эрэмбэд орохын тулд цаашид тус байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах боломжууд байгаа талаар зөвлөмж өгч, бид төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаа урьж оролцуулсан. Мөн эрэмбэд орохын тулд одооноос эхлэн тууштай, зохион байгуулалттайгаар бэлдэж эхлэх арга замыг зааж өгсөн.  Манай их сургуулиудтай төстэй нөхцөл байдалтай байсан бусад улс орнуудын их сургуулиуд тус байгууллагатай хамтран ажилласныхаа үр дүнд маш хурдан эрэмбэлэгдсэн жишиг их байдаг бөгөөд тэдний нэг тод жишээ нь Сингапурын Нанян технологийн  их сургууль юм билээ. АШУҮИС-тай төстэй сургууль гэх юм бол Тайваны “Тайпей анагаах ухааны их сургууль” юм. Тийм ч учраас манай сургууль дээр тусгайлан хүрч ирж  туршлагаасаа хуваалцсан.  Ер нь бол Монгол улсын хувьд тэргүүлэх гэгдэж байгаа их дээд сургуулиуд “QS”эрэмбэд орохгүйгээр цаашид дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй эрэмбэд орохоос өөр гарц байхгүй байгаа юм. Бид зөвхөн Монголдоо өөрсдийгөө тэргүүлэх сургууль гэж нэрлэн хөөрөгдөж, биенээ магтсанаар дэлхийн хэмжээний сургууль болохгүй гэдэг нь дэндүү тодорхой болсон.

Эрэмбэлэлд ороход ямар  шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой юм бол? Хэзээнээс их дээд сургуулиудыг эрэмбэлэх  болсон бэ?

  • Анх 1970 онд Дэлхийн дээд боловсролын асуудал эрхэлсэн комиссоос судалгааны их сургууль гэсэн нэр томьёог гаргаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манай оронд судалгааны их сургууль байгуулах талаар Дээд боловсролын шинэчлэлийн зураглал, Чанарын шинэчлэлийн бодлого болон ЗГ-ын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичигт тунхаглаж, Азидаа шилдэг 100-д орох хэд хэдэн сургуультай болох зорилго тавьж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх, бодлогын хувьд хэрхэн дэмжих талаар “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулснаар эхний алхам хийгдээд байна. Тэр зорилгод манай сургууль ч хамтран ажиллана. Судалгааны их сургууль бол тодорхой чиглэлээр мэдлэгийг бүтээх, түгээх үүрэгтэйн дээр улс орны хөгжилд , ялангуяа манайх шиг хөгжиж буй орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд маш их үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын туршлагаас харахад аливаа улсын боловсролын систем нь судалгааны мэргэжлээр дагнасан цөөн тооны их сургуулиудтай байхыг эрмэлздэг юм билээ. Манай төрийн их сургуулиуд чансаа тогтоох олон улсын байгууллагад бүртгүүлж, үнэлгээ хийлгэхэд хамгийн түрүүнд дөрвөн шалгуурыг хангасан байх ёстой: нэгд, академик нэр хүндээ өсгөх, хоёрт, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, гуравт, импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, дөрөвт, дээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдээс нь дэлхий нийт ишлэл  татсан байдал. Их сургуулиудын академик нэр хүндийг “QS” байгууллага тогтоохдоо тухайн их сургуультай хамтарч ажилладаг доод тал нь дөрвөн зуун хүн буюу 120 гадаадын орнуудын байгууллагууд руу тус их сургуулийг эрэмбэд оруулахыг дэмжсэн тодорхойлолтуудыг цахимаар авч бүрдүүлснээр тогтоодог байна. Хоёрт нь тухайн их сургуулийг төгссөн төгсөгчдөд ажил олгогч мөн хамгийн доод тал нь 120 байгууллагаас тус сургуулийн төгсөгч ажиллаж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг мөн өгсөн хаягийн дагуу цахимаар авдаг юм байна. Эрдэм шинжилгээний нийтлэл болон ишлэлийн тоог “QS” байгууллагаар дамжуулан “Scopus”мэдээллийн санд  бүртгүүлснээр богино хугацаанд ахиулах боломжтой талаар ярьж байсан. Ер нь бол “QS” эрэмбэд орох хүсэлтээ тавьсан их сургуулиудын эрдэм шинжилгээний нийтлэлийн тоо гуч гаруй мянга гэж яригддаг юм байна. Ингээд үзэхээр бидэнд ярих биш хийх үлдээд байна.

