шар мэдэээнтертаймент

МУГЖ Г. Золбоот: Эр эм байтугай эрүү толгой хоёр салдаг хойно доо

1

Энгийн сайхан аав, эр цэргийн дарга, элгээ хөштөл инээмээр үйлдэл, компанийн босс зэрэг дүрийг чадварлагаар бүтээсэн эрхэм бол Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Золбоот. Түүнийг олон хүн дээрх цолыг хүртэх ёстой хэмээн олон жилийн өмнөөс ярьсан. Тэрхүү хүслийг 2017 онд биелүүлж МУГЖ цолыг хүртээсэн билээ.

Жүжигчин эрийг гурван хүүхдийн аав, эхнэртээ туйлын үнэнч гэгдэж байсан ч гоонь эр болсон талаар хэдэн жилийн өмнө хэвлэлээр нэг бичиж байсныг санаж буй биз. Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр гэргий нь хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсоор багагүй хугацааг үдсэн. Эх орондоо хүүгийн хамт амьдарч, уран бүтээлээ тууштай туурвиж яваа гавьяат шинэ хайртай учирч хэнз үрийн зулай үнэрлэсэн гэдэг.

Ингээд түүний 2017 онд mnb.mn сайтад өгсөн ярилцлагыг эргэн сануулж хүргэж байна.

-Таны тоглосон Манан зүсэгч уран сайхны киноны залуучуудтай хамтарч ажиллахад ямар санагдав. Үүнээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Залуучуудтай хамтрах сайхан л даа. Дээрх залуучууд ёстой л атгасан шагай шиг нэгдсэн байна билээ. Надад туслах дүрд тоглоно уу гэсэн санал ирүүлсэн. Би ч тэднийг дэмжих зорилгоор хүлээж авсан. Сайхан бүтээл болсон шүү. Би энэ кинонд Жаргалын дүрд тоглосон байгаа. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шиг санаа муутай боссын дүрж ажилласан. Зураг авалтын үед Миний үеийнхэн залуучуудынхаа хурдыг гүйцэхээ байж байгаа юм байна гэж бодогдсон. Тэд хүйтнийг хүйтэн, халууныг халуун гэхгүй. Мөс, хаднаас ч айхгүй яасан ч их эрч хүчтэй юм, бурхан минь. Заримдаа би ядрахдаа Ах нь ядраад байна аа. Хэсэг байж байгаад очьё гээд учираа хэлнэ.

-Таныг дахин нэг кинонд тоглох гэж байгааг дуулсан. Нууц биш бол бидэнд сонирхуулна уу?

-Fantastic продакшны найруулагч Б.Тамир намайг Зүрхний хилэн”нэртэй кинонд тоглуулахаар урьсан байгаа. Зураг авалт Булган аймагт хийгдэнэ. Бид өнөө шөнө (өчигдөр) замдаа гарахаар авч явах зүйлээ бэлтгээд байна. Зураг ерөнхийдөө отрын маягтайгаар дөрвөн улирал дамнаж хийгдэнэ. Агуулга нь 1800 оны дунд үед Монголчууд манжийн дарлалд байсан үеийг харуулах юм. Тэр үед шилийн сайн эрчүүд ард түмэндээ хэрхэн тусалж байсныг би Дүүгээр хэмээх Лодойгийн дүрээр илтгэнэ.  

-Сахалаа ургуулаад байсны учир энэ байж ээ?

-Тийм. Б.Тамир намайг сахалаа ургуул, үсээ авхуул гэж үүрэгдсэн. Гэхдээ зүгээр ч нэг авхуулаагүй. Дээрх дүрд тоглохдоо би шорон оронд орж, есөн эрүү давж буйгаар тоглох юм. Тэгэхээр миний үсийг гоо сайхан алдагдтал хяргах юм. Ер нь жүжигчин бидний сахал үс өөрийн биш үзэгч, найруулагчийн л өмч байдаг. Хөмсгөө хус гэвэл хусна, жингээ хас гэвэл хасна.

-Тахиа жилийн босгон дээр та Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолыг ард түмэнтэйгээ хамт баярлан тосч, хүртлээ. Үүнийг олон хүн мөн ч их хүлээсэн дээ?

-Намайг үргэлж дэмжиж, урам өгч байсан аав ээж, ах дүү, хамаатан садан, багш, ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Одоо ч сэтгэлдээ хэлж сууна. Би урлагийн тогоонд чанагдаад 32 дахь хавартай золгож байна. Таньдаг нэгээс танихгүй нь хүртэл намайг Гавьяат жүжигчин цол хүртэх ёстой гэж олон хэлж байсныг нь бодоход миний тоглосон тайз, дэлгэцийн бүтээл таалагдаж байж ээ. Би өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд энэ цолоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардсан. Гэхдээ намайг гавьяат болох гэж байна гэсэн шуугиан 21-ээс эхэлж дэгдсэн. Залгаад цагаан сар болоход мөн л яригдсан. Орж, гарсан хүмүүс ч баяр хүргээд л. Харин одоо л арай амар жимэр болж байна. Хүний хөлд дарагдахаар их ядардаг юм байна шүү. Байн байн утас дугараад баяр хүргээд байхаар нь лавлахын утас барьчихсан ч юм шиг санагдав.  

-Цол дагаж бяр нэмэгдэнэ гэж бөхчүүд ярьдаг. Энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн танд Одоо тийм дүр бүтээх юмсан гэж бодогдож байна уу. Тэгээд ч уран бүтээлч та нар хийж бүтээхийн их шуналтай байдаг гэдэг …

-2016 оны сүүлч, 2017 оны босго миний амьдралд тохиосон хамгийн сайхан мөчийн нэгийг авч ирлээ. Энэ дашрамд найруулагч Б.Тамир дүүдээ талархаж байна. Шинэ он дөнгөж гарч байхад намайг кинондоо урьж, сайн эрийн дүрд тоглуулах болсонд баярлаж сууна. Бүстэй хүний хувьд шилийн сайн эр гэдэг бахархууштай юм. Шинэ цолоо тийм сайхан хийморлиг эрийн дүрээр мялаах гэж байгаадаа билэгшээж байна.

-Та дээр Урлагт 32 жил зүтгэж хэмээн хэллээ. Энэ хугацаанд хэчнээн бүтээлд тоглосон байна вэ?

-Өмнө нь би бүтээлийнхээ жагсаалтыг гаргадаггүй байлаа. Саяхан багцаагаар тоолоод үзсэн чинь уран сайхны 80-аад кино, Монголын ардын армийн драмын театрт ажиллаж байхдаа 20 гаруй драмын жүжигийн гол ба туслах дүрд, Шилдэг өнгө продакшны 50 орчим хошин шоу тоглолтод, телевизийн зохиомж, теле жүжигт ч нэлээн тогложээ. Сонгодог жүжигт ч хэд хэд тоглосон байх юм.

-30 гаруй жил уран бүтээл хөөсөн таны хажууд хэдхэн жил тайзан дээр гарсан дуучин гавьяатын тэмдгээр энгэрээ гоёод явж байх юм. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Би үүнд хариулт өгөхөд хэцүү. Гэхдээ энэ нэр хүндтэй зүйлийг үнэгүйдүүлэх нь буруу. Зарим хүнд наанатай, цаанатай юм байдаг л байлгүй. Ямартай ч олон нийтэд үнэлэгдэж хүртэх л сайхан байдаг юм байна.

-Магадгүй та миний тавих гэж байгаа асуултыг олон хүнээс сонссон байх. Таны дүр хошин урлагаас илүү тайз, дэлгэцийн бүтээлд тохирох юм шиг ээ …

-Зөндөө сонссон. Дотны зарим анд Чамайг хошин урлагт тоглож байхыг чинь харахаар инээд хүрэхээ байлаа гэдэг. Гэхдээ би хошин урлагаа яасан ч муулахгүй. Учир нь Шилдэг өнгө продакшны уран бүтээлчидтэй 17 жил хамтран ажилласан. Тэгээд ч уран бүтээлч хүн төрөл бүрийн жанраар оролдвол ур чадвар нэмэгддэг.

-Гаднах төрхөөр тань хүмүүс дүгнэдэг болохоор тэгж хэлдэг байх л даа …

-Тийм. Манай алдарт жүжигчин Д.Батсүх агсан, Б.Батзаяа ах зүгээр сууж байхдаа хүн инээлгээд байдаг. Тэгэхээр жүжиглээд эхлэвэл яах нь тодорхой биз дээ. Харин надад тийм чанар байхгүй. Гэхдээ би хүмүүсийг үйлдлээрээ биш логик текстүүдийг нь хайж олж, инээлгэхийг зорьдог. Үзэгчид инээж ч байсан.   

-Та бүх төрлөөр тоглож үзсэн. Хамгийн хэцүү нь аль вэ?

-Тухайн дүрдээ уг жүжигчин хэрхэн ажилласнаас хамаарна. Амархан дүр гэж байхгүй.

-Одоо та ямар дүрд тоглохыг хүсч байна вэ?

-Миний үеийнхэн одоо сайхан аав, цэргийн дарга, компанийн захиралын дүрд л оногддог болж. Өмнө нь гал цогтой байхад гол дүрийн санал их ирдэг байлаа. Тэр үед Одоо тийм дүрд тоглох юмсан гэж мөрөөдөж, эрэлхийлж байв. Гэхдээ жүжигчид түүхэн бодит хүний дүрийг бүтээж, хүчээ сорих дуртай байдаг. Надад тийм санал хаа нэгтэйгээс ирвэл баярлаад л тосоод авна.

-Ярилцаад сууж байхдаа таныг анзаарсан чинь Чингис хааны дүрд тоглосон БНХАУ-ын ӨМӨЗО-ны нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжавтай төстэй юм уу гэж харлаа …

-(инээв). Харин тийм. Хүмүүс тэгээд байгаа юм. Сахал ургуулчихаар тэгж харагддаг бололтой. Кебик тавиад, польтой өмсчихвөл бүр адилхан гэдэг. Надад ч тэгж харагдсан. Чи зөв анзаарч.  

-Таны өмнөх цаг үеэр аялахад уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Багаасаа л урлаг, спортод сонирхолтой байсан. Юм л бол ангийн багш “Алив чи гараадах” гэдэг. Кино үзвэл хүмүүст үйлдлээрээ үзүүлж, тайлбарлана. Тэр байдал маань намайг өнөөдрийн зэрэгт хүргэсэн байх. Аз гэдэг сайхан юм. Дунд сургууль төгсөх жил УБИС-иас кино, драмын ангийн хоёр хуваарь ирсэн байсныг багш надад хэлж шалгуулаад тэнцсэн. Хэрвээ манай аймагт тэр хуваарь ирээгүй байсан бол би цэрэгт явах байсан. Тухайн үед би сурлагадаа нэг их сайнгүй байлаа. Ямар сайндаа ээж маань намайг аавд “Айлын хүүхдүүд эмч, багш болно” гээд мэргэжилээ сонгочихсон байхад манай энэ “Цэрэгт явж, цэргийн хөгжим тоглоно оо” гээд л гүйж байх юм. Ямар ч бодсон юм байхгүй” гээд хэлж байсан юм билээ. Гэхдээ би мэргэжилээ зөв сонгосон. Багш нар маань ч сайн хүмүүс байсан. Манай ангид гавьяат жүжигчин Д.Одончимэг, У.Батбаатар нарын зэрэг гавьяатууд сурч байлаа. Багш нар маань өнөөдөр хэдийгээр тэнгэрт хальсан ч бид үүргээ сайн биелүүлж яваа.  

-Хасар”Б.Жаргалсайхантай та нэг нутаг. Таниас хэд ах бэ. Тухайн үед тантай хамт шалгалт өгөөгүй юм уу?

-Үгүй. Намайг нэгдүгээр курсч сурч байхад Жагаа ах Москвагийн театрын их сургуульд сурч байлаа. Энэ хүн надаас хоёр ах. Гэхдээ би түүнийг ахаа гэдэг. Манай нутгийнхан өөрөөсөө нэг сарын зөрүүтэй хүнийг ч ах гэдэг. Энэ бол ёс. Тэр утгаараа би түүнийг ингэж хүндэлдэг. Гэтэл надаас дүү хүмүүс түүнийг Чи гэдэг. Гэвч тэр тоодоггүй. Би түүнтэй оюутан болоод л танилцсан. Нэг нутгийнх гэдгээ мэддэггүй байсан.

-Таны анхны дүр юу вэ?

-Намайг гавьяат жүжигчин болоход нэг өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн ахын бичсэн Дутуу хээтэй тооно жүжгээр би тайзны анхны бүтээлээ эхлүүлж байлаа. Дараа нь буюу долдугаар сард Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн багш Бүлээн нурам киноныхоо Олдой баатрын дүрд намайг тоглуулсан. Зохиол нь мөн л Б.Лхагвасүрэн ахынх. Тэр үед Лхагваа ах Төрийн шагнал цолоо хүртэж, бидэн дээр ирж, бөөн баяр болж байв. Тэгэхээр миний тайз, дэлгэцийн бүтээлийн гараа энэ агуу зохиолчийн бүтээлээр эхэлсэн байгаа биз. Сая хамтдаа төрийн одон хүртэхээр зогсч байхад Лхагваа ах Чи бид хоёр ерөөлтэй юм шиг байна шүү гээд үнсч байсан. Хэлэлцсэн юм шиг хоёулаа ногоон дээлтэй шүү.  

-Таны хүү жүжигчин мэргэжилтэй. Гэхдээ өмнө нь Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид сурч байсан юм билээ …

-Хоёрдугаар ангид байхаасаа пионерийн ордонд дааган хуур тоглодог байсан юм. Харин дөрөвдүгээр ангиас нь морин хуур тоглуулж сургасан. Тухайн үед би нэг сайхан хуурч хүүтэй болох нь гээд хөөрөөд л байлаа. Алтан ураг, Бөртэй зэрэг шиг ардын хөгжмийн хамтлаг байгуулаад дэлхийн олон оронд тоглоод явж байх юм болов уу гэж бодсон чинь өөрийнхөө шийдвэрээр Ааваа би жүжигчин болохоор ангиа сольчихсон шүү гэдэг байгаа. Түүнтэй манай салхи Дамбий буюу Д.Бямбацогтийн хүүгээс эхлээд хэд хэдэн хүүхэд орсон байсан. Тэгэхээр нь сэтгэл зүрхнийхээ дуудлагаар мэргэжилээ сонгож байгаа юм бол яахав гэж бодоод нэг их юм хэлээгүй. Жаахан байхдаа надтай хамтарч Зугтаарай, Бүү март зэрэг киноноос эхлээд цөөн хэдэн кинонд тоглосон болохоороо тэр нь ч нөлөөлсөн юм байлгүй дээ. Саяхан Админ Z нэртэй кинонд тоглосон байсан.

-Та хоёр хамтарч тоглохгүй юм уу?

-Саяхан найруулагч Ц.Гансэрээгийн Хайр эргэсэн хавар нэртэй 24 ангит телевизийн уран сайхны кинонд тоглосон. Гэхдээ гүйцэтгэж байгаа дүрийг нь харахад надад чамлалттай санагддаг. Гэвч найруулагч Ц.Хүсэлбаатараас эхлээд хэдэн уран бүтээлч нөхдөд маань тоогдоод байх шиг ээ.  

-Таныг дээхнэ Нууцалж байсан хоёр хүүгээ олжээ гэсэн мэдээ гарсан байсан. Тэр үнэн үү?

-Тийм мэдээ байна уу. Тэгвэл гараад ирээсэй. Сонсоогүй юм байна. Хэрвээ үнэн бол миний насны хүн гурван сайхан хүүтэй болохыг хүсэлгүй яах вэ дээ (инээв. Хэсэг дуугүй байснаа). Олны нүдэнд байнга ил байдаг биднийг хүмүүс янз бүрээр ярина шүү дээ. Тэрнийг нэг хэсэг л байсан юм байлгүй.  

-Гэр бүлийнхээ хүний талаар ярьж болох уу?

-Хоёр тийш болоод нэлээн удаж байна. Эр эм байтугай эрүү толгой хоёр салдаг хойно доо. Ийм амьдрал бас байх. Тиймээс энэ тухай яриад дэмий биз дээ. Одоо ах нь хүүтэйгээ хамт л амьдардаг.

Таны том ах аав ээждээ зориулж сайхан дуу бүтээсэн гэдэг …

-Тийм. Миний хамгийн том ах юм. УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан хүн. Одоогоор Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа. Монголын хоёр дахь найруулагч гэж хэлж болно. Нэг дэх нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай юм. Ах маань 200 гаруй дуутай. Өөрөө үг, аяыг нь бичдэг. Аав, ээжид зориулсан нь Элбэрэл дууг олон хүн мэднэ дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат анх дуулсан байдаг.

… Өхөөрдөн энхрийлэнхэн даахийг минь үнэрлэн

Өвөр дээрээ бөөцийлөн эрхлүүлж … гээд л. Зарим дууг нь  би сайн мэддэггүй юм аа.

-Ахын тань хөгжим, яруу найргийн авьяас танд халдсангүй юу?

-Байхгүй ээ. Гэхдээ Дуул гэвэл найрын гурван дугараагаа солгойрчихгүйхэн шиг аваад л хаячихна.

-Зарим жүжигчин кино, жүжгийн зохиолоо өөрсдөө бичиж, найруулдаг. Гол дүрд нь тоглосон нь ч бий. Танд ийм бодол байгаа юу?

-Байхгүй. Гэхдээ бурхан болооч Ж.Биндэр ахын Овжин охид, гавьяат жүжигчин Б.Туяа эгчийн Зугтаарай зэрэг кинонд би туслах найруулагчаар ажиллаж байлаа.  

-Монгол Улсын ардын жүжигчин Ц.Гантөмөр агсан таныг Ясны жүжигчин хэмээн үнэлдэг байсан юм билээ. Мөн та түүнийг аав гэж дууддаг. Энэ тухай яриа дэлгээч …

-Би түүнтэй БНХАУ-ын алдарт зохиолч Чюн Яогийн Аянгын бороо жүжигт анх тоглож байлаа. Тэр жүжигт би түүний 17 настай хүү болдог. Гэхдээ 21 настайдаа тоглосон л доо. Дараа нь 1999 онд би тэр дүрээрээ оны шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртэж байсан. Тэр цагаас хойш би түүнийг Аав аа гэж дууддаг болсон.

-Таны ойрын найзууд Жинхэн хүн чанартай Монгол эр хүн бол Г.Золбоот гэдэг юм билээ. Энэ магтаалыг хэр их сонссон бэ?

-Сонсч л байсан. Гэхдээ миний энэ чанар бол аав, ээжийн минь хүмүүжилтэй холбоотой. Буурлууд маань биднийг бага байхаас хүнлэг, хүний мөстэй байхын зэрэгцээ хүн гололгүй харьцахыг. Хэнтэй ч нэг зангаараа байхыг захьдаг, заадаг байлаа. Ёстой л яс, маханд шингэтэл. Тэгэхээр найзуудын маань үг надад магтаал биш багаасаа сурсан зан суртахуун болохоор хэзээ ч гээж болохгүй хэсэг болоод байна.

-Аав тань нутагтаа нэлээн хэдэн худаг гаргасан гэдэг юм билээ. Үндсэн мэргэжил нь юу вэ?

-Нягтлан бодогч. Гар аргаар болон гүн өрмөөр 2000 гаруй худаг гаргаж, олон хүн, малд буян болсон. Би жаахан байхдаа аавтайгаа дандаа хамт явж, зарим худгийг нь гаргалцсан болохоор бүх түүхийг нь мэднэ. Нэг зүйл би ярих уу. Хүмүүс итгэдэггүй юм л даа.

-Тэг л дээ …

-Манайх Бага хонгорт намарждаг байлаа. Ойролцоох худагнаасаа ус авч ууна. Нутгийнхан тэр худагт Луу ичнэ гэж ярьдаг. Намар орой тагыг нь аваад харахад дэндүү тунгалаг. Ширхэг хялгас аваад шидхэд ёроолд нь бууж байгаа нь хүртэл харагддаг. Ёроолынх нь чулууд хүн хүнд өөр ажиглагддаг. Надад ямар ч байсан хивс дэвссэн юм шиг харагддаг байсан юм. Харин ах Мөнгөн ембүү байна гэж хэлсэн. Хэрвээ тийм зүйл харагдвал нутгийнхан цалгиалгүйгээр залбирч, таглаад арц уугуулаад орхино. Зарим хүн Толь тусгаад харахаар цагиргалаад хэвчихсэн луу байна гэдэг. Байгалийн үзэгдэл ер нь тийм сонин шүү.  

-Аав тань ус гарах сувгийг нь яаж олдог байсан юм бэ?

-Хараад л мэднэ. Энд ийм дэрс байна. Тэгэхээр энэ хавьд гараар ухвал гарна. Харин энд өрмөөр ухах хэрэгтэй гээд андахгүй. Бүр судалгааны түвшинд оччихсон хүн шиг мэднэ. Аав минь өнөөдөр 86 настай буурал сууж байна. Олон хүн, малын цангааг тайлж, баярлуулсан болохоор буян нь ирж байгаа биз ээ гэж өөрөө ярьдаг.  

-Ээжийнхээ тухай яриач. Үүгээр яриагаа хоёулаа өндөрлье …

-Д.Мажаа гэдэг хүн бий. Банк, санхүүгийн тэргүүний ажилтан. Суман дахь Монгол банкны салбарт насаараа ажилласан. Гурван хүү, хоёр охин төрүүлсэн эмээ байна даа. Ардын элч-ийн Ариунаад тоглосон гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн эгч эмээгийн маань төрсөн дүү. Гавьяат жүжигчин, шанзчин С.Базаррагчаа мөн адил манай удмын хүн. Тэгэхээр манайханд урлагт авьяастай хүн байгаа биз.

The Wasabies: Шинэ бүрэлдэхүүнээрээ Girlfriend дуугаа цацахад анхны уран бүтээлээ гаргасан үеийнх шигээ сандарсан

Өмнөх нийтлэл

Болдсайхан эмч: Tом болоод хyримандаа уриарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. НЭГ хүн бүх дүрд тоглохоор кино юу болж таарах вэ жинхэнэ орчин цагийн монгол үзвэр

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