улс төр

Д.Сарангэрэл хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан хүнийг ЭМЯ-ы Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

0

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 8 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээлнэ. Мөн АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээллээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх товч мэдээлэл

Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл харсан шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслах зогсоох чиглэлээр бодит ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Тухайлбал,

– АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

– Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын  хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлыг хийж байна.

– Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.

– Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “…Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна.

Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна. Цаашид буюу ирэх 9 дүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэн чухал бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлд иргэний хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулахад тодорхой үр дүнтэй ажилласан. Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой товч мэдээлэл

• Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 837 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

• Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

• 2018 оны 8 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 33 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

• Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал:

o “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нь өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авахдаа хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус компанийн ТУЗ-ийнн тогтоолоор сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

o Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, түүнтэй холбоотой шийдвэр гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаж дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэр гаргуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөрдөн шалгах ажлын чиглэлээрх товч мэдээлэл

• Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хянан үзэж 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 12 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.3 хувьтай байна.

• Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 199 хэргээр буюу 2,4 дахин өссөн байна. /2017 оны 8 дугаар сард 141 хэрэг байв/. Үүнээс

 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт,

 27 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт,

 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж,

 1 хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 Одоо 334 эрүүгийн хэргийг шалгаж байна. Үүний 291 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 43 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 13.8 хувийг шийдвэрлэсэн.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

• Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлд

• Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд

• Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан,  хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд

• “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх  замаар  удаа дараагийн  үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

• Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдаас оруулсан орлогоос  тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэгдэж, хураагдсан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн гэх үйлдэлд

• Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газарт  нэр бүхий иргэдэд  нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж урьдчилан амлан албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд

• “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

• УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан  гэх хэргийг

• “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг

• Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэргийг

• Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлээд байна.

Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зарим хэргийн товч мэдээлэл: 

• Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн “Бэрэн групп” ХХК-иас  972.448.955 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

• Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр “River garden” цогцолбор хотхоноос 1.141.800.000 төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  цагаатгаж шийдвэрлэсэн.

2018.08.27.

Авилгатай Тэмцэх Газар

“Ip Man“ киногоор бидэнд танил болсон ХонгКонгын жүжигчин Донней Еэн

Өмнөх нийтлэл

Эгч дүүсын хамт “Царайны бяд“ сайтай хэмээн дүгнэгдсэн “Ub comedy“-гийн Б.Батбилэг гэр бүлийн хамт /Фото/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр