нийгэм

Б.Мөнхсэлэнгэ:Бага хүүг дөрвөн настай байхад манай нөхөр надаас салж би үг дуугүй л хувцсаа аваад явсан.Тухайн үед.

0

Олон нийтийн сүлжээнд танхай эмээ гэдгээрээ алдартай Мөнхсэлэнгэтэй ярилцсан ярилцлагаас хүргэж байна.

-Та юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулж болох уу. Хаана төрсөн, ямар сургууль төгссөн гээд хувь хүнийхээ талаар…

-Би 1971 оны есдүгээр сарын 28-нд төрсөн, одоо 49 настай. 1995 онд Анагаахын сургууль төгссөн. Герман улсад амьдардаг.

-Германд хэзээ очсон бэ?

-Германд 1998 оны гуравдугаар сарын эхээр ирсэн. Энд ирээд 23 жил амьдарч байна.

-Суралцах зорилгоор Герман явсан уу?

-Анх оюутны бичиг баримтаар, гэр бүлтэйгээ хамт ирсэн. Гэвч гол зорилго нь мөнгө цуглуулах байсан, юуг нь нуухав…

-Та хувийн амьдралынхаа талаар ярьж болох уу. Зарим лайв дээрээ та энэ тухай ярьж байсан. Гэхдээ олон нийтийн сүлжээнд олон дагагчтай болсон ч таны талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа хүмүүс байж болох юм…

-Би албан ёсоор гурван удаа гэрлэж байсан. Гэхдээ амьдрал зохиосон нь хоёр гэж хэлж болно. Анх 20 настайдаа хүнтэй сууж, нөхөртэйгөө хамт Германд ирсэн. Бид нэг хүүхэдтэй болсон. Дараа нь Германд визний асуудлаас болоод “Бичигний нөхөр”-т мөнгө өгч, гэрлэлтээ батлуулсан. Сүүлд хайр сэтгэлээр нэгэн Герман залуутай ханилж, гурван хүүхэдтэй болсон.

-Одоо таны хүүхдүүд Германд байдаг уу?

-Миний бүх хүүхдүүд Германд байгаа.

-Таны талаар бичсэн нэгэн эмэгтэйн сэтгэгдлийг харсан. Та харин өөрийн тань залуу нас, туулсан амьдралын талаар бичсэн тэр постыг харсан уу. Үнэнд нийцсэн мэдээлэл мөн байсан уу?

-Би өнгөрсөн арванхоёрдугаар сараас олон нийтэд хандан лайв хийж, энэ маань олон хүнд хүрч эхэлсэн. Тэрнээс өмнө би бүтэн нэг жил сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зорилгоор лайв хийдэг байсан ч тэгтлээ их хандалт авч байгаагүй. Зул сарын баярын өдөр лайв хийхэд миний үс бага зэргийн сэгсгэр байсан юм. Тухайн үед би илүү чөлөөтэй байхыг хүссэн. Гэхдээ хараал хэлж, хүмүүсийг загнаж, зандраагүй. Зул сарын баярын талаар л ярилцсан юм. Гэтэл унтаад сэрснийхээ дараа би өөрөө ч цочирдсон. Маш их хүн над руу дайрсан, харааж зүхсэн зурвас илгээсэн байсан. Энэ бүхний дараа нэг эмэгтэй миний тухай пост бичсэн юм билээ. Дураараа хүний амьдрал руу орж ирдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Тэр эмэгтэйн бичсэн зүйлд гэхдээ одоо намайг өвчтэй байгаа мэтээр ойлгуулсан байсан.

-Тэгвэл үнэн мөнийг таниас өөрөөс чинь сонсмоор байна. Таныг жишээ нь нэг хэсэг хүмүүс маш чөлөөтэй, эрх чөлөөтэй, өвөрмөц үзэл бодолтой эмэгтэй гэж харж байна. Харин нөгөө хэсэг нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай тулгарсан юм болов уу гэж асуудаг. Та яг энэ асуултад тодорхой хариулт өгч болох уу…

-Би анх Германд ирснийхээ дараа энд үлдэнэ гэдэгтээ итгэлгүй байсан. Хуурамчаар хүнтэй суусан нь надад маш их сэтгэлийн дарамт болсон. Дээр нь нэмээд маш олон асуудал ар араасаа тулгарсан. Үүнээс болоод би депресст орсон. Депрессээс гарахын тулд эх орондоо очиж, гурван жил амьдарсан. Гэтэл бас л болоогүй… Ингээд буцаад Германд очиж, гурван хүүхдийнхээ аавтай танилцсан. Гэтэл депресс 2006 оноос дахиад маш хурцаар илэрсэн. Герман гэр бүлд орж амьдрах нь миний хувьд том асуудал байсан. Ерөнхийдөө ингэж явсаар 17, 18 жилийн турш депресс гэдэг өвчинтэй холбогдож байна. Би тэвчээд л яваад байсан… Гэтэл энэ өвчин нэг л өдөр хүчтэй илэрдэг. Эмнэлэгт хэвтдэг ч эм тариаг нь уудаггүй. Үүнийг мэдэх хүн нь мэднэ. Миний энэ зүдэрч туулсан өвчин бол сэтгэцийн өөрчлөлт биш. Манайх сэтгэц, сэтгэл зүй хоёрын асуудлыг хольж ойлгоод байдаг. Германд бол сэтгэц, сэтгэл зүйг тусад нь авч үздэг. Би энэ өвчний эмгэгтэй байдлаас өөрөө босч ирсэн. Эмнэлгийн хажуугаар явахаар миний дотор эвгүй болдог. Тэнд олон хүн зовж байгаа гэж бодохоор их хэцүү. Депресст өртсөн хүмүүст маш их хайр хэрэгтэй. Би Германы сэтгэлзүйчдэд итгэдэггүй. Харин Монголд байхдаа хоёр гурван удаа зөвлөгөө авч байсан. Гэвч Герман руу буцах шаардлага тулгарсан ураас олон удаа тэр сэтгэлзүйчид хандаж чадаагүй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Та Германд ямар ажил хийж байсан бэ?

-Би 17 настай байхдаа үйлдвэрийн осолд орж, гурван хуруугаа тайруулсан тул үйлчилгээний нарийн ажил хийх боломжгүй болсон. Гол төлөв цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Германд ирээд зочид буудалд цэвэрлэгээ хийсэн. Ингээд Германд амьдрах бичиг баримттай болсныхоо дараа асаргааны ажил хийсэн. Гэвч асаргааны ажил хийх нь надад тохирохгүй, байдлыг улам хүндрүүлж байсан. Би эрүүл байх бүхий л хугацаандаа ажил хийхийг илүүд үздэг байсан.

Мөн сошиалаар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг байсан. Хүн зөвхөн ном уншаад мундаг сэтгэлзүйч болдоггүй. Олон сэтгэлзүйчтэй харьцах явцдаа би үүнийг олж харсан. Тэд зөвхөн номоо л ярьдаг. Би эмч мэргэжилтэй, дээр нь өөрийн биеэр сэтгэлзүйн хүнд асуудал туулсан хүний хувьд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадна. Сэтгэлзүйч хүний жилийн хугацаанд хийх ажлыг би хэдхэн минутын дотор хэлж ойлгуулдаг.

-Таньд хандаж сэтгэлзүйн зөвлөгөө авдаг хүн одоо байгаа юу?

-Ганц, хоёр бий. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд монголчуудад юм хүргэхийн төлөө лайв хийдэг байсан. Хоногийн 24 цагийн хугацаанд дөрвөн цаг унтаад бусад үеийг өөрийнхөө зорилгод зарцуулж байсан. Одоо бол үнэгүй юм гэж байхгүй. “Чанар дагаж үнэ” гэдэг учраас би өөрийгөө үнэлж байгаа. Миний зөвлөгөөг авсан хүн маш хурдан сэргэдэг.

-Та одоо ямар орлого олж, амьжиргаагаа залгуулж байна вэ?

-Би Герман улсын иргэн биш. Гэхдээ герман иргэнийхтэй адил эрхийг эдэлдэг. Надад байр, хоолны мөнгө өгнө. Гэвч тэр тэтгэмж нь яг үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Миний дөрвөн хүүхэд ирнэ, хоол ундыг нь бэлэн байлгах ёстой….

-Эх хүний хувьд та хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг хүсдэг нь мэдээж байх?

-Бага хүүгээ дөрвөн настай байхад манай нөхөр надаас салсан. Аргагүй дээ, гурван нялх хүүхэдтэй, өвчтэй эхнэртэй амьдрахад хэцүү. Тэр хүн дагавар охиндоо ч төрсөн аав шиг нь ханддаг. Манай нөхөр өөрөө надаас салах шийдвэр гаргасан байсан. Би эмнэлгээс гарсан өдрөө үг дуугүй л хувцсаа аваад явсан. Тухайн үед хорсож сүйд болоогүй. Эдгэрч, эрүүл болох нь эхлээд чухал байсан. Энэ нь уучлал болно гэж харсан.

-Монголдоо хүүхдүүдийнхээ хамт ирэх юмсан гэж боддог уу. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарт төрсөн. Манай ээж, аав Дорнод, Говь-Алтайн хүмүүс. Мэдээж эх нутагтаа очих юмсан гэж их боддог. Гэвч үндсэн амьдрал маань энд байна. Хүүхдүүд маань бас нас биед хүрээгүй байна. Өнгөрсөн 2015-2018 оны хооронд би Монголд амьдарч үзсэн. Гэвч Монголд зальтай, замбараагүй байдал газар авсан юм билээ. Энд бол миний эд зүйл байгаагаараа байж л байдаг. Гэтэл тэнд “Эгч ээ, эгч ээ” гэж байгаад л намайг залилдаг….

-Сүүлийн үед таны лайвыг үзсэн хүмүүс танд урам, дэмжлэг өгөх нь нэмэгдэж байгаа харагддаг. Энэ бүх амьд харилцаа танд ямар мэдрэмж өгч байна вэ?

-Яг үнэндээ магтаал, хараалын аль нь ч надад нөлөөлөхгүй. Намайг магтаж байгаа хүмүүст би баярлана. Гэхдээ намайг өвчтэй мэтээр хандаж, “Эрүүл болоорой” гэж хэлдэг хүмүүсийн үгийг би хүлээж авахгүй. Би мэдрэл муутай хүн биш. Мэдрэл муутайн замаа туулаад дууссан хүн юм.

-Та лайв хийхдээ хэтэрхий өөрөөрөө байгаа нь шүүмжлэл дагуулдаг юм болов уу? Жишээ нь, та лайв дундуур тамхи татдаг?

-Би архи, тамхи хэрэглэхийг сурталчилдаггүй. Хэзээ нэгэн цагт тамхинаас гарах байх. Гэхдээ одоо бол биш. Хувь хүн тамхи татсан бол ишийг нь хогийн саванд хаядаг байх ёстой. Би архи, дарс уулаа гээд хэнд ч саад болдоггүй. Хажуу айлдаа түвэг уддаггүй. Миний лайвыг бага насны хүүхдүүд үзэж байгаа бол тэр томчуудын буруу. Би +18 гэж нас заасан байхад бүгд орж ирэх хэрэггүй. Хүүхдийнхээ юу хийж, юу үзэж байгааг томчууд хянах ёстой.

-Таны лайв хийх болсныг хүүхдүүд тань, гэр бүлийн гишүүд тань хэрхэн хүлээж авдаг бэ?

-Манай хүүхдүүд намайг дэмждэг. Би лайв хийсэн талаараа ярина, уйлна, дуулна. Миний хүүхдүүд бүх цаг үед ээжийнхээ талд байдаг. Гэхдээ тэд “Бичлэгтээ биднийг битгий гаргаарай” гэдэг. Манай том охин ч монгол хэл мэддэггүй. Тэгэхээр намайг лайв хийхдээ юу ярьж байгааг тэд маань нарийн мэдэхгүй. Харамсалтай нь, миний илэн далангүй лайваас болоод Монголд байгаа ээжид минь маш их сүрдүүлэг ирдэг болсон гэсэн. Миний лайвыг хараад хүмүүс тэр бүр эвлэрдэггүй үнэн төрхөө мэдэж аваасай, хорвоогийн хатуу үнэнийг таниасай гэж би хүсдэг. Тийм учраас нь элдэв баггүй, чөлөөтэй ярьдаг. Чөлөөтэй байх нь зөв гэж боддог. Таалагдахгүй бол үзэхгүй л байхад болно шүү дээ. Энэ нь таны эрх…

-Ярилцсанд баярлалаа, танд

-Баярлалаа. Би бас өөрийнхөө талаар та бүхэнтэй ярилцлах сонирхолтой байлаа.

Танд хэрвээ энэхүү ярилцлага таалагдсан бол цааш нь хуваалцаарай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмадууддаа цагаан сарын бэлэг барилаа.

Өмнөх нийтлэл

САЙХАН МЭДЭЭ:Соёлын сайд Ч.Номин “Богд зонхова”-гийн төсвөөр тэтгэвэр нэмэхээр болжээ.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм