Монгол Улсын Соёлын элч, Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилууллаа.
Тоглолтын үеэр “The HU” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгалаа толилуулж, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлан таниулжээ. ЮНЕСКО-гоос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжлөгдсөн “The HU” хамтлагийн энэхүү тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл, соёлын олон талт байдлыг дэмжсэн онцлох үйл явдал боллоо гэж Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.