Өс хонзонгийн хар сүүдэр дундаас соёолсон ариун хайр, үхлийн өмнө ч бөхийлгүй тэмцсэн хоёр зүрхний эмгэнэлт түүх. Уильям Шекспирийн мөнхийн бүтээл “Ромео, Жульетта хоёр” энэ удаа үгсийн шидээр бус, биеийн хөдөлгөөн, хөгжмийн эгшиг, харцны баяр, гунигаар үзэгчдийн сэтгэлд дахин амилах нь ээ.
Хайр гэдэг заримдаа амьдралд ирэх хамгийн үзэсгэлэнтэй бэлэг басхүү хагацлын хамгийн хүнд сорилт байдаг. Хайртай хүнийхээ төлөө ертөнцийн эсрэг зогсож, хувь заяаны өмнө сөхрөхгүй тэмцсэн залуу хосын түүх хэдэн зууны турш хүн төрөлхтний зүрх сэтгэлийг догдлуулсаар ирсэн билээ. Харин энэ удаа тэдний хайр, хагацал, итгэл найдвар, эмгэнэл сонгодог балетын хэлээр тайзнаа дэлгэгдэх гэж байна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон “Их эзэн хааны театр”-ын хамтын бүтээл, алдарт хөгжмийн зохиолч Сергей Прокофьевын хөгжим, алдарт Уильям Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн “Romeo & Juliet” сонгодог балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох гэж байна.

Үггүйгээр өгүүлэх нь
Балетын сургуулилтын танхимд сонгодог хөгжим намуухан эгшиглэж, гол дүрийн гоцлол бүжигчдийн хөдөлгөөн бүр утга учир, мэдрэмжээр дүүрнэ. Тайзны гэрэлд хараахан умбаагүй ч дүрүүдийн дотоод ертөнц энд хэдийн амилжээ. Хайр, атаа жөтөө, өс хонзон, хагацал, үхэл гээд хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнд нуугдах мэдрэмжүүдийг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлэх нь балетын урлагийн гайхамшиг гэлтэй.
Сургуулилтын нэгэн агшинд Жульетта сэрнэ. Хайртай залуугаа үхсэн байхыг хараад түүний ертөнцийн гэрэл бөхөх мэт. Амьдралынх нь утга учир болсон Ромеог тэврэн уйлахдаа тэрээр хагацлын гашуун үнэнтэй эвлэрч чадахгүй, эцэст нь хайртынхаа араас үхэхээр шийдэн өөрийгөө егүүтгэсэн ч сүүлчийн хүчээ шавхан түүн рүү гараа сунгана. Тэрхүү сунгасан гар, цөхрөнгүй харц, биеийн сүүлчийн хөдөлгөөнд нь үгээр илэрхийлэхийн аргагүй их хайр, хагацал шингэнэ.
Нэгэн агшин. Хэдхэн хөдөлгөөн. Гэвч тэр бүхний цаана хүний амьдрал, үхэл, сонголт, хагацлын тухай асар том ертөнц орших аж.
Найруулагч Д.Дашлхагва Жульеттагийн энэхүү эмгэнэлт мөчийг жүжигчдэд тайлбарлахдаа үхэлтэй нүүр тулах, хайртынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэх дотоод сэтгэлийг биеийн хөдөлгөөнөөр хэрхэн илэрхийлэхийг онцлон ярив.
Тэрбээр Буддын шашинд ч үхэлтэй нүүр тулахын өмнө хүн өөрийгөө бэлдэх тухай сургадаг хэмээн тайлбарлаад, Жульеттагийн дүрд тоглож буй гоцлол бүжигчдэд Ромеог тэвэрсэн чигтээ сүүлчийн амьсгалаа гаргах хүртлээ сэтгэлийн бүх хүчээ дайчлан, яг л уулын орой дээр ганцаараа мэт маш чангаар орилж дуусаад духаараа харах хөдөлгөөнөөр үхлийг өөрөө сонгож буйгаа үггүйгээр илэрхийлэхийг зааж байлаа.
Ийнхүү найруулагчийн үг, бүжигчний хөдөлгөөн хоёр нэгдэж, тайзан дээрх хэдхэн хором үзэгчдийн сэтгэлд удаан хадгалагдах эмгэнэлт мөч болон хувирна.
Балетын сургуулилт үргэлжилсээр…
Хөгжмийн эгшигт амилсан эмгэнэлт хувь тавилан
Сергей Прокофьевын “Ромео, Жульетта” балетын хөгжим нь дүрүүдийн сэтгэл хөдлөл, үйл явдлын өрнөл, хайр ба үзэн ядалтын зөрчлийг хүчирхэг аялгуугаар илэрхийлдэг. Зарим эгшигт залуу насны гэгээн хүсэл мөрөөдөл цалгина. Заримд нь аюул занал, тэмцэл, уур хилэн мэдрэгдэнэ. Харин хагацлын мөчид хөгжим хүртэл зүрхний цохилт мэт эмзэглэн, үзэгчдийг дүрүүдийн дотоод ертөнцөд хөтөлнө.
Бүжигчин бүрийн хөдөлгөөн хөгжмийн нэгэн эгшигтэй сүлэлдэж, дүрийнхээ сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. Тайзан дээрх ганцхан харц, гарын үл ялиг хөдөлгөөн, биеийн эргэлт хүртэл хайртай хүнийхээ төлөөх тэмцэл, хэлж амжаагүй үгс, хагацлын шаналлыг илэрхийлнэ. Энэ бол балетын урлагийн онцгой чанар. Үзэгчид дүрүүдийн яриаг сонсохгүй ч тэдний зүрх сэтгэлийн дуу хоолойг мэдэрнэ. Үггүй атлаа бүхнийг өгүүлэх тэрхүү ертөнцөд хөгжим, уран яруу хөдөлгөөн хоёр хүний сэтгэлд хүрэх нэгэн хэл болон нэгддэг.

Шинэ бүрэлдэхүүн, шинэ мэдрэмж
2019 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх амилсан энэхүү бүтээл шинэ гоцлоочидтойгоор үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Найруулагч Д.Дашлхагва уран бүтээлчдийнхээ тухай ярихдаа хайрлахын үнэ цэнийг онцолж, хүн энэ хорвоод яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биеэ хайрлаж амьдрах учиртай хэмээн үздэгээ илэрхийлсэн юм.
Түүний хувьд хайр бол тайзан дээр дүрслэн харуулах төдий мэдрэмж биш. Харин хүний оршихуйн утга учир, бусдыг ойлгох, энэрэх, өөрийгөө зориулж чадах сэтгэлийн тухай ойлголт ажээ. Тиймээс ч “Ромео, Жульетта” балетын гол цөм болсон хайрыг үзэгчдэд бодитоор мэдрүүлэх нь уран бүтээлчдийн өмнө буй чухал зорилго юм.


Энэ удаагийн тоглолтод Ромеогийн дүрд балетын гоцлооч Д.Нацагдорж, Б.Дөлгөөн нар, Жульеттагийн дүрд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Б.Марал, Г.Нямцэрэн нар тоглоно. Нэгэн дүрийг өөр өөрийн мэдрэмж, хөдөлгөөн, дотоод ертөнцөөр амилуулах уран бүтээлчид үзэгчдэд хайрын түүхийг өөр өөрийн өнгө аясаар хүргэх юм.
Тоглолтын уран бүтээлийн багт ерөнхий найруулагч Д.Дашлхагва, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, дасгалжуулагч багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батчимэг нар ажиллаж байна.
Мөн Тибальтын дүрд О.Идэрбат, Маркуциогийн дүрд Ц.Мөнгөншагай, Бенволиогийн дүрд О.Хатанбаатар, Өрлөг эхийн дүрд Э.Ууганцэцэг, Парисын дүрд Б.Ананд, Лоренц ламтны дүрд Х.Чойжилсүрэн нар тоглох аж.
Түүнчлэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид болон Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн тэнхимийн төгсөх ангийн оюутнууд энэхүү бүтээлд оролцоно.

Хайр хэзээ ч хуучирдаггүй
Ромео, Жульетта хоёрын түүх төгсгөлдөө эмгэнэлтэй ч тэдний хайр үхлээр хэмжигдэж, үхлээр дуусдаггүй. Харин ч тэдний хувь тавилан бусдад хайрлахын үнэ цэнэ, үзэн ядалтын хор уршиг, уучлалын утга учрыг ойлгуулдаг.
Цаг хугацаа улиран одож, нийгэм өөрчлөгдөж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг шинэчлэгдсэн ч хайртай хүнээ алдахаас айх айдас, хайртай хүнийхээ төлөө тэмцэх хүсэл, хагацлын өмнө мэдрэх шаналал өөрчлөгддөггүй. Тийм ч учраас Шекспирийн энэхүү бүтээл үе үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд хүрч, шинэ тайз, шинэ дүр, шинэ мэдрэмжээр дахин дахин амилсаар байгаа.
Арваннэгдүгээр сарын 6, 8-нд Соёлын төв өргөөний тайзнаа дэлгэгдэх “Romeo & Juliet” балет бол зөвхөн сонгодог зохиолын тайзны хувилбар биш. Энэ бол хайрлахын утга учир, үзэн ядалтын хор уршиг, амьдралын эмзэг нандин чанарын тухай эргэцүүлэл юм.
Магадгүй хөшиг хаагдаж, хөгжмийн сүүлчийн эгшиг замхрахад ч үзэгчдийн сэтгэлд нэгэн асуулт үлдэх биз ээ. Хэрэв бид хайртай хүмүүсээ илүү их хайрлаж, бие биеэ арай илүү ойлгож чаддагсан бол энэ хорвоод хэчнээн эмгэнэлт төгсгөлөөс зайлсхийж болох байсан бол?
Хайр цэцэглэж, өс хонзон мөхөж, ухаарал төрөх тэрхүү мөнхийн түүхийг балетын тайзнаас дахин мэдрэхэд бэлэн үү?
Зарим түүхийг уншиж ойлгодог. Заримыг нь сонсож мэдэрдэг. Харин “Ромео, Жульетта хоёр”-ын түүхийг зүрхээрээ мэдрэх учиртай юм билээ.

