Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм.
Энэ үеэр Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тэрээр “Монгол Улс ба цахим хэрэглээ”, “Монгол Улс ба цахим сэтгүүл зүйн хөгжил”, “ Цахим сэтгүүл зүйн цаашдын тулгамдсан асуудлууд” гэсэн гурван багц сэдвийн хүрээнд илтгэлээ танилцууллаа. Энэ удаагийн форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэцүүлэгт Сэтгүүл зүйн доктор МУСГЗ, зохиолч сэтгүүлч Б.Галаарид, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийг үүсгэн байгуулагч “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир, Монголын сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Г.Улсболд нар оролцож, хуурамч мэдээллээс сэргийлэх, олон нийтэд түгээхгүй байх талаар ярилцсан юм. Үнэн бодит мэдээлэл тодорхой эх сурвалж, баримт нотолгоотой байдаг бол хуурамч мэдээлэл тараагчид нотолгоог хуурамчаар үйлддэг. Хуурамч мэдээлэл бүтээгч, тараагчид мэдээллээ үнэмшилтэй болгохын тулд ашигладаг гол хэрэглүүр нь зураг, аудио бичлэг, видео бичлэг юм. Фотошоп программ гарсны дараа маш үнэмшилтэй мэт гэрэл зураг хавсаргасан хуурамч мэдээлэл түгж байсан бол өнөөдөр хуурамч мэдээлэл түгээх арга улам бүр нарийсч байгаа, үүний хор хөнөөлийн талаар хөндөн ярилцсан байна. Форумд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрээр
-Сэтгүүл зүй ба технологи
-Сошиал медиа ба сэтгүүл зүй
-Хэвлэл мэдээллийн бизнесийн загвар
-Сэтгүүлч мэргэжилд гарч буй өөрчлөлт гэсэн багц сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумыг зохион байгуулж байсан бөгөөд форумаас сэтгүүлчдэд хандан уриалга гаргасан. Энэхүү уриалгын төслийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинтөгс танилцуулж, форумд оролцогчдын саналыг тусгасан юм.
Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумаас гарсан уриалгыг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын уриалга
Монгол Улсын цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид бид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргав.
1. Хүний эрхийг дээдлэх
1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах
1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах
1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх
1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах
1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах
2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах
2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх
2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх
2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах
3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих
3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх
3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах
3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих
3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах
3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах
Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна.
“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумд оролцогчид
2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
Сэтгэгдэлүүд