Дэлхийн үйл явдал

Улсын шалгалтад хиймэл оюуны технологи ашигласан гэх дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд огцорлоо

Таны сэтгэгдэл

Элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюуны технологи ашиглан хууран мэхэлсэн үйлдэл гарсан тухай дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд Чой Кё-жин албан тушаалаасаа огцорлоо.

Пүрэв гарагт болсон их сургуулийн элсэлтийн шалгалт буюу “Сунын” (Suneung)-ы үеэр хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглан хууран мэхлэх явдлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан нь тодорхой хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд үүнд өөрийгөө буруутгаж, бүрэн хариуцлага хүлээж байгаагаа сайд мэдэгдсэн байна.

Долоо хоногийн өмнө татварын мэргэшсэн нягтлан бодогчийн улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн бичил камер, гар утас болон хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашигласнаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүний улмаас эрх баригчид дараа дараагийн шалгалтын үеэр нууц төхөөрөмжүүдийг илрүүлэх яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.

Нийт есөн цаг үргэлжилдэг “Сунын” шалгалт нь Өмнөд Солонгосын сая сая иргэний ирээдүйн ажил мэргэжлийн замналд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ёнхап агентлаг Ням гарагт мэдээлснээр сайд Чой “Хариуцсан сайдын хувьд би урьдчилан бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй гэсэн шүүмжлэлээс зайлсхийх аргагүй юм” гэж хэлжээ.

Тэрбээр цааш нь “Шалгалт дууссан тул би хариуцлагаа гүнээ ухамсарлаж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байна” гэж хэлсэн байна.

Одоогийн шалгалтын тогтолцоог бүрмөсөн шинэчлэхийг уриалж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён сайд Чойн огцрох хүсэлтийг хүлээн авчээ.

Боловсролын яамны мэдээлснээр 500 орчим мянган сурагч оролцсон энэ жилийн “Сунын” шалгалтын үеэр 111 шалгуулагчаас хориглогдсон ухаалаг төхөөрөмжүүд илэрсэн байна.

Хиймэл оюун ухааны төхөөрөмж ашиглан хууран мэхэлсэн тухай мэдээллүүд гарсны дараа маш өрсөлдөөнтэй болдог энэхүү шалгалтын үеэр шударга бус үйлдэл гаргах вий гэсэн болгоомжлол эрс нэмэгдээд байв.

27
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

889 нийтлэл

Сэтгэгдэл бичих