нийтлэлчийн булан

Л.Мөнхбаясгалан: Монголчууд уух усгүй болох нь уул уурхайн төлөө ажиллагсдад хамаагүй болжээ

Таны сэтгэгдэл

-Монгол хүний амьд явахын төлөө ууж буй ус, уул уурхайнхны ашиг олохын тулд хэрэглэж байгаа уснаас хоёр дахин үнэтэй байна-

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.      

-Усны тухай хуулийн төслийг бариад орж ирэхэд чинь УИХ-д нэр дэвшихдээ яагаад говийн бүсийг сонгосон юм бол гэж бодож байлаа?

-Би өөрөө саналаараа говийн бүсийг сонгож өрсөлдсөн юм. Яагаад гэхээр нэгдүгээрт говийн бүс хамгийн их уул уурхайтай. Хоёрдугаарт хамгийн эмзэг эко системтэй. Дээрээс нь хамгийн их хууль бус үйлдэлтэй, хамгийн их олигархууд тэндээс төрсөн. Тиймээс тэмцэх гэж тэнд очсон.

-Парламентад ороод ирэхээр тэмцлийн хууль ёсны хэлбэр нь хууль санаачлан батлуулах. Хамгийн түрүүнд тэнд тэд юуг сүйтгэж байна, түүнийг нь хамгаалах гээд байгаа юм байна?

-Газар нутаг, монгол хүн, Монгол эх орноо хамгаална. Энэ л эрх ашгийг хамгаалахын тулд би энд орж ирсэн. Эрэн сурвалжлах нэвтрүүлгээ л хийж чадахгүй байгаа болохоос биш сэтгүүлчийн маань хийдэг байсан ажил өөр ч зорилго, тэмцэл маань хэвээрээ.

-Харин ч их гүн гүнзгий, өргөн хүрээтэй мэдээлэл судалгаан дотор “эрэн сурвалжлага” хийж байгаа юм биш үү?!

-Тэр ажлыг харин сайн хийж байгаа. Би анх гишүүн болоод мэдэхийг хүссэн бүх мэдээллээ авч, уншиж үзсэн. Тэр чинь бидэнд олдоггүй мэдээлэл байдаг бол УИХ-ын гишүүнд бүгд нээлттэй.

-Тэгэхээр зарим зүйлсийн талаарх ойлголт өөрчлөгддөг юм байна уу. Эсвэл улам баталгаажиж байна уу?

-Тэр их мэдээлэл, судалгаа юуг ч өөрчлөөгүй. Харин ч сэтгүүлч байхдаа дэвшүүлж, хэлж ярьж байсан олон зүйлс улам бүр баталгаажиж, зарим тохиолдолд би бүр айх, гайхахад хүрсэн. Төсөөлж байсан юмс түүнээс хэд дахин аймаар байсан.

-Тэр үед сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд баярлав уу. Чи чадаж байсан байна, үнэн байсан байна гээд?

-Хөөрхий минь чи өөрийнхөө чинээндээ зөв явж байсан байна шүү гэж бодсон. Одоо харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан намайг хараад боож үхэх гэж байгаа байх даа. Чи хамаг юман дотор орчихоод бүгдийг нь дэлбэ татаж чадахгүй байна гээд.

-Санаан зоргоор дэлбэлж болдоггүй юм байна уу?

-Болохгүй. Улсын нууц, үүрэг хариуцлагатай. Тэр үед сэтгүүлч байхад бол өөр шүү дээ…

-Энд зарим хэсэг нь хувийн амьдралаа өөрчлөх гэж орж ирдэг юм биш үү. Гэтэл та улс орны амьдралыг өөрчлөх тухай ярьж байдаг?

-Харин тийм. Гэнэн байна уу? Уг нь бол надад дутагдах юм юу ч байгаагүй шүү дээ. Нэр төртэй, ажилтай, эрч хүчтэй амьдарч байсан хүн улс төр рүү орж ирсэн. Яагаад улс төр рүү орж ирсэн бэ гэхээр Чимэдийн Хүрэлбаатарын санаачилсан хуулиас болсон юм. Нөгөө Монголын газар нутгийг 100 жилээр гадныханд түрээслэнэ гэдэг хууль. Тэгэхэд тэрийг УИХ-ын дөрвөнхөн гишүүн эсэргүүцсэн. Бид гадуур явж санал цуглуулсаар хуулийн төслийг буцааж байсан юм. Тэгээд ингэж эх орноо хүнийх юм шиг хөндлөнгөөс хараад сууж байж болохгүй юм байна. Би тэнд очих ёстой юм байна гэж шийдсэн.

-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл таны санаачилж, Ажлын хэсгийг нь ахалж буй анхны төсөл. Хэлэлцэх эсэх санал хураалтыг та бүхэн хойшлуулчихлаа. Болгоомжлох шалтгаан байсан уу. Ер нь яагаад дэмжихгүй байх гэж. Ус гэхээр хэн ч яагаад ч хойшлуулж  болохгүй, бүүр татгалзаад байхгүй л төсөл баймаар юм?

-Усны тухай хууль 2006 онд анх батлагдаад 2012 онд шинэчилсэн найруулга хийснээс хойш 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ тэд өөр нэг хууль батлагдахад дагах хуулийн хүрээнд нэг, хоёр өгүүлбэр төдийгөөр өөрчлөгдсөөр явсан. Гэтэл 2012 оноос хойш энэ хүртэлх 14 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдсан. Монгол Улсын нийт газар нутгийн 76.1 хувь нь цөлжсөн. Энэ бол их хэмжээ. Монгол Улсад жилд дунджаар 261 гол, мөрөн, 258 нуур, тойром, 623 булаг, шанд хатаж ширгэдэг. Сүүлийн жилүүдэд горхины 7.5 хувь, булаг, шандын 1.7 хувь нь хатаж ширгэсэн байна. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс болоод мөсөн голууд хайлж эхэлсэн. Эдгээр хүчин зүйлстэй зэрэгцээд уул уурхай идэвхтэй хөгжиж байна, мал сүрэг үржиж байна, хүн ам өсөж байна, барилга хот байгууламж нэмэгдэж байна. Иймд Усны тухай хуулийг шинэчлэхээс аргагүй болсон. Манай хуулийн гол концепц, үзэл баримтлал нь нэгдүгээрт, монгол хүн. Хүнийг яагаад нэгдүгээрт тавьсан бэ гэхээр өнөөдөр есөн аймгийн 56 сумын 817 мянган иргэн ундны цэвэр усгүй байна. Нэн яаралтай ундны усны эх үүсвэр олж өгөөч гэдэг хүсэлтээ Засгийн газарт тавиад олон жил хүлээж байна. Үүнд хайгуул хийж, ундны цэнгэг усны эх үүсвэр олох ёстой. Хайгуул хийх мөнгө нь байхгүй гээд л байгаад байдаг. Байгаль орчны салбар ихэвчлэн төсөл, хөтөлбөр тусламжаар явдаг салбар болчихсон. Хоёрдугаарт, нийтдээ 3000 гаруй уст цэгт, тэр дундаа сум, аймгийн төв, Улаанбаатар хотын ундны усанд НҮБ-аас судалгаа хийхэд тэдгээрийн 40 хувь нь хүн ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Шалтгаан нь янз бүрийн бодис агуулагдаж байна. Гэдэсний савханцар үүсгэдэг. Хорт хавдар үүсгэдэг. Хүүхэд суулгадаг, ураг амьгүй болдог. Уг судалгааны дүнг эмхэтгэсэн “Монгол Улсын төв суурин газрын ундны усны чанарын судалгааны нэгдсэн товчоо” гээд ном байна. Энэ судалгаандаа үндэслэн НҮБ-аас “Яаралтай ундны цэнгэг ус олох шаардлагатай” гэдэг зөвлөмжийг гаргасан.

-Байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн хортой бодис уу, эсвэл хүний үйл ажиллагаатай холбоотой юу. Тэрийг нь ангилж үзсэн үү?

-Хүний хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлт  аль алин нь нөлөөлж байгааг ангилж үзсэн. Монгол Улс ундны усны дутагдалд орж байна. Дэлхий үүнийг нь баталчихсан. Тийм учраас манай хууль хүнээ нэгдүгээрт тавьж, ундны цэнгэг усыг нь уул уурхайд ашиглуулахгүй, хайгуулаа хий гэж шахаж байгаа. Гэтэл үгүй ээ гээд эсэргүүцэж байна. Яагаад монголчууд цэнгэг, цэвэр ус ууж болдоггүй ард түмэн юм бэ?

Ер нь сүүлийн хорин жилийн улс төр, төрийн бодлого уул уурхайн л төлөө байсан юм байна. Уул уурхайг яавал сайн сайхан, саад тотгоргүй байлгах вэ, яавал илүү ашигтай болгох вэ, яавал илүү хөнгөлөх вэ, яавал яавал гээд хамаг бүхнээ бариад нөгөөдүүл нь хэт даварсан байна. Зөвхөн ганц жилийн буюу 2025 оны статистик мэдээллээр уул уурхайн салбарын уснаас хөнгөлүүлсэн мөнгө нь 887 тэрбум буюу нэг их наяд төгрөгт дөхөж байна. Тэгээд одоо дахиад илүүг хүсэж байна. Бид усаа дахин ашигла, дахин ашигласан усаа л хэрэглэ. Түүнээс биш монголчуудын унддаа уух ёстой цэнгэг усыг битгий уул уурхайдаа хэрэглэ гэдэг хууль гаргах гэхээр өнөөдөр УИХ дээр лобби хийж орж ирж байна. Сая Армен улсад болсон биологийн олон янз байдлын хуралд би очиж оролцоод ирлээ. Энэ хурлаас гаргасан тунхаглалд уул уурхайн салбарт олгож байгаа энэ мэт байгальд хор хөнөөлтэй, хүнд сөрөг нөлөөтэй татаасуудыг хориглохыг уриалсан. Тэдгээрийг аль болох байгальд ээлтэй татаас болгон хувиргая гэдэг тэрхүү тунхаглалд манай улс нэгдэж ороод ирсэн чинь цэнгэг усаа ард түмнээсээ харамлаад уул уурхайд үнэгүй шахам ашиглуулах эрх ашгийг парламент нь илэрхий хамгаалаад байж байна шүү дээ.

-Уул уурхайд өгч байгаа хөнгөлөлтийг болиулж, цэвэр усны нөөцийг тогтоох хайгуулд хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үзэж байна уу?

-Усны экологийн суурь үнэлгээ гэж байдаг. Тэр бол усны суурь үнэлгээ. Түүнийг 2011 онд Засгийн газар баталсан. Түүнээс хойш нэг ч өөрчлөлт ороогүй. Гэтэл тухайн үед доллар 1200 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3600 төгрөгт дөхөж байна. Талх 600 төгрөг байсан нь одоо 3000 төгрөг давчихсан. Төгрөгийн ханш гурван удаа навсайтлаа уначихсан байхад манай усны үнэ хэвээрээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар -2012 онд Усны нөөцийн төлбөр авч байгаа хувь хэмжээ буюу дээд, доод хэмжээг тогтоосон. Тэр хоорондох үнэ тарифийг Засгийн газар дахин тогтоодог. Манай Засгийн газар 35 хувиар авдаг нь маш бага. Тэгэхээр уул уурхайд хэрэглэж байгаа 5 тонн ус нэг хайрцаг тамхины үнэд хүрэхгүй байгаа. 6000 төгрөгөөс хямдхан. Таван тонн ус гэдэг гэр хороололд амьдардаг нэг хүний 5 сарын хэрэглээ. 1200 хонь нэг өдөр уух ус. Одоо хамгийн их ус хэрэглэдэг аж ахуйн нэгж бол Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн уурхай байна. Оюутолгойд секундэд буюу нэг гэж тоолох зуурт 800 гаруй литр ус зарцуулагдаж байгаа. Тэгэхэд ус нь тийм хямдхан байж болох уу. Өнөөдөр уул уурхайд ашиглаж байгаа нэг литр ус 1 төгрөг 20 мөнгө байна. Монголчуудын ундандаа хэрэглэдэг, монгол хүний уудаг ус 2 төгрөг байгаа. Монгол хүн уул уурхайгаас илүү үнэтэй ус уудаг. Гэхдээ тэд ашиг олохын тулд биш зүгээр л амьдрахын тулд ууж байгаа ус нь ийм үнэтэй байна. Гэтэл тэр ашиг олоод мөнгө нь хэдэн тэрбумаар эргэлдэж байгаа хүмүүс Монголын хүмүүсээс илүү хямдхан ус хэрэглэдэг гэж юу байдаг юм бэ?!

-Энэ хууль үүнийг өөрчлөх үү?

-Өөрчлөх байсан. Усны үнийг гурав дахин нэмнэ. Гэхдээ унд, хэрэглээний ус, газар тариалан, мал аж ахуй, ундаа, хөнгөн, хүнсний үйлдвэрийн усны үнийг нэмэхгүй. Зөвхөн уул уурхай, баяжуулах үйлдвэр, олборлолт, хайгуул, дээрээс нь архи пиво, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн усны үнийг нэмэгдүүлж байгаа. Ашиг олох зорилгоор үйлдвэрлэлд ашиглаж байгаа усны үнийг нэмэх ёстой. Дэлхий нийтэд уул уурхайн компаниуд нийт хэрэглэж байгаа мөнгөнийхөө нэг хувийг байгалийг нөхөн сэргээх, усны хэрэгцээнд зориулах ёстой. Манай улсад дөнгөж 0,3-хан хувь байна. Яагаад ядаж дэлхийн жишиг рүү явж болдоггүй юм бэ. Тиймээс гурав дахин нэмж байгаа. Дээрээс нь дахиад нэг зүйл дээр уул уурхайнхан уурлаж байгаа. Тэр нь юу гэхээр та хайгуулын лиценктэй талбай дээрээ нөөц илрүүлээд ашиглалтын лиценз авья гэхэд өмнө нь усны нөөц байгаа эсэх, уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах боломжтой эсэх дүгнэлтээ эхлээд гаргаж өг гэхээр уурлаж байна. Уг нь би аж ахуйн нэгжийг хамгаалаад байгаа. Би таван сая доллараа зарцуулаад уурхай нээх гэж байхад тэнд ус байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байх нь хэнд ашигтай вэ? Логикоор бодоход ашиггүй. Тэгэхээр эд нар ашиглалтын лиценд аваад ус байгаа үгүйг нь ч мэдэхгүй цаашаа зараад байна гэсэн үг. Яг үнэхээр олборлолт хийх гэж байгаа хүн хүүш ээ усгүй газар юм авчихвал яах юм бэ гэж бодно биз дээ? Тэгэхээр “дундын наймаачид” үүнийг эсэргүүцэж байгаа юм байна. Энэ лобби хувьдаа уул уурхайтай, эсвэл уул уурхайн мөнгөөр санхүүждэг, хандив авдаг гишүүдийн эсэргүүцлээр илэрч байна. Баасан гарагийн хуралдаанаар /2026.11.06/ хуралдаанаар уг нь хэлэлцээд санал хураачих байсан ч лобби нь орж ирээд Г.Дамдинням сайд уурлаад эхлэнгүүт манай нам засварлага авчихлаа.

-Уул уурхайн сайд гэдгээрээ?

-Тийм. Би хэлэлцүүлгийн явцад Г.Дамдинням сайдыг Уул уурхайн сайд гэдгээр нь сонсоё, хэлэлцье, юу нь болохгүй байна, ярилцья гэж бодсон. Одоо тэнд дахиад ажлын хэсэг байгуулагдана. Зөвшилцөөд зүйл, заалт өөрчлөгдөж болно. Ер нь хуулиуд тэгдэг шүү дээ. Гэтэл тэгүүлэхгүй унагаа гэж байгаа байхгүй юу. Тийм үүргийг гишүүдэд өгөөд эхэлж байгаа юм.

-Гишүүд “миний энэ саналыг дэмжвэл, чиний тэр саналыг дэмжинэ” гээд харилцан тохиролцож, “наймаалж” байж хуулиа авч гардаг болсон юм биш үү?

-Яг үнэн. Ер нь тэгж явж ирсэн юм байна. Би анх удаа өөрөө хуулийн ажлын хэсэг ахалж УИХ-ын босго давуулах гэж байгаа. Уул уурхайн лобби байдаг гэдгийг бид сэтгүүлч байхаасаа л мэднэ шүү дээ. Гэхдээ ингэж төрийн эрх барих дээд байгууллага дээр улаан цайм ард түмнээ нулимж орж ирдгийг анх удаа өөрийн биеэр мэдэрч, нүүр рүүгээ нулимуулж байна шүү дээ өнөөдөр.

-Хууль санаачлах, төслөө хэлэлцүүлэхдээ “улс төрөө базна” гэж үүнийг хэлдэг юм байна л даа. Та тохиролцоонд орох ёстой юм байна. Миний энэ хуулийг дэмжвэл чиний тэрийг дэмжинэ гэж?

-Би одоо хуйвалдаанд орох ёстой л юм байна л даа. Гэтэл надад эрх ашиг байхгүй учраас нөгөө уул уурхайнхны хувьд надтай хуйвалдах их хэцүү болчихоод байна. Би нүүрс зөөдөг машингүй, уурхайгүй, худаггүй, банкгүй, тендер авдаг компанигүй, төрийн албанд ах дүү хамаатан саднаас байхгүй. Над шиг ийм гишүүд эд нарт илүү зовлон болдог юм байна. Бариад авах барьцгүй. Тохиролцож болдоггүй, өмч хөрөнгө байхгүй. Хэрвээ би нэг компанитай ч юм уу, замын компанитай байсан бол нэг, хоёр тендер шийдээд л нам. Тэгэхээр энэ миний сул тал уу, давуу тал уу?

-Тэгээд энэ чинь төрийн бодлого боловсруулах, батлах эрх мэдлийг хуйвалдаанаар хэрэгжүүлж байна гэсэн үг биз дээ?

-Энэ эрх мэдэл дээрээ үнэнч зогсоод ард түмний төлөө ажилладаг гишүүд зөндөө байна. Үүнийг наймалцаад бүүр сурчихсан, гаршсан менежер бас томилчихсон байдаг юм байна. Би тэдэнтэй тэгж хуйвалдахгүй ээ. Би үнэхээр болохгүй, зарчмын ганц нэг заалтыг өөрчилж болно гэж байгаа. Яагаад гэвэл УИХ юм чинь хэлэлцүүлгийн явцад ярилцах ёстой. Бүх юм миний зөв байх албагүй шүү дээ. Түүнээс хуйвалдаж бол өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байна. Одоо эсрэг лоббиг ихээхэн хийгээд энэ хуулийг батлуулахгүй гэх юм бол өөрсдийнх нь  тэр уул уурхайн бүхнийг дэлгээд тавьчихна. Тэгээд л нэг мөсөн үзэж тарсан нь дээр биз дээ.

-Төсөл одоо дэмжигдэхгүй бол дахиад өргөн барих хүртэл дор хаяж нэг жил хүлээх хууль, журамтай биз дээ?

-Жил өнгөрөхөд энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа бараг дуусна. MCS-ийг төлөөлдөг гишүүд бол бүүр нам унага, шууд унага гэж байгаа гэдэг мэдээлэл явж байна лээ. MCS Цогтцэций сумыг усгүй болгосон компани шүү дээ. Ер нь энэ уул уурхайнханд Монгол Улс хамаагүй байдаг юм билээ. Зүгээр л ашиг. Ашиг л байвал бусад нь хамаагүй. Уг нь би уул уурхайн бүх юмыг боомилох гээд байгаа юм биш. Манай хуулийн төсөлд хэчнээн гоё заалтууд байгаа гэж бодож байна. Эдийн засгийн хөнгөлөлт гээд гоё гоё заалтууд зөндөө байгаа. Эд нар даанч тэрийг нь ердөө харахгүй. Харсан ч тэр нь тэдэнд ач холбогдолгүй юм шиг байгаа юм. Олж буй ашгийнх нь дэргэд юу юм бэ гэж л бодогддог байх. Би ямартай ч Байгаль орчны багц хуулийг шинэчилчхээд эндээс бууна.

-Оюутолгойн ногдол ашиг дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– Рио Тинто бол одоо биднийг шоолоод инээгээд сууж байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгч нь хүртэл “иргэдийн дансанд өг” гэж хошгирууллаа. Наадах чинь байхгүй мөнгө, сонгуулийн PR. Гэхдээ яах вэ эд нар ингэж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө иргэдэд мөнгө тараана. Яг тараана. Яг наад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чинь тараана.

-Ерөнхий сайд Н.Учрал үгүй гэчихлээ?

-Тэгэхээр одоо манай Ерөнхийлөгч хариугаа авч наад Засгийн газрыг чинь огцруулна. УИХ-ыг тараана гэнэ. Тэгэнгүүт айсан УИХ, Засгийн газар яах ёстой вэ. Бүгдийг нь тарааж өгнө.

-Ингэж их эсрэг шүүмжлэл өрнөж байхад уу?

-Хараарай. Хэний ч үгийг тоохоо байсан. Олонхоороо түрж орж ирээд намын шийдвэр гээд пижигнээд орно шүү дээ.

-Уг нь Ерөнхийлөгч чинь намаасаа татгалзчихсан байгаа биз дээ?

-Тийм. Тэгээд л бүгдийг нь дуудаад загнаад байдаг. З.Энхболд өрсөлдөгчийгөө шоронтой ч юм шиг, шоронгүй ч юм шиг болгоод хаясан. Н.Алтанхуягийг одоо намнаад дууслаа.

-Гэлээ гээд өөрөө нэр дэвших эрхгүй биз дээ?

-У.Хүрэлсүх хуулиа өөрчилнө шүү дээ. 2017 онд Х.Баттулга нэр дэвших эрхгүй болсон. УИХ хурал дээр Сонгуулийн тухай хуулийг 7 минутад өөрчилж байсныг санаж байгаа биз дээ. Хууль зөрчөөд хуулиа өөрчлөөд л. Өлсгөлөн зарлаад яаж ч чадаагүй бид У.Хүрэлсүх гэдэг гоё Ерөнхийлөгчтэй болцгоосон.

-Ерөнхийлөгчийн хүссэн талд кноп дарах олонхын тоо бүрдчихсэн юм уу?

-Бүрдүүлнэ. Нэр дэвших эрхээр нь, дээрээс нь хэрэгт холбогдсон гишүүд нэлээд хэд байгаа. Тэднийг дуудаад л…

-Энэ чинь дарангуйлал, төрийн эрх булааж байгаа хэрэг биз дээ?

-Тийм. Одоо төгсгөлд нь Үндсэн хуулийн эргэлт хийх байх аа. Дахин нэр дэвших эрх авахаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байх.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чинь хугацаатай биз дээ?

-Тэрийг хугацаагүй болгочихсон. Хамгийн сонин нь Ерөнхийлөгчийн тухай хуулинд Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ тарна.  Тийм заалттай. Одоо хүчин төгөлдөр.

-Энэ танхимд дөрвөн жил ажилласны дараа зам хаашаа хөтлөх бол. Улс төрд үргэлжлүүлэх бодол төрж байна уу. Эргээд ер нь сэтгүүлчийн ажлаа хийж чадах уу?

-Улс төр яах вэ, хэрвээ чадвал нэг хуулин дээр нэг заалт өөрчлөхөд л хүмүүсийн амьдралыг өөрчилж болох юм. Маш олон хүний амьдралыг өөрчилж болох юм байна л даа. Би жишээ нь Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор төслийг хөөцөлдөж төсөвт 9 тэрбумыг тавиулахад л тэрийг дагаад ажил хийгдэж байгаа байхгүй юу. Хэчнээн гоё. Одоо Усны хуулиа батлуулах юм бол бас л их юм өөрчлөгдөнө. Ингэхээр сэтгүүлчээс илүү их юм хийж чадаж байна л даа. Хэрвээ хийж чадвал их олон хүний амьдралыг өөрчилж, их олон хүнд тус болж, энэ бохир нийгмийг цэвэрлэхэд хамаагүй илүү тийм түлхэцтэй, хүчтэй байр суурь юм байна. Буцаад сэтгүүлчээ хийвэл “Гэргий” нэвтрүүлгээ хийнэ ээ. Одоо улс төрийн юм оролдохгүй байх уу гэж бодож байна. Кино салбар руу оръё гэсэн бодол бас байдаг.

-Сэтгүүлчийн ажил гэдэг нэр хүнд, нөлөөгөө урт хугацаанд хадгалахад амаргүй ажил. Гэтэл та бараг 30 жил хадгалчихаад улстөрд орж ирсэн. Улстөрчийн карьерийг удаан барих хэр хэцүү бол?

– Тэгэхдээ УИХ гэдэг  үнэхээр лидерүүд юм байна. 126 лидер, 126 эго. Энэ дотор амьд үлдэнэ гэдэг нэг номерын асуудал. Салбар салбартаа манлайлагч нар эготой, түүндээ итгэчихсэн хүмүүс л УИХ-д өрсөлдөөд гарч ирж байгаа шүү дээ. Хувь хүнийхээ хувьд үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй, зоригтой, хийсэн бүтээсэн юмтай, эготой тийм 126 хүн нэг дор цугларч байгаа байхгүй юу. Тэр дотор доошоо живээд алга болох уу, дээшээ гарах уу гэдэг чинь бас жинхэнэ  потенциалын өрсөлдөөн болно. Улстөрчийн карьерийг яаж ч барих юм, яаж ч барьдаг юм мэдэхгүй. Ямар ч байсан ингээд явж л байна. Амласан амлалтаа биелүүлье. Шударга байх ёстой. Худалдагдахгүй шүү. Яриа хэлэлцээр, хуйвалдаанд оролцохгүй шүү гэсэн бодолтой л яваад байна. Тэгээд угаасаа надтай тохиролцдог хүн ч гэж байхгүй. Надад барьц байхгүй учраас.

-Бас дараа нь илчилж чадах учраас?

-Тийм.

2026.11.09  Даваа гараг № 008/4110

 

 

50

Сэтгэгдэл бичих