Онцлохулс төр

Т.Доржхандыг Баабар мэднэ

0

МУИС-д санхүүч мэргэжил эзэмшээд Япон, Америк, Их Британид магистр цол тус тус хүртсэн Т.Доржханд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж гишүүн болов.

Т.Доржханд МУИС төгсөөд Сангийн яаманд мэргэжилтнээр гурван жил ажиллачихаад Японд очиж магистрт сурсан. Буцаж ирээд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, НҮБ-ын хөтөлбөр, АХБ-ны хөтөлбөрийн зохицуулагчаар ажилласан. Дараа нь Америкт очиж магистр хамгаалсан. Тэгээд ОУВС-гийн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажилласан. Тэндээс ирээд ХҮН-д ажиллаж эхэлсэн.

Ингээд дөрвөн жил ХҮН-д алба хашиж яваад УИХ-ын гишүүн болсон.

Дөнгөж гишүүн болж үнэмлэхээ авахдаа галзуу PR хийж байлаа. Ганц муу үдээсгүй пүүзээр Монголын цахим ертөнцийг хэдэн өдөр шуугиулсан. “…Өөр толгой юм” гэж шаагисан.

Бас эзэмшсэн мэргэжил, ажилласан газруудыг нь харсан хүмүүс “…Монголдоо хэрэгтэй хүн бололтой” гэж найдсан.

УИХ-ын чуулган эхлэхэд санхүүгийн шинэчлэл хийх сайн сайн хуулийн төсөл боловсруулж, өргөн барина гэж мэдэгдэл хийж байв.

Гэтэл хэдхээн өдрийн дараа харсан чинь шал өөрөөр, буруу эргээд туучихлаа. Юун яасан, хуулийн төслүүд вэ. Тэднийгээ хаясан. Оронд нь шүүхийг шинэчлэх хуулийн төслийг маргааш гэхэд УИХ-ын даргад өргөн барина гэв.

Учир нь шүүх байгууллага ХҮН-ыг Орон нутгийн сонгуульд оролцуулахыг түдгэлүүлсэн шийдвэр гаргажээ. ХҮН-ынхан гэж угаасаа дотооддоо “алаан”-тай, дарга цэрэг нь тодорхойгүй, бужигнасан хүмүүс байдаг. Өөрсдийнх нь гол бэлгэ тэмдгээ болгодог “өндөр боловсрол”-ыг нь шүтэж өдийг хүрсэн хүн ч цөөнгүй. Гэхдээ л тамганы маргаан, даргын суудлын төлөөх нанчилдаан нь гаднаас хөвөрсөн утас шиг утгагүй харагддаг.

ХҮН-ын энэ асуудалд сүүлдээ шүүх байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр буруутай болж таарав. Т.Доржханд ингэж хэлсэн юм.

Мөн тэрээр “…Ардчиллаа хамгаална” гэж байна. Бас “…Улс төрийн тэмцлийг Төрийн ордонд хийнэ” ч гэж хэлэв.

Ингэж уурссаны шалтгаан нь ХҮН-ын асуудал болж байгаа бололтой.

Нэгдүгээрт, овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг шиг ХҮН-ынхан өөрсдөө хүн шиг байсан бол ямар сонгуульдаа оролцож яана уу, ийнэ үү шүүхэд юуны падлий вэ.

Хоёрдугаарт, Т.Доржханд гэж асар их мэдлэгийн набор залуу маань айхтар логикгүй алхам хийж байна. Яагаад гэх нээ, Т.Доржхандын Ажлын албаныхан гэхээр ХҮН-ынхан гарч ирээд Төрийн ордонд хурал хийдэг, Т.Доржхандын улс төрийн тэмцэл гэхээр ХҮН-ыг сонгуулиас хаслаа гэж уурсан тэмцдэг.

Т.Доржханд УИХ-ын гишүүн болохдоо ХҮН-аас нэр дэвшээгүй. Нийтлэлч Баабарын байгуулсан “Зөв хүн-Электорат” эвсэлд ХҮН нэгдсэн. СЕХ-нд бүртгүүлснээр УИХ-ын 2020 оны  сонгуульд ХҮН биш “Зөв хүн-Электорат” эвсэл субьект болж өрсөлдсөн.

Тэгэхээр Т.Доржханд УИХ-ын индэр ашиглаж, Төрийн ордны мэдээллийн индэр ашиглаж ХҮН-ын асуудал ярих нь ёс зүйн хувьд буруу. Өмнөх парламентад байсан ганц ч хууль ярихгүй мөртлөө компаниа, ах дүү нарынхаа тухай мэдээлэл хийдэг байсан хэдэн гишүүнээс ялгаагүй явдал юм. УИХ-ын Тамгын газар ч үүнд анхаарах л ёстой.

Ер нь тэгээд Т.Доржханд хуулиар ч, хувиараа ч УИХ-ын гишүүнийхээ хувьд хийж болох болохгүй асуудал,  хөндөх хөндөхгүй сэдэв, ярих ярихгүй зүйлээ нийтлэлч Баабараас асуучих хэрэгтэй. Баабар лавтай өнөөдрийнх нь шиг юм яриулаад зогсоож байхгүй биз.

Дөрвөн жил гэдэг урт хугацаа. Хол явна. 2024 он хүртэл төр түшилцэх хүн гараанаас дөнгөж гараад бүдэрч ойчиж болохгүй. Босохгүй шүү дээ.

Дээрээс нь Т.Доржханд эдгээр үйлдлээ PR, эсвэл их аятайхан популизм гэж ойлгоод байх шиг байна. Улс төрийн ашиг сонирхолтой хүмүүсийн санаа нэг өөр, ард түмний сэтгэл сэтгэгдэл бүр ондоо байдаг. Тиймээс Т.Доржхандад энэ онолгүй тоглоомоо дуусгаж, төрдөө зүтгэсэн түшээ болоорой гэж ерөөе. Бусдыг нь нийтлэлч Баабар даргаасаа асуух хэрэгтэй. Тэр хэлээд өгнө.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

King Tug Н.Төгсцогтын гараас мултарсан өмнөх өрсөлдөгч нь хэн байв?

Өмнөх нийтлэл

Ц.Элбэгдорж шаардлагатай бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох