УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2027 оны төсвийг баталлаа. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах хуультай. Тиймээс хуулийн хугацаанд нь багтаан ийнхүү баталлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт төсөв батлагдсаны дараа “Төсвийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал болон гишүүдэд нь талархал илэрхийлье. Манай улсын хувьд макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайн байх төлөвтэй байгаа. Гэхдээ удаан үргэлжилсэн үнийн өсөлт иргэдийн орлогыг сорж байна. Мах, махан бүтээгдэхүүн жилийн өмнөхөөс 44 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлт айл өрхүүдийн хаалгаар бүрэн орохгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм үед төрийн үүрэг бол иргэд, айл өрхүүдийн орлого, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хамгаалах явдал. Яг энэ зарчмын дагуу ард иргэдийнхээ амьжиргаа, орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсөв баталлаа.

Ирэх онд иргэдийн цалингийн орлогын 792 мянган төгрөгөөс нь хувь хүний орлогын албан татвар авахгүй. Энэ хэрээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.

2026 оны төсвийн тодотголоор баталсан суурь тэтгэвэр 2027 оноос бүтэн жилээр олгогдож дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрнэ.

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.

Даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь чөлөөлнө.

Ипотекийн зээлд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж зээлээ хүлээсэн 16 мянган иргэд зээл олгоно.

180 орчим бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 250 тэрбум төгрөгөөр буурна. Гарааны бизнесийн эхний гурван ажилтныг 36 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Давхар ажил эрхэлдэг иргэн нэг ажлаа сонгож нөгөөгийнх нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Ахмад настныг ажиллуулж буй ААН нийгмийн даатгалмын шимтгэлээс чөлөөлөгдөнө” гэв.

2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41.3 их наяд, зарлага нь 43.6 их наяд төгрөг.

Засгийн газар төсвийн төсөлтэй хамт Оюутолгойгоос орж ирэх гурван их наядын ногдол ашгийн хоёр их наядыг нь эрчим хүч, боловсролын салбарын төслүүдэд зарцуулах санал оруулж ирсэн. Гэвч явцын дунд Засгийн газар уг саналаа татаж авсан юм. Ингэснээр төсвийн хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний зарим төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр өөрчилсөн.

2027 онд хөрөнгө оруулалтад 5.77 их наядыг зарцуулж 815 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 497 төсөлд 2.55 их наяд, шинээр эхлүүлэх 318 төсөлд 3.22 их наядыг зарцуулах юм. Мөн нийт хөрөнгө оруулалтын 88.6 хувь нь барилга байгууламжид зарцуулагдах ажээ. Тухайлбал, 94 сургууль, 419 цэцэрлэг, 42 дотуур байр, 36 эмнэлэг, 375 км авто зам ашиглалтад оруулж, боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 2.1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 2027 оны эхнээс ахмад настны тэтгэврийг нэмэх юм.

Засгийн газар 2027 онд эдийн засаг 5.8 хувиар өсөж, инфляц найман хувьтай байна гэж тооцоолсон.