Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд ороход хэцүү байдаг гэдэг. Гэтэл томоохон байгууллага, компаниуд хөдөлмөрийн хуулиа тэр бүр мөрддөггүй нь улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авдаггүй байна.
“Хөдөлмөрийн тухай хууль”-д “25 ажилчин тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна” гэж заажээ. Тухайлбал танай байгууллага 100 ажилчинтай бол 4 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах ёстой юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгмээс ихээхэн ажиглагддаг. Үүнээс үүдэн тэднийг ажилд авах газрууд ховор байдаг аж.
Та дээрх хуулийг мөрдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллага монголд “бараг байхгүй” гэж хариулах биз. Тэгвэл сошиалд нэгэн бичлэг цацагдаж олны анхаарлыг ихээхэн татаад авлаа. Тодруулбал, 300 ажилтантай нэгэн олон улсын конвенинс сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг ажлын байраар хангажээ. Тэдний ар гэр маш их баярлаж байгаа тухай энэхүү бичлэгт гарч байгаа нь олон хүний талархалыг хүлээгээд байгаа юм.
Тус сүлжээ дэлгүүрийн хүний нөөцийн мэргэжилтэн нь дүүргүүдийн нийгэм халамжийн хэлтэстэй холбоотой ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд холбож өгөх гүүр нь болж өгдөг байна. Есдүгээр сард 100 гаруй ажилчидтай болоод 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж эхэлжээ. Удалгүй хүмүүс өөрсдөө мэддэг болчихсон ажилд орох анкетаа ирээд бөглөдөг болсон гэв. Жишээлбэл, тус сүлжээ дэлгүүрт сард ажилд орох хүсэлтэй 1500 хүний анкет ирдэг бөгөөд үүний 200 орчим хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ажлын ярилцлагад орохдоо эцэг, эхтэйгээ ордог аж. Тэдний хийж чадах зүйлийн давуу талыг илүүтэй судалж, мэдчихсэн байдаг болохоор ямар ажлын байраар хангаж өгөх үү гэдэг эргэлзээнд орохгүйгээр хурдан шийдэгддэг гэнэ. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэнийг өөрийнх нь биеийн ачаалалд нь тохирох ажлын байраар хангаж өгөхийг хичээж ажилладаг байна.
Сошиалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн фэйсбүүк групп байдаг ажээ. Уг группт ажилд орох зарыг оруулдаг гэнэ. Энэхүү зарын дагуу олон хүн ажилд орох хүсэлтэй байгаа илэрхийлж анкет бөглөдөг болсон байна.
Монголын томоохон компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар маш цөөхөн хүнийг ажлын байраар хангадаг. Гэхдээ энэ нь маш ховор яагаад гэвэл, сонсголын бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэгчийг юм асуухад сонсохгүй байх тохиолдол гардаг гэнэ. Үүнд нь үйлчлүүлэгч нар дургүйцлээ илэрхийлж маш их гомдол мэдүүлдэг байна. Энэ асуудлаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудал хойш тавигддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн 100 хувийн чадамжтай иргэнээс ажилаа 2 дахин илүү хийдэг гэдгийг хүний нөөцийн ажилтан Г.Алтанцэцэг онцлов. Хуулийнхаа дагуу томоохон байгууллагуудыг 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваасай гэж их хүсдэг гэдгээ мөн дурдсан юм. Энэхүү сүлжээ дэлгүүрт 19-34 настай иргэд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээтэйгээр ажилладаг юм байна.
Та бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлаа хийж байхад нь хүндэтгэлтэй хандаж тэд ч бас бидний нэг хэсэг гэдгийг санаж байгаарай гэдгийг энэ дашрамд дуулгая. Хөдөлмөрийн хуулиараа тэд ч бидэнтэй адил эрх тэгш ажлын байраар хангагдаж, нийгмийн харилцаанд оролцох эрхтэй байдаг юм шүү.
Сэтгэгдэлүүд