Алт олзворлолтод гэнэтхэн 68 хувийн татвар тогтоож орхилоо. Мэдээж хэрэг Төв банкинд тушаадаг алтны хэмжээ 70-80 хувь хорогдов. Алт бол улсын нөөц бүрдүүлдэг гол хэрэгслэлийн нэг.
Жилд 15-17 тонн алт 10 хувийн татварыг нь төлөөд аль аль талдаа зөв зүгээр болж байсан бизнис шүү дээ. Ингээд олзворлогсод байтугай мөрөөрөө явж байсан олон иргэд алт хууль бусаар хил давуулах аймаар ашигтай гоё бизнист татагдан оров. Тэр жилүүдэд ердөө ганцхан Бороо гоулд хэмээх Канадын компани л тэр өндөр татварыг нь төлөөд банкинд алтаа тушааж байв. Тиймээс ч 2009 онд улсад татвар төлөлтөөрөө нэгдүгээр байр эзэлж Эрдэнэтийг ардаа орхиж байсан юм.
Утгагүй өндөр татвар тавьснаараа энэ чиглэлийн бизнис далд эдийн засаг болж, гэмт хэрэг, хулгай дээрэм, хууль бус үйлдлийн үүр бодог төдийгүй дараа нь хуулиа зассан ч нэгэнт хэлбэржсэн гэмт хэргийн бүлэглэлүүд тогтсон барилаасаа салдаггүй юм гэж гадаад дотоодын мэргэжилтнүүд анхааруулахаараа нэг болсон. Ёстой нэг түй май гээд тэд тоогоогүй дээ. Монгол улсын хилийг даван алт урсаж өглөө. Янз бүрийн замаар, есөн шидийн аргаар. Өдөртөө хэдэн удаа хил гараад дороо эргээд ороод ирдэг алтан хүн олон болсон. Алтан бугуйвч, бүс, бөгж гээд нуль алт болсон хүн хил давчихаад хэдэн цагийн дараа бараг шалдан буцаж ирнэ. Эргээд л алт болчихоод гараад явна. Үүнийг анзаарсан хил гаалийнхан тэднээс татвар авч хөөрхөн подхийнэ. Нүүрсэн дор нуучихаад гарна. Онгоцны нисгэгч үйлчлэгч нар бишгүйдээ л баригдаж байсан. Арга технологийг тоочихын аргагүй. Үүнээ дагаад хичнээн олон хүн шоронд орсон гэж санана. Австралийн нэг нисгэгч Оюутолгойн дээжийг Тэнжинд аваачиж шинжилгээнд оруулдаг ажил гүйцэтгэжээ. Угаасаа тэгэх ёстой юм, энэ нь гэмт хэрэг, нууц явуулга биш. Харин манай алт олзворлогчид түүнд алт дайж хил гаргаж байсан нь нууцлаг үйлдэл. Нэгэн алт дайгч ярихдаа, дараагийн бараагаа нисгэгчид дайх гэсэн чинь цаадах нь татгалзжээ. “Ганц зуны дотор бараг дөрвөн тонн алт би Тэнжин рүү зөөлөө. Одоо боллоо. Бүх насаараа олоогүй их мөнгөтэй боллоо. Цааш нь шунах хүсэл алга, баригдвал шоронд орно. Дахиж Монголд хэзээ ч ирэхгүй”.
Гишүүн асан Портуун хэвийн нэгэн биш л дээ, хөөрхий. Гэхдээ муу нэртэйгээр нь бүхий л тэнэг шийдвэрийн эзнээр түүнийг тодруулж гүтгэх нь онцгүй биз дээ. Алтанд 68 хувийн татвар тогтоохыг тухайн үед Хууль зүй Дотоод яамны сайд асан Нямдорж санаачлан хууль болгосон юм. Протоколыг нь үзээрэй. Олон хоригдолтой болж аваад шоронгийн төлөвлөгөө давуулан биелүүлье гэж бодоогүй байлгүй дээ, арайч? Гэхдээ л үнэхээр алт хууль бусаар хил давуулсан хэрэгтэй олон хүн шорон дүүргэсэн нь үнэн.
2016 онд эрх баригчаар тодрогчид Монгол улсын сан хов хоосон болсныг дэлхий нийтэд заралж шоудав. Нэгэн сэтгүүлч-гишүүн авгай улсын нөөцийн 15 тэрбум доллар салхинд хийсээд тэр чигээрээ алга болчихсон гэж орилсоор орж ирэх нь тэр. Тэр нь арай юу юм, ядахнаа бүх аймаг сумд руу очсон хэзээ ч зарлагаа нөхөж дийлэхгүй хар замууд өртөггүй биш байлгүй дээ. Гээд улсын нөөц ёроолдоо хүрсэн нь үнэн. Дээр нь ДНБ-ийг хоёр нугалахаар их өртэй болсон нь ч үнэн. Валют олдог ганц эх үүсвэр болох байгалийн баялагийн үнэ нөөцийн агуулахын нэгэн адил ёроол нь гялтайсан энэ нөхцөлд жоор авдраа ухахаас өөр аргагүй гэдгийг арай гэж ухаарлаа. Энэ авдранд алт бий. Ингээд алтны татварыг ердөө 2,5 хувь болгон бууруулав. Жаран наймаас өмнө 10 хувийн татвартай зөв зүгээр болоод байсан эд шүү дээ. Гайхамшиг боллоо, 2018 онд олзворлогчид бараг 22 тонн алт банкинд тушаасан нь шууд л урд өмнө байгаагүй рекорд.
Хариу үйлдэл тэр дороо гарлаа. Алтчингууд баяжаад аягүй бол биднээс илүү биелэгжүү болох нь гэсэн гомдол гишүүдэд үүсэв. Одоо тэднийг чангалаад татварыг нь эргүүлээд нэм! Бага татварын буянаар алт тушаалт нэмэгдлээ, дөнгөж сая ийм хууль гарсан болохоор дасгах зорилгоор бага татварыг хэсэгтээ үлдээнэ үү гэсэн хүсэлтийг Засгийн газраас УИХ-д оруулжээ. Энэхүү маш сонирхолтой асуудлаар их хурал өдөр шөнөгүй хуралдаж бараг бүгдээрээ үг хэлэн сонирхлоо илэрхийлэх нь тэр. Ганц алт биш ер нь бүхий л түүхий эдэд өндөр татвар ноогдуулахаар гишүүн болгон хошуу нэмцгээлээ. Хачирхалтай нь бага татварыг хэвээр үлдээхээр санал оруулж ирсэн Засгийн газрын гишүүн сайд нар өнөөдүүлтэйгээ нийлж аваад баялаг бүтээгчдэд хонзогнож явдгаа илэрхийлж гарах нь тэр.
Протоколыг үзэж байхад их марзан. Жонш түүхийгээр нь гаргадаг Болорчулуун гээд гишүүн байх. 2.5 хувь гэдэг бол татвар биш гэж тунхаглалаа. Түүний хатгаасаар ашигт малтмал олдворлон түүхийгээр гаргавал татварыг 5 хувь хүргэж нэмэхээр болж байна. Өөрөө хохирч байгаа юм, гэхдээ эх оронч байгаа биз? Гэтэл санаа нь цаанаа байж. Дорнодын Цагаан-Овоо, Сэлэнгийн Гачууртын ордуудыг дээрэмдэхийн тулд Төв аймгийн Ноён уулыг аврах хөдөлгөөн зохион байгуулан ихээхэн мөнгө цаас үрсэн. Чукча не дурак, айн? Харамсалтай нь яг хусдагийн даваан дээр өөрөөс нь том махчин загаснууд өрсөөд залгичихсан. Тэгвэл май, тэр ордууд, тэр муу Ноён уул! Татвараа төл хулгайчууд аа, май!
Ингээд боловсруулсан бүтээгдэхүүн экспортлоход татвар 10.5 хувь байхаар тогтов. Уг нь боловсруулсан бүтээгдэхүүн алт төдий биш л дээ, бүхий л ашигт малтмалыг ядахнаа угааж цэвэрлээд хагас боловсруулж байгаа. Тэгээд ч өст Эм Си Эс ганцаараа нүүрс угаааж байгаа биш, олон газар ганц нүүрс төдийгүй өөр бусад ашигт малтмалыг ч цэвэрлэж боловсруулан, өөрсдийнх нь баталж байгаагаар “нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн” зах зах зээлд гаргаж буй. Ухаан нь төмрийн үйлдвэр дээр жишээ авъя л даа.
Төмрийн хүдрээ боловсруулалгүй түүхийгээр нь олзворлосон бол 5 хувь, ашигласан, боловсруулсан бол 5 хувь дээрээ нэмээд тухайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч өсөн нэмэгдэх 3 хүртэлх хувь, нийт 10.5 хүртлэх хувийн төлбөрийг авахаар зохицуулсан. Харин төмрийн хүдрийг боловсруулахгүйгээр шууд экспортонд гаргасан нөхцөлд Болорчулууныг хохироон байж өсгөөд ч 5 хувийн л төлбөр төлөхөөр тохирчихлоо. Энэ мэтээр жишээ нь манай гол экспорт нүүрсийг ухаж аваад түүхийгээр нь хятадуудад аваачиж өгвөл 5 хувийн татвартай, харин нүүрсээ угааж боловсруулаад гаргавал даруй хоёр гаруй дахин их татвар төлнө.
Эх орны хайран сайхан баялагийг боловсруулалгүй түүхийгээр нь гаргаж баяжигчдыг жигшин зэвүүцэж хөрөнгийг нь хураан, болж өгвөл цаазаар авъя гэх маягийн лоозон хэлж уриалж байгаагүй гишүүн эдний дотор ганц ч үгүй. Мөрийцсөн ч болно. Хүнтэй байтугай малтай, нүүрстэй, шороотой таарсан ч энэ үгээ хэлж нулимс дуслуулсаар байгаад хип хопын үглэл гэдэг шиг юм болчихсон, тэр яриаг нь дэлхий даяараа мэддэг, цээжилчихсэн юм шүү дээ. Гоё байгаа биз? Тэгээд яахав гэхээр тэд ганц л хариулттай, “Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хавьгүй өндөр үнээр экспортлохын төлөө би амь насаа ч хайрлахгүй”. Гэтэл хуулийн үр дүн юу хэлж байна? Ашигт малтмалын тухай уг нэмэлт өөрчлөлтийн хуулиар төрийн тусгай зөвшөөрөлтэй этгээд нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүртээ өсөн нэмэгдүүлсэн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохицуулсан. Энэ хуулийг энгийнээр тайлбарлавал уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг Монгол улсад эрхлэх боломжгүй болгож Монголдоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтгээдэхүүн үйлдвэрлэх бүх боломжийг хаасан зохицуулалт болчих нь тэр. Үр дүн гэвэл нүүрсээр жишээ авахад манайхан 5 хувийн татвар төлөөд түүхий нүүрсээ гаргахад хятадууд өөрийн улсдаа импортын татвар гэж байдаг бол тэрийгээ төлчихөөд дотооддоо боловсруулсан гэж аягүй бол хөнгөлөлт авна. Харин бид нүүрсээ угааж боловсруулчихаад гаргах болбол “хохь чинь ээ” гэж тавлуулаад 10,5 хувийн татвар дотооддоо төлнө. Үнэн гоё, тээ? Гишүүд энэ марзан хуулиа “татвар нэмснээр нинжа нарыг хорлож байгаа юм” гэж тайлбарлцгаасан нь протоколд тодорхой. Татвар нэмэхээр нинжа нар алуулдаг нь ямар ч учиртай юм? Эрүүл ухаанд ойлгогдохгүй юм билээ. Юутай ч хууль бусаар алт тээвэрлэгчид олширч шорон тийш чиглэх ардын зам балрахгүй сэргэж буй бололтой.
Олон жил нүүрсээ түүхийгээр нь гаргалаа. Энэ хооронд Гашуунсухайтын цаахан нь Өвөр Монголын Баяннуур аймагт нүүрс угаах хэд хэдэн үйлдвэр барьчихжээ. Тэдгээрийгээ ажилтай байлгахын тулд Монголоос боловсруулсан нүүрс импортлох хэмжээндээ квот тогтоочихсон. Түүхийгээр нь л нааш өг гээд байгаа. Манай их хурал болохоор нөгөө талаас нь түүхийгээр нь аваачиж өг гээд татвар нэмээд байгаа. Хадан завсар хавчуулсан хөөрхий халиуны зулзганууд. Төстэй явдал! Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш бараг зуун жил монголчууд Орос руу амьд мал хөлөөр нь гаргажээ. Явцад нь оросууд Монголын хилийг тойруулаад дөрвөн том мах комбинат барьчихсан. Хожим нь Монголд Унгар, Германы тусламжаар хэд хэдэн мах комбинат баригдсан боловч оросууд зөвхөн хөлөөр нь авна гээд боловсруулсан мах экспортлох бололцоо үгүй байв.
Монгол мал Сибирийн хэрэгцээнд гарч байсан гэдэг худлаа юм билээ, тэд зөвхөн Зөвлөлтийн цэргийн хэрэгцээнд зориулж импортолдог байж. 1923 онд Монголд анх удаа малын тооллого болсон, 1990 он хүртэл мал ерөөсөө өсөөгүй, 25 саяас доош байв. Малыг хөлөөр нь гаргахыг хорьсноос хойш малын тоо ч хэд дахин өссөн, доозыг нь хэтрүүлээд зөндөө олон орчин үеийн мах комбинатууд баригдсан. Одоо мал эмнэлэгээ янзалчихвал экспортын том үүд нээгдэнэ.
Эх оронч гэхээ болъё, юутай ч бололцоо гарсан юм байлгүй, ашигт малтмалыг Монголдоо боловсруулж гаргавал илүү унацтай гэж үзсэн нэлээд компаниуд угаах боловсруулах (өөрснийх нь баталж буйгаар нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгосон аймаар эх оронч) үйлдвэрүүд барьж байгуулж, түрүүнээсээ ашиглалтад оржээ. Алдарт жаран наймын шинэ хувилбар болсон энэ хуулиас болж тэд алдагдалтай биш гэхэд ашигтай биш нөхцөлд орсон тул зарим нь бэлэн болсон үйлдвэрээ ашиглалтад оруулж чадахгүй хойтонгийн сонгууль хүлээхээр шийдсэн аж. Цөстэй нэг нь Үндсэн хуулийн цэцэд хандсанд цаадуул нь хуулинд хориг тавьсан. Харин УИХ түүнийг нь хүлээж аваагүй, “түй май” гэсэн. Тэгэхээр энэ нь санаандгүй алдаа биш, гарах хортой үр дүнг нь анзаараагүй биш, зориудын явуулга байгаа биз? Боловсруулах үйлдвэртэй Гарамжав гуай мэтийн ганц хоёр нь “еэ балраа!” гээд тархиа зөөлөн зөөлөн тогшсон гэнэлээ.
Алт ярьж байснаа халиад нийтэд нь хориг тавин улсаа хоролдог энэ дадал шинэ юм биш. 2012 оны 5-р сард буюу сонгуулийн өмнөхөн Занданшатар, Бямбацогт нар гадаадын хөрөнгө оруулагчдад хориг тавих хорон бодол санаачлаад түүнээ хууль болгосон. Эхлээд хойч үедээ хадгалан үлдээх зорилгоор байгалийн ашигт малтмалд империалистуудыг хялайлгахгүй гэж хөөрөлдөж байснаа халамцсан уу, шартсан уу яасан, улам цаашлан халиад барилга, банк, боловсрол гэх мэт нэлээд салбарт гадныхныг ойртуулахгүй хориглосон хууль батлуулсан. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулагчид дайжжээ. Булаах дээрэмдэх гадныхан үгүй болсон тул дотоодын үйлдвэрлэгчид рүү халдан довтлохоос өөр аргагүй боллоо. Зандкаг Баянхонгорт дивтаат болохоор үзэлцэхэд тэтгэвэрын тагнуул Гэрэл хамаг бие сэтгэлээ дайчилсан учир түүнийг дараа нь ТЕГ-ын даргаар шагнасаныг ойлгож байна л даа. Түүний зүтгэлээр одоогийн Ерөнхийлөгч болон олимпын аварга маань годройтоод өгсөн нь факт. Тэгэхээр өртэй байх л даа. Гэхдээ тагнуулын байгууллага нь Үндэсний аюулгүй байдал хариуцах цөм инстүүц болохоос нүүрээ халхалж баг өмсөөд хөргөгч ухан мах хайдаг, уул уурхайн компаниуд руу очин харуул хамгаалалтыг нь зоддог террорист бүлэглэл биш шүү дээ. Гадаад орнуудад монгол дайчид террористуудтай тэмцэж ядаж явахад эх оронд нь ийм үүрэг бүхий байгууллага өөрөө террор хийгээд явах нь аль зэрэг зөв бэ, Монгол улсыг маань удирдан жолоодогч нар аа?!
2019.10.26
Баабар
Сэтгэгдэлүүд