Жишээ нь танай сургууль “QS” байгууллагаас тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэхийн тулд хэрхэн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна? Эхний ээлжид юу хийх ёстой юм бэ?

  • Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс мэдлэгийн үйлдвэрлэлд шилжиж байгаа өнөөгийн эрэн үед нийгмийн бүхий л салбарт өөрчлөлтүүд гарч байна. Энийг дагаад манай сургууль ч өөрчлөлт шинэчлэлтэд орох учиртай. Мэдлэгт суурилсан нийгэмд шилжих хариуцлагатай үйл явцад манай сургууль манлайлж оролцох ёстой. Мэдлэгийн эдийн засгийн өрсөлдөөнд бид өөрийн байр сууриа эзлэхийн тулд төрөлх сургуулиа жинхэнэ утгаар нь судалгааны их сургууль болгохын төлөө бүгд оюун ухаанаа нэгтгэн зүтгэх болоод байна. Бид бэлтгэл ажилдаа ороод байна. АШУҮИС хамтран ажилладаг дэлхийн хорь гаруй орны 209 их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд болон манай төгсөгчдөд ажил олгогч байгууллагуудынхаа жагсаалтыг гаргаад “QS” байгууллага руу явуулах гэж байна. Цаашид хамтран ажиллах байгууллагуудынхаа тоог нэмэгдүүлэх, хүрээгээ Европ, Америк руу илүүтэй тэлэхийг эрмэлзэж байна. Манай сургууль олон улсын “Peer review ”бүхий хоёр сэтгүүлтэй. Тэднийгээ сургуулиас бодлогоор дэмжиж импакт фактор өндөр бүхий сэтгүүл болгохоор зорьж байна. Монгол улсын хувьд АШУҮИС, МУИС олон улсын их сургуулиудын чансаа тогтоох эрэмбэд эрэмбэлэгдэх боломж бүхий сургуулиуд байж болох юм одооноос сайн бэлдэх хэрэгтэй гэж үнэлгээний байгууллагууд зөвлөж байна. Би нэг ярилцлагадаа хэлж байсандаа олон улсын туршлагаас харахад аливаа улсын боловсролын системийн дээд оргил нь судалгааны мэргэжлээр дагнасан цөөн тооны их сургуулиудтай байх гэж. Хол явахаа болъё, хоёр хөрш  дээрээ аваад үзье л дээ. Манай урд хөрш болох БНХАУ “Боловсролын өөрчлөлт ба хөгжил” гэсэн хөтөлбөрийг 1993 онд гаргаж 211 гэсэн төслийг хэрэгжүүлсэн. 211 гэдэг нь 21-р зуунд 100 тэргүүлэх сургуультай болно гэсэн зорилт юм. Өнөөгийн байдлаар 211 төслийн болзлыг 117 их дээд сургуулиуд хангаад байгаагаас  9-ийг нь судалгааны сургууль болгохоор С9 хэмээх элит их сургуулиудын сүлжээг хөгжүүлж байна. Энэ нь 3000 их сургуулиудаас шүү дээ. Уг  С9 төсөлд хамрагдсан Бээжингийн их сургууль, Цинхуа их сургуулиудад 1,8 тэр бум долларын дэмжлэг төр нь үзүүлж байгаа юм билээ. Мөн манай хойд хөрш болох ОХУ-д Ерөнхийлөгч В.Путин тэргүүлэх их сургуулиудаа дэмжих зорилгоор 5:100 төслийг эхлүүлээд байгааг бид мэднэ. Энэ нь дэлхийн хэмжээний чансаа тогтоодог QS, ARWU, THE World  системүүдээр Оросын 5 их сургуулийг эхний шилдэг 100 их сургуулиудын тоонд багтаах зорилго тавьж, 15 их сургуульдаа 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж орчин үеийн лабораториуд байгуулсан байна. Эдгээр сургуулиудад 360 000 оюутан суралцаж, 21 нобелийн шагналтан ажиллаж байна. Бид ч мөн иймэрхүү хэмжээний чанарын үзүүлэлт үзүүлж байж байж тэр статусыг авах болох нь. Тэгэхээр бидний хувьд үндэсний эрдэмтдийнхээ чансааг олон улсын хэмжээнд дээшлүүлэх, мөн судалгаа явуулах бааз, лабораторио олон улсын стандартад хүргэх, энэ тал дээр төрийн дэмжлэг болон, өөрийн харилцаа холбоогоо ашиглан нэмэлт төсөв хөрөнгө олох тал дээр эрчимтэй, зүтгэлтэй ажиллах хэрэгтэй байна. Төр төсөв хөрөнгөөр хангалттай хэмжээнд дэмжих боломж нь хараахан бүрдээгүй үед их, дээд сургуулиуд гадны хөрөнгө оруулалт татах, хөгжих хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиудаас судалгааны их сургууль болох шаардлагыг ойрын хугацаанд хангах боломжтой сургуулиуд МУИС, АШУҮИС байна гэж хэлж болох юм.

Та АШУҮИС-ийн захирлаар томилогдоод удаагүй байгаа боловч нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж байна. АШУҮИС-ийг судалгааны сургууль болгон хөгжүүлэх бодлогыг хэрхэн харж байгаа вэ?

  • “Судалгаа гэдэг нь бусадтай адил үзэж харсан хэдий ч түүний талаар бусдын тунгааж бодоогүйг эргэцүүлэн бодож, учир шалтгааныг олж харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Аливаа юманд судалгаатай анализтай хандах нь зөв болов уу. Бид өнөөдрийг хүртэл хөгжсөн хөгжил, олсон амжилт, алдсан алдаан дээрээ анализ хийж, судлан шинжлэхийг эрмэлзэж байна. Дараах зургаан зүйл дээр анализ хийх гэж оролдож байна. Нэгт, судалгааны их сургууль болох гол цөм бол авьяаслаг, оюунлаг чадавх бүхий багш, судлаачдын баг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийд танигдсан эрдэмтэн профессоруудыг урьж ажиллуулж, улс орны “тархи” оюуны цөм бий болгох явдал юм. Иймд багш оюутны зохистой харьцааг бий болгож, байгаа боловсон хүчнээ чадавхжуулах, цаашлаад АШУҮИС-д ажиллах критерийг өндөрсгөх болно. Мөн оюутнуудынхаа чансааг өндөрсгөж, эмч болох чин эрмэлзэлтэй, эмч болох гэж төрсөн, чадварлаг, хүмүүнлэг, оюунлаг сурагчид өөрийн эрхгүй манай сургуульд элсэн ордог тогтолцоог бий болгоно. Тэд АШУҮИС- ийн  л оюутан болохын тулд шударгаар өрсөлдөж, болсон хойноо бахархдаг байх ёстой. Хоёрт: академик эрх чөлөө бол их дээд сургуулиуд тэр тусмаа судалгааны их сургуулийн оршин тогтнох зайлшгүй нэг нөхцөл. Удирдлагын тогтолцоо нь бие даасан, академик, эрх чөлөөг дээдэлсэн, удирдлагын амин сүнс нь профессоруудын гарт байдаг, гол шийдвэрүүдийг эрдэмтдийн санал бодолд тулгуурлаж гаргадаг, гагцхүү мерит зарчимд тулгуурласан сонгон шалгаруулалт, томилгоо хийдэг болгохын төлөө ажиллана. Сургуулийн хамт олныг хөтлөн авч явж чадах алсын хараатай удирдагч манлайлагчтай байх, амжилтад хүрэх философитой, байнга сурч, өөрчлөгдөж байх орчин уур амьсгалыг бий болгох зэрэг нь чухал ач холбогдолтой болохыг олон улсын жишээ баримт харуулж байна. Гуравт: санхүүжилт маш оновчтой, хүртээмжтэй байх ёстой. Санхүүжилтийг бид дараах байдлаар харж байна. Үүнд, 4 эх үүсвэр байж болох юм. Нэгд: төрийн санхүүжилт нь үндсэн үйл  ажиллагааг явуулах нөхцөлийг бүрэн хангасан байх. Хоёр дахь эх үүсвэр нь төрийн болон хувийн сектороос эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх хөрөнгө, эрдэм шинжилгээний сантай байх. Гурав дахь эх үүсвэр нь эндаумент буюу тусгай зориулалттай хуримтлалын санг бий болгох. Энэ хөрөнгө нь сургууль болон багш нарыг хөгжүүлэхэд чиглэгдсэн фонд үүсгэх зорилгоор ивээн тэтгэгчдийн хандивласан хөрөнгө, тэдгээр хөрөнгийн хүүнээс бүрддэг. Жишээ нь сая бидний очсон Ёнсей их сургууль гэхэд л бүтээн байгуулалтынхаа ихэнх хувийг хандивлагчид болон сургууль төгсөгчдөөсөө  хуримтлуулж чадсан байх жишээтэй. Дөрөв дэх эх үүсвэр бол яах аргагүй оюутны сургалтын төлбөрөөс бүрдэнэ. Эмч бол хариуцлагатай мэргэжил, алдвал хүний амь нас алдагддаг. Иймд бид маш сайн сурах орчныг, ур чадварын төвүүдийг бий болгож байж дараа нь төгсөж гарч байгаа эмчийн чанарын асуудлыг ярих болоод байна.   Нэг манекен гэхэд доор хаяж 150-300 мянган ам.долларын үнэтэй байна. Бидэнд ийм манекен нэг биш зуу зуугаараа хэрэгтэй байна. Ийм сургалтын баазыг бүрдүүлж чадахгүйгээр бид сайн эмч ч бэлдэж чадахгүй, судалгааны сургууль ч болж чадахгүй. Гадны сургуулиуд бидэнд ийм л юмаа үзүүлж гайхуулж байна. Монгол улсын Эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн цөөн тооны чанартай, чадварлаг, мэдлэгтэй, хүнлэг эмч нарыг бэлдэхийг нийгэм угаасаа шаардаж байна. Олон улсын стандарт ч тийм байна. Иймд сургалтын төлбөрийг бид нэмэхээс өөр аргагүй болоод байгаа биз? Үнэхээр авьяаслаг, эмч болох чин эрмэлзэлтэй боловч  төлбөрийн чадамжгүй оюутнуудыг бид судалж байгаад тэтгэлэг олгох болно. Мөн эрдэм шинжилгээний бүтээл, ном, сурах бичгээс олдог орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Судалгааны их сургуулийн нэг чухал үзүүлэлт бол эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн хэмжээ байдаг. Жишээ нь АНУ-ын судалгааны их сургуулиудын  эрдэм шинжилгээний ажлын төрөөс олгож буй санхүүжилт нь 1,1 тэрбум ам.долларт хүрч байна. Гэтэл манайд улсын төсвийн  дөнгөж 0,12 хувийг судалгаа, эрдэм шинжилгээнд зарцуулж байна. Дөрөвт: Судалгаа сургалтын уялдаа холбоог сайжруулах, нягтруулах. Энэ бол судалгааны их сургуулийн гол зорилго.  Бид “Эрдмийн сургууль” энэ хичээлийн жилд байгуулаад ажиллаж байна. Ялангуяа магистр, докторын буюу ахисан төвшний сургалтыг эрдэм судлалын ажилтай нягт уялдаатай явуулдаг болгох. Эрдэм шинжилгээний ажилд төгсөх курсийн оюутнууд, магистр, докторуудыг заавал оролцуулдаг болгож, оролцоогоор хангадаг байх, заавал англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хоёроос доошгүйг “Pier review” бүхий сэтгүүл, докторуудыг импакт фактор өндөртэй сэтгүүл дээр бүтээлээ гаргадаг байх шаардлагыг эрчимжүүлнэ. Ийм тохиолдолд манай сургууль дээр хамгаалах хүний тоо цөөрнө гэж зарим нь ярьдаг л юм. Тэгвэл Монгол улс чанартай эрдэмтдийг гаргах үүрэгтэй болж байгаа тохиолдолд бусад хувийн хэвшлийн сургуулиудад ч ийм шаардлага тавигдана. Үүн дээр л төрийн бодлого байх ёстой.  Монголын эрдэмтэд дэлхийн эрдэмтэд байх ёстой. Тийм цаг ирсэн. Тавд: Шинжлэх ухааны хэл дэлхий дахины хөгжлийн үе шат бүрд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Дэлхий дахинаа их сургуулиуд нэг хэлээр ярих чиг хандлага бий  болж байгаа өнөө үед бид сургуулийнхаа шинжлэх ухааны хэлийг англи хэл болгож, англи хэл дээр бүтээлээ туурвиж, олон улсын тусгай шүүлттэй сэтгүүлүүдэд нийтлэх нь судалгааны их сургууль болохыг зорьж байгаа манай сургуулийн нэг үндсэн ажил болох учиртай. Зургаад: Дэлхийн төвшний судалгааны их сургуулийн соёл, уур амьсгалыг бид сургууль дээрээ бүрдүүлж дэлхийн хэмжээний аль ч судалгааны их сургуулиудтай нэг хэл дээр төвөггүй ярьдаг, ижил төстэй орчин, уур амьсгал, соёлтой их сургууль байх ёстой. Ийм сургуулийг бүрдүүлэхэд багш нарын зүгээс ихээхэн хүчин чармайлт гарах ёстой. Сургуулийн зүгээс судалгааны ажил явуулах нөхцөлийг бүрэн хангах, түүний дүнг тооцох, гадаадад сурч эрдмийн зэрэг цол авсан, гадаадад нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байгаа монгол залуучуудаа сургуульдаа урьж ажиллуулах, тэдний эх оронч үзлийг дэврээх, эрдмийн ажлын туршлагатай ахмад эрдэмтэн, профессоруудыг тэтгэврийн нас үл харгалзан, тэдний эрүүл мэнд, өөрсдийнх нь хүслийг харгалзан их сургуульдаа сургалт, судалгааны ажил эрхлэх боломжоор хангах, гадаадын эрдэмтэн багшийн тоог нэмэгдүүлэх, зөвхөн тухайн хүний авьяас чадвар, туршлага, мэдлэгийг үндэслэн ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх мерит, тенур зарчмыг баримтлах, авлига, аливаа дарамт шахалтаас ангид байж, шударга өрсөлдөөн, оюун ухааны уралдааныг хөхүүлэн дэмждэг орчин, соёлыг бий болгох үүрэгтэй. Эрдэмтэн, профессоруудын хариуцлагыг өндөрсгөж, нэр хүндийг өсгөх,  жинхэнэ шинэлэг бүтээл туурвих үүргийг профессор багш нар хүлээдэг байх ёстой.

Судалгааны их сургууль болоход төрийн дэмжлэг асар их хэрэгтэй юм байна, хууль эрхзүйн орчин нь ямар байгаа юм бол?

  • УИХ-ын 12 дугаар тогтоолын Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, 2015 оны УИХ-ын 12 дугаар тогтоолын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, 2016 оны УИХ-ын 19 дугаар тогтоолын Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолын Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, 2018 оны Засгийн газрын 282 дугаар тогтоолын Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гээд олон баримт бичгүүд гарсан. Үндэсний инновацын шагналыг анх удаагаа бий болгоод байна. Дээд боловсролын тогтолцоонд судалгааны их сургуулийн статусыг хуульчлан нэмж оруулах нь зөв болов уу гэж бодож байна. Боловсролын тухай хуулинд дээд боловсролын тогтолцоог их сургууль, дээд сургууль, коллеж гэж ангилсан байдгаас судалгааны их сургууль гэсэн онцгой статус байхгүй. Судалгааны их сургуулийн бусад орны туршлагаас харахад дээд боловсролын тогтолцооны оргилд нь байж өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг төрөөс авдаг юм билээ. Нэгэнт бодлого нь гарсан юм чинь учиртай гэж бодож байна. Бид сургуулийнхаа нийгэм, соёлын хүрээ, гадаад, дотоод орчиндоо дүгнэлт хийдэг болох шаардлагатай. Жишээ нь ямар мэргэжлийн эрэлт хэрэгцээ байгаа, ямар хууль тогтоомжууд үйлчилж, магадлан итгэмжлэх болон мэргэжлийн холбоод байгаа  гэх мэт… Дотоод орчны нөлөөнд манай сургуулийн зайлшгүй мөрдөх журам, бодлого орно. Сургуулийн маань эрхэм зорилгод нийцэж байгаа эсэх нь маш чухал. Бид одоо сургуулийнхаа дүрэм, журам дээр ажиллаж байна.

ФОТО: Боломжгүй зүйл гэж байхгүйг харуулсан “Трансжендер“хүмүүсийн өөрчлөлт

Өмнөх нийтлэл

“Next top model” шоуны оролцогчдод тохиолдсон эмгэнэлтэй явдал

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм