Онцлох

“Ачлал трейд”-ийн эмнэлгийн барилгын “шахаа” албан тушаалын хэрэг болох уу?!

0

Хөгжлийн банкны хяналт султай олгогдсон зээлийн асуудал удахгүй дэлбэ үсрэх гэж байна. “Хөгжлийн банкны хэрэг-2” гэдэг бүлэг хэрэг ч үүсч магадгүй болоод байна.2016 оны сонгуулиас хойш, түүнээс ч өмнө олгогдсон зээлүүдийн нэлээд нь эргэн төлөгдөх найдвар муутай, чанаргүй зээлд тооцогдсон гэх ноцтой мэдээлэл яригдаж байна.Үүний хажуугаар авсан зээлийнхээ зориулалтыг явцын дунд өөрчилж, явсаар бизнес болгож буй жишээ Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд дунд байна.Мэдээж хэрэг, жирийн нэг бизнесмэн ингэж чадахгүй.УИХ-ын гишүүн М.Билэгтийн Хавдрын эмнэлгийн хашаанд барьсан эмнэлгийн зориулалттай барилгын асуудал 2016 оноос олон нийтийн дунд, 2017 оноос улс төрийн хүрээнд, 2018 оноос Засгийн газрын төвшинд яригдаад эхэллээ.М.Билэгт эрхэм гишүүн болсноосоо хойш Хавдрын эмнэлгийн хашаанд барьсан эмнэлгийн барилгаа төрд “шахчих” гээд явж байгаа тухай хэвлэлүүд, эх сурвалжууд хангаллтай мэдээлж, ярьж байгаа.Өөрөөр энэ талаар “…Гавьяат эмч Р.Сандуйжав эмнэлэг барих гээд 2008 онд барилгын суурийг ухсан ч 2011 он хүртэл хөрөнгө оруулалтгүйн улмаас ажлаа үргэлжлүүлж чадаагүй байсан. Учир нь түүнтэй хамтарч байсан хүмүүс нь тухайн газар дээр орон сууц барина гээд хөрөнгөө татсан гэж дуулдсан. Ингээд эмнэлгийн барилгад хөрөнгө оруулах хүн хайж эхэлсэн байдаг. Яг тэр үед Р.Сандуйжав эмчийн эмнэлэг барих, миний эрүүл мэндийн салбарт зориулсан бүтээн байгуулалт хийх хүсэл нэг цэг дээр таарсан хэрэг. Тэгээд л би хөрөнгө оруулж, эмнэлэг бариулсан. 20 гаруй жил зүтгэж цуглуулсан хөрөнгөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг бариулсан. Эхний ээлжийг нь 2014 онд ашиглалтад оруулах боломж байсан. Би улсад өгөх гэж улайрч зүтгээгүй. Анхнаасаа ч тийм зорилгоор эмнэлэг бариулаагүй. Гэтэл Хавдар судлалын үндэсний төвийн зарим эмч, ажилтан бидэнд зовлонгоо хэлж, “Эмнэлгийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд танай барилга хэрэгтэй байна” гэсэн. Тодруулж хэлбэл, намайг барилгаа төрд худалдаач гэдэг санал тавьсан. Эрүүл мэндийн яамнаас бэлэн болсон эмнэлгийн барилгыг “Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд хэрэгтэй” гэж үзээд улсад авах саналыг тавьж байгаа. Би үүнд татгалзсан хариу өгч чадахгүй. Яагаад гэвэл, Эрүүл мэндийн хуульд “Хавдрын өвчтэй иргэний эмчилгээг төр хариуцна” гэж заасан байдаг. Энэ утгаараа хавдрын өвчтэй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хямд хүрэх ёстой. Тиймээс төр авья гэвэл би татгалзахгүй” гэж хэвлэлд ярьжээ.Мөн 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК-ийг хариуцагчаар татсан иргэний гомдолтой шүүх хуралд тус компаниас “…Манай компаниас Монголынхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар өндөр зорилго тавьж, хавдрын өвчлөлийг эрт оношлох, төгс эмчлэхэд дэлхийд тэргүүлэх технологи менежменттэй Япон улсын эмнэлгийн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллаж, дэлхийн өндөр хөгжилтэй орны эмнэлгийн орчин үеийн стандартыг хангасан 300 ортой эмнэлгийн цогцолборын барилгыг барьж байгуулах “Ачлал Оточ” төслийг 2011 оноос хэрэгжүүлж, 120 ортой эмнэлгийн барилгаа барьчихсан байгаа бөгөөд өргөтгөл үргэлжлэл болох 180 ортой эмнэлги йн барилга угсралтын ажлаа 2014 оны зургадугаар сарын 16-наас эхлүүлсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа.Тэгвэл М.Билэгт гишүүний барилгыг төрд авах тухай яриа хэлэлцээ Засгийн газрын хуралдаанд хүртэл ороод амжжээ.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжлэг авсан байна.ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “…Энэ барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох эсэхийг мэргэжлийн комисс гарч шалгаж байгаа. Ажлын хэсгийнхэн гуравдугаар сарын 18-нд ирж, эмнэлгийн барилгатай танилцсан. Хавдрын зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал Засгийн газар дэмжих чиглэл барьж буй юм билээ” гэсэн байна.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн зун “…Би М.Билэгт гишүүнтэй энэ асуудлыг яриагүй. Үүнийг төр засгийн түвшнээс хуульд нийцүүлэн зөвшөөрөл авсны дараа гишүүнтэй ярина.  Хувийн хэвшлээс төрд өмч худалдаж авах тухай асуудлыг би ганцаараа бие дааж шийдвэрлэх эрхгүй. Тиймээс урьдчилж ярьсан зүйл байхгүй. Сая би ХСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллах үеэрээ хашаанд нь баригдаж буй энэ хувийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж, төрд авахсан гэсэндээ үнэхээр миний амбиц, шунал хөдөлсөн. ХСҮТ-ийн 20 гаруй эмч, ажилтнуудтай энэ эмнэлгийн барилгатай танилцах үеэрээ “Та бүхэн энэ барилгыг авах хүсэл байна уу” гэхэд “Маш их хүсэл байна” гэж хариулсан” гэж байв.Юутай ч ингэсээр Монголын төр хэдээр ч юм, М.Билэгт гишүүний барилгыг худалдаж авах бололтой.Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм.УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн “Ачлал трейд” компани Хөгжлийн банкнаас 2017 онд “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах “ төсөл бичиж 12.5 сая ам.доллар авсан байна. Төгрөгт шилжүүлбэл 33 орчим тэрбум болно.Уг нь Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” ХХК-д 15 сая ам.доллар олгохоор гэрээ байгуулаад, дээр дурдсанаар 12.5 саяыг олгоод байгаа юм байна.Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны №2017/75, Хөгжлийн банкны ТУЗ-ийн №75 тоот шийдвэрээр энэ зээлийг олгосон байна.“Ачлал трейд” ХХК-иас Хөгжлийн банкинд танилцуулахдаа “..Улаанбаатар хотод иргэдийг хавдрын оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлгийг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45.3 сая ам.доллар, үүний 10 саяыг өөрөө, 5.0 саяыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлсэн гэжээ.“Ачлал трейд” ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2017 он гэдэг М.Билэгт УИХ-ын гишүүн болоод нэг жил болчихсон үе. Гэтэл эмнэлгийн төсөл нь 2011 оноос эхэлж, 2014 оноос барилгын ажил нь эхэлсэн. Энэ хооронд Хөгжлийн банкнаас олгогдоогүй зээл М.Билэгтийг УИХ-ын гишүүн болсон хойно бүтсэн байгаа нь анхаарал татах ёстой.Угтаа, төрийн аль нэг байгууллагын хашаанд ямар нэг байдлаар газар авч, түүн дээрээ төрөөс зээл авч барилга бариад, барилгаа төрд шахаж байгаа л үйлдэл харагдаж байна.Өнөөдөр хэдэн мянгаараа ажилгүй сул зогсож байгаа барилгын компаниуд аль нэг цэцэрлэг, сургуулийн хашаанд цэвэр өөрийнхөө хөрөнгөөр барилга бариад ч төрд худалдана гэвэл гонжийнжоо. Магадгүй, барилгаа дуусгаж амжилгүй шоронд орно. Монгол Улсын хуулиар тэнд тендер зарлах ёстой гээд л буруутгах шалтаг эхэлнэ дээ.Тэгвэл УИХ-ын гишүүн М.Билэгтийн “Ачлал трейд” компани Хөгжлийн банкнаас 12.5 сая ам.доллар зээлж аваад ХСҮТ-ийн хашаанд эмнэлгийн барилга барьсан байна. Төслийнх нь мэдээллээс харвал өөрсдөө үйл ажиллагаа явуулах байдлаар бичжээ. Гэтэл түүнийгээ барьж дуусаагүй байхад төрд худалдах талаар яриа хөөрөө хийгээд энэ нь ажил хэрэг болоод явчихжээ.Тэгэхээр “Ачлал трейд”-ийн эмнэлгийн барилгын “шахаа” албан тушаалын хэрэг болох уу гэж Монгол Улсын Засгийн газраас, хуулийг ном ёсоор нь тайлбарладаг хуульчдаас сураглая. Бас чуулганы танхимд хамгийн ихээр шударга ёс ярьдаг М.Билэгт гишүүнээс “…Энэ чинь шударга ёс болоод хуульд хэр зэрэг нийцэж байгаа вэ” гэж асууя.Ингэж болдог хууль байвал Монголын барилгын компаниуд байшин сав нь хэцүүдсэн бүх сургууль цэцэрлэгийг өөрсдийнхөө жинхэнэ хөрөнгөөр бариад улсад худалдаад байх хэрэгтэй юм байна. Учир нь Монгол Улсын хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстой.  Б.Дамдин-ОчирЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УЛААН БАЛ- А.ОТГОНБААТАР

Өмнөх нийтлэл

Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын ‘зам салж’ эхэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох