СНийгмийн цочмог хямралын үед байн байн хөөрдөг этгээд гажуу сэтгэмжийн хуян хөөрөөд сэтгэл баахан таагүй байв. Тиймээс дотоод нээлхийгээ нээж, гадна орчноо харах гэж оролдлоо. Хамгийн наад захад мөнөөх дуулиант 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал сүүтэгнэн сүүтэгнэсээр бүр тодрон харагддаг юм байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт, гал утаа манарч хуягт танк хүржигнэж, буун дуу тас няс хийж, шархтай хүн ёолж цус, нулимс урсаж, өш хонзон буцалж асан гаслант өдөр байсан нь тодорлоо. Тэр бол аймшигт нэг мянга есөн зуун гучин долоо, гучин найм, гучин есөн оны улс төрийн их хэлмэгдүүлэлтээс дапан жилийн дараа гадаадын удирдлагын дэмжлэгээр гарч ирсэн яалт ч үгүй монголыг мохоох өнгөт хувьсгалын эхлэл мөн байсан гэдгийг шинжээч судлаачид барин тавин баримтаар нотолсон байдаг.Гэвч монголын ард түмэн асар их үнээр олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан ололт амжилтаа амь шигээ хамгаалж чаддаг ард түмэн гэдгээ баталгаажуулж чадсан тэрхүү бодит ач холбогдлоороо тэгш журамт эрин зууны дайтай үнэлэгдэх алдар гавьяатай ганц өдөр мөн байсан байдаг. Монгол түмэн түүнд санаа сэтгэл нь сатаарсан юмсан уу, ямарч атугай туйлын тайван амгалан агаад сэрүүн тунгалаг байх атал гүн бат нойрссон мэт сэрүүнээрээ зүүдлэн найман жилийг өнгөрөөсөн байх аж. Балчир жаахан хүүхэд гоё зүүд зүүдлэхээрээ ход ход инээдэг шиг монголчууд сэрүүн зүүдэндээ мансуураад үе үе ха ха, хэ хэ хэмээн инээн баясаж байсан л гэдэг. Юу зүүдлээд тэггэл хөөрөн баяссан юм бол оо. Тэгсэн тань эртний Прометей, оросДанко, монгол Гэсэр тэргүүтэнтэй адилтган зүйрлэмээр үнэнчийн үнэнч, шударгын шударга мундаг сайн ерөнхийлөгч, ерөнхий сайд, салбарын сайд, төрийн мэргэн түшээдийг сонгогч бид сонгоод, сонгогдсон тэд монголыг удирдан, ихээхэн аз жаргал эдлүүлж байна гэж зүүдэлсэн юмсанж. Ахуй амьдрал нь баахан бүрзгэр, санаа сэтгэл нь уймраа гундуу яваа эдүгээ цагийн монголчуудын хувьд үнэхээр сэрэхэд сэтгэлд харам, орчлонгийн сайхан зүүд яахын аргагүй энэ мөн байж таарна буй за.Амьдралдаа эдэлж үзээгүй ч зүүд нойрондоо ч бол аз жаргал гэдгийг эдэлж үзэх нь аятайхан байлгүй яахав. Тийн сэрмээргүй байсан ч сэрчихжээ. Тэр даруй анзаарвап мөнөөхөн аз жаргал нь ч, азын алтан нарыг атгуулагч удирдагч нар нь тархи толгой угаагч хор идсэн шаазгайн шахтнаа, сэрүүн зүүдний дамшиглал байсан тул бараа сураггүй алга болсон байж. Үүний учир гэвэл тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийгөө хамгаалах шүүх, прокурор хууль хяналтын бүтэцтэй, түмэн олны тархи толгойг угаах хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл бүхий яг л А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн адайр эмгэн шиг хувиа хичээсэн их шуналтай хоёр том бүлэглэлийн засаглал ноёрхлоо нэгэнт тогтоосон байж таарав.Энд 2008 оны наймдугаар сараас 2016 оны мөн үе хүртэлх найман жилийн хугацаанд монгол орны амьдрал дундуур урсан өнгөрсөн явдал суудлыг л ингэж харж байна. Гэхдээ үүнийг би хэлээгүй найман жилд хоёр том бүлэглэл Монгол Улсыг удирдахдаа өрөнд оруулж, өтөнд идүүлж байсныг Монгол Улсын өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд тус тус харилцан мэдээлж тодруулсан байдаг юм. Үнэнийг хэлэхэд шуналт эмгэнийх шиг хулгайч авилгачин засаглалд голдоо ортол гомдсон шударга үнэнч ардчилал, зах зээл зангаа хувирган нүүрээ буруулаад сүүлээ шарваж орхижээ. Мөнөөх монголын ард түмэн алган дээрээ бөмбөрүүлж асан хайртай дуртай ардчилал, зах зээл гэдэг нь нэг л мэдэхэд ааш араншин муутай, булхай луйвар ихтэй, мөс жудгаа гээсэн шалдар булдар шуналт эмгэнийх шиг хийрхэл болсон байж. Засаг төрийн мөнөөхөн энэрэнгүй сайхан ажил апба гэдэг нь дэвхрэг мэт зүг чиггүй ойж буусан, хуй салхи мэт хаашаа хамаагүй ханарч дэгдсэн маш туйлбаргүй ороо бусгаа жүжиглэл болсон байж. Үүнээс зонхилон шалтгаалж амьдрал үнэхээр хүндэрсэн байж. Мөлжлөг ба мөнгө хүүлэл дэндэж, үнэ ханш хэрээс хэтэрч, үхэл зовлон хавтгайрчээ. Ядуусын хорооллоос “Хулсан ташуур” хэмээх ардын гунигт дуу мэт ямар нэгэн цөхрөл санааширлын ая дуу зүрх сэтгэлд нь сонтов уу гэлтэй олон түмэн үе үе уртаар санаа алдана.Дээр дурдсан хоёр бүлэглэлийн нэг нь санхүү-эдийн засгийн хулгайчдын бүлэг. Түүнд мөнөөх 2012 оны сонгуулийн дараах Монгол банк, Хөгжлийн банк, үнэ тогворжуулах хөтөлбөр, Улаанбаатарын утаатай тэмцэх хөтөлбөр хийгээд Чингис, Самуурай, Мазаапай зэрэг сайхан нэртэй бондыг муухай аргаар зувчуулан завшигчид, мөнгө хүүлэгчид, доллар угаагчид, авилгачдын хүнд гарууд байдаг юм байна. Шуналт удирдагчдын нөгөө нэг хэсэг нь уул уурхай тойрсон бүлэг. Түүнд мэдээжээр Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөө гэгчээс хууль бусаар ашиг хүртэгчид болон Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавигчид, мөн 49 хувийг нь хууль зөрчин хувьдаа авах хуйвалдааны эзэд, Таван толгойг гадаадынханд өгөхийг завдсан хүнд гарууд багтдаг юм байна. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг шиг энэ хоёр бүлэг нэг нэгэндээ дургүй, монголын ард түмэн хоёуланд нь дургүй тул тэднээс шалавхан салах юмсан гэж мөрөөддөг болсон. Тэгээд ч тэр үү монголын сонгогчид манай төр засгийн ажил явдал нэг л бишдэж байна гэдгийг зөн совингоороо мэдрээд засгийн эрхийг ямарч атугай зуугаад жилийн бартаат зам туулж монголыг орчин үеийн соёл иргэншил бүхий тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс болгож өгсөн Ардын намд шилжүүлэхээр сонголт хийсэн шиг байгаа юм. Монголд тийнхүү амин хувиа бүхнээс дээгүүр тавьдаг хэсэг бүлэглэлийн засаглал тогтоход хүрсэн нь эрт балрын үеийн зарим хүмүүсийн худалч, хуурамч ярдаг зан араншингаас улбаатай байж магадгүй тул энд ганц баримт өгүүлье. Тухайлбал “Тэд (монгол хүн) худалч. Үнэн ярина гэж бараг байхгүй. Болж өгвөл бүгдийг хуурчих санаатай. Эхлээд зуйрган загнах боловч дараа нь хилэнцэт хорхой шиг хатгана” гэсэн нэг үг түүхэнд үлдсэн байдаг байгаа юм. Энэ үгийг хэлсэн хүн бол Плано Карпини гэгч бөгөөд 1246 онд “Монголчуудын түүх” номондоо бичжээ. 1246 он гээд бодохоор уджээ удаж, хүмүний алаг хорвоогийн бараг найман зуун жилийн доторх” сайн муу, сайхан муухай, хэрэгтэй хэрэггүй явдал суудал түүх авга руугаа талийн одсон байх боловч харин энэ айхтар хуурмаг, хорлонтой ааш араншин бүрэн гээгдэж алга болоогүйгээр үл барам эдүгээ манай төрийн ордонд хүртэл огшиж дэвшээд ирснийг одоо бид харж байна. Тэгэхдээ тэр хэцүү ааш араншин монголын төр засгийг байнга хутган үймүүлж, олон түмний эвийг эвдэн бутаргаж харийн колони, бусдын дагуул орон болгох, эх орончдыг хоморголон хэлмэгдүүлэх зэрэг олон муухай гай гамшиг тарьсаар байсан бараан түүх намтраа барзайтал нь баглаж үүрээд л ирсэн байдаг юм байна. Ашгүй тэгтэл түүнийг үндэс язгуураар нь устгах зан суртахууны хувьсгалт өөрчлөлт хийх тэнгэрийн цаг гээч нь нэгэнт хүрээд ирсэн бололтой нийгэм даяараа донслон чичирхийлж байна. Зан суртахууны хувьсгал. Тийм ээ, яалт ч үгүй зан суртхууны хувьсгал болох гэж байна. Энэ хувьсгап бол нэг нийгмийг нөгөөгөөр солих хүчирхийллийн хувьсгал бус ардчилсан хувьсгал хэмээх том хувьсгалаас уламжлан төрж бүхий бага хувьсгал. Ухаандаа соёлын хувьсгал, газар тариалангийн хувьсгал, эрүүл мэндийн хувьсгап гэдэг шиг дотоод хувьсгал. Энэ утгаар манай сонгогч олон нийт одоогийн төр засгийн дээд өндөрлөгт дэвшин гарч ирээд байгаа Х.Баттулга, Г.Занданшатар У.Хүрэлсүх тэргүүт бэлгэдлийн сайхан нэртэй, шулуун шударга үг яриатай, үе тэнгийн насны, ихэр мэт идэр залуу эдгээр удирдагчид маань Монгол Улсыг өнөөгийн хамаг зовлонгоос нь салгаж, Монгол хүмүүсийг үнэхээр эдэлж үзээгүй жаргалыг нь эдлүүлээд амар жимэр амьдруулаад өгөх байх гэж айлчин гийчнээс чихэр жимс горьдсон хүүхэд мэт тэдний үг яриа, үйл хөдлөл бүрийг нь дагуулан ширтэж байна. Тэд юуны өмнө алдсаныг олж, тасарсныг залгаж, бутарсныг эвлүүлж, эдлээгүйг эдлүүлж магад хэмээн итгэж хүлээж байна. Алдсан гэж монгол төрийн нэр хүнд, тасарсан гэж төрийн минь сүлд өршөө хэмээн залбирдаг олон түмний сэтгэлийн уяа чагтага, бутарсан гэж үндэсний эв санааны нэгдэл, эдлээгүй гэж бүх нийтийн чинээлэг хангалуун аз жаргалыг хэлж байна. Энэ төр засагт хийх хэрэгтэй ажил их байна. Эр зориг гаргах хэрэгтэй байна. Эе эвээ хичээх хэрэгтэй байна. Эрчтэй хүчтэй, завсар зайгүй зүтгэх шаардлагатай байна. Хариуцлагын хувьсгал гэдэг бол Монгол Улсын хувьд цоо шинэ зорилт. Хариуцлага нь уг чанартаа амьд байгалийн харилцан шүтэлцэж оршин амьдардаг бодит зүй тогтол мөн юм. Хамгийн энгийн жишээ гэхэд ингэ тугалладаггүй, зөвхөн ботголдог, гүү ботголдоггүй зөвхөн унагалдаг, үнээ унагалдаггүй зөвхөн тугалладаг, хонь ишиглэдэггүй зөвхөн хургалдаг, ямаа хургалдаггүй зөвхөн ишиглэдэг учраас манай мал сүрэг хоорондоо төрөл холилдон чанар чансаа нь муудцаггүй таван төрлөөрөө өсөн үржиж байдгийг байгалийн өгөгдөл бүхий хариуцлага мөн хэмээн бүдүүвчилж болох биз. Өөдөө урсдаг гол мөрөн, уруугаа ургадаг мод ургамал гэж байдаггүй нь тийм байж болдоггүй зүй тогтолтой учраас л тэр юм.Ингэхлээр хариуцлага гэдэг бол хорвоо ертөнцийн бүх юмс үзэгдэл өөр өөрийнхөөрөө оршин байх жам ёсны хэлбэр мөн байна. Энэ талаас нь харваас төр нийгмийн хариуцлага сахилга бат, шударга ёс гэдэг бол төр засаг нь ч, иргэн хүн нь ч хийх л ёстой үүрэг даалгавраа хийх л ёстой цаг хугацаанд нь, мөрдөх ёстой ном дүрмээр нь байвал зохих чанар стандартаар нь ёсчлон гүйцэтгэх явдал мөн байна. Энэ утгаараа бол хүний нийгмийн хөгжил дэвшлийн хүчирхэг дапь жигүүр яалт ч үгүй мөн. Даль жигүүр нь үгүй болсон бол бүргэд тас, харцага шонхор аль нь ч байлаа гэсэн амьдын сайхан хорвоогоо орхин одохоос өөр аргагүй. Түүнчлэн хэрвээ хариуцлага хэмээх төр нийгмийн хүчирхэг дапь жигүүр нь үгүй байсансан бол Япон, Хятад, Герман, Итали, АНУ, Англи ,Франц гээд аль нь ч одоогийнх шиг ингэж үсрэнгүй түргэн хөгжихгүй байсан биз. Монгол Улс тэдгээр орон шиг хатуу тогтсон хариуцлагатай, үнэнч шударга ёс дэглэмтэй байсансан бол өдийд Азийн нэг бар болсон байх байсан. Тиймээс эдүгээ хэрэгжүүлж эхлэх гэж байгаа манай энэхүү хариуцлагын хувьсгал бол Монголыг дэвшил хөгжлийн хүчирхэг даль жигүүртэй болгож үлгэр домгийн хэллэгээр дүрсэлбэл монголыг үүлэн борын хурдаар хөгжүүлэх бүх ард түмний ухамсартай үйл хэрэг байх ёстой биз. Гэвч сайн юманд саад их тохиолддог нь үнэн. Бяцхан түүх сонирхуулъя.Жожиг цанхир хонийг дагаж бараадсан эр сувай голдуу хонь, ямаа сүргээсээ тасарч хээр хоножээ. Маргааш өглөө нь баруун өндрийн оройгоор элээ тас эргэлдэж байхыг эрт босдог эмээ нь ажиглаад,-Хүүхээд, хонь мал чинь бүрэн байна уу. Баруун хайрхны оройгоор бараан шувууд эргээд байх чинь юу билээ хэмээн сануулаад орхиж. Бэр бүсгүй нөмгөн гарч ирээд хоттой хонин дотроо жаал эргэлдэж байгаад,-Яана аа ээж ээ, танай сэтэрт цанхир, манай бандийн шар нүдэн, бантихайн хөх хүзүүт гээд хэдэн эр хонь алга байна.-Хөөе, ах аа босооч ээ, Та өчигдөр хонио хотлуулахдаа хагасыг нь хээр орхичихсон юм биш үү?-За тэгж таарна аа. Манай энэ залхуу хар. Бушуухан морьдоо авчраад явцгаа. Аав нь ийнхүү цухалдан самгардуулав.Тэр хот айлын хэдэн эрчүүд ундуй сундуй алга болж өгөв. Хоёр боохой тавиад хонь ямааны багалзуурыг тасдахыг тасдаад, гэдсийг нь хүүлэхийг хүүлээд, хонгыг нь ухаж хүртээд явчихсан байж. Тэр даруй мөнөөх залхуу эрс чонын араас хөөцөлдөж нэгийг нь намнаад нөгөөг нь шархдуулж амьсгаа нь жаахан намдсан аж.Тийнхүү мянга мянган жилийн түүхээр нэгэнт хэвшин тогтсон дэг жаягийг зөрчин хотондоо хотлохгүй хээр хоносон хоньдыг цаазаар авч, малаа эзэгнэн маллах үүргээ хөсөрдүүлэн хариуцлага алдсан малчныхыг олон малаар торгож, мал, малчин хоёрт шударгаар хариуцлага тооцож шийтгэл хүлээлгэсэн мөнөөх чин шударга хоёр боохой хүний гарт ийнхүү хэлмэгджээ. Хүмүүнчилбэл үнэнхүү хариуцлагатай төр засаг энэхүү хоёр боохой шиг байдаг юмсанжээ. Мөнөөх чоно нь чоно биш уул уурхайн гадаад хөрөнгө оруулагч эзэд, хонь нь хонь биш алт, мөнгө, зэс.цайр, малчин нь малчин биш манай төр засаг байсан байвал яалт ч үгүй манай хариуцлагагүй засаглалын үнэн дүр төрх мөн болж таарна буй за. Ард олны аман яриагаар хэлбэл Монгол Улс өнөөдөр үхэх сэхэхийн даваан дээр тулж ирчихээд байна. Нэг бол үхнэ. Нөгөө бол сэхнэ. Үхэх сэхэхийн хооронд өдгөөгийнх шиг үлгэн салган хоног өнгөрөөх орон цаг байхгүй. Чоно мэт хазах шүдтэй хариуцлагын дэг журам тогтоож чадвал л монгол сэхнэ. Сэхэхээр үл барам наад зах нь Сингапур зэрэг хариуцлагатай орныхон шиг баян чинээлэг амьдралтай болж чадна. Ийм л нэгэн амаргүй хувьсгалт үйл хэргийг манай өнөөдрийн төр ба засгийн газар эр зориг гарган эхлүүлж байна. Ямар ч атугай төрд шургалдаг хулгайч завшигч нарыг өлөн чоно шиг алагчин талагчингүй адилхан багалзуурдаж чадцаг болсон цагт зөвхөн тэр цагт өнөөгийн Монгол Улс хамаг муухай зовлонгоо сэгсэрч чадна. Зөвхөн тэр цагт зовлонд нэрвэгдсэн монголын өлсгөлөн ард түмэн мөр бүтэн гэдэс цатгалан, толгойдоо эрдэмтэй, сэтгэлдээ хайр энэрэлтэй ард түмэн болж магнай тэнийх болно. Тэр цагт манайд “Төр төмбөгөр, ёс ёмбогор” байдаг байсан хариуцлагатай шударга зарчим хэвшин тогтоно биз.Тийм ээ, чин шударга хариуцлага гэдэг бол диваажинд дөтлүүлэх үүлэн бор морь, орчин цагийн ойлголтоор бол хөгжил дэвшлийн буухиа галт тэрэг мөн буюу. Тэр бор морь бол эмээ өвөө нар хөлд нь сууж байгаад чөдөрлөөд авдаг номхон морь огт биш. Түмэн олны тархи зүрх хоёрт нэг бүрчлэн шингэж байж сая улс орныг хөгжил дэвшилд, ард олныг баян дэлгэр амьдралд хүргэдэг үүлэн жигүүртэй нисдэг бор морь минь мөн билээ. Энэхүү үүлэн бор моринд Монгол түмний хүслийн хазаар ногт тааруулж, эмээл тохохоор зориглож байгаа учраас зөвхөн тэр л шалтгаанаар өнөөдрийн энэхүү төр засгийг ард нийтээрээ дэмжиж байна. ХАРИУЦГЛАГА, ХАРИУЦЛАГА, ХАРИУЦЛАГА, БАС ДАХИН ХАРИУЦЛАГА ГҮЙЦЭЭ!Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Сэтгэгдэлүүд