Дэлхийн үйл явдал

Европын холбоо Оросын хоёр олигархийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцална

Таны сэтгэгдэл

Европын холбоо Оросын хоёр олигархийн эсрэг авсан байсан хориг арга хэмжээгээ цуцлах болжээ. Франц улс үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор орос-узбек гаралтай тэрбумтан Алишер Усмановыг хар жагсаалтаас хасахыг шаардаж байсан юм. Харин Люксембург улс орос-израиль гаралтай бизнес эрхлэгч Михайл Фридманыг жагсаалтаас хасахыг шаарджээ. Михайл Фридман нь царцаагдсан хөрөнгөө чөлөөлүүлэхээр Люксембург улсыг шүүхэд өгөөд байгаа юм.

Оросын олигархиудыг хар жагсаалтаас хасахыг Латви улс эхэндээ эсэргүүцэж байсан ч эцэстээ буулт хийжээ. Гэхдээ хар жагсаалтад байгаа бусад 3000 орчим хувь хүн, аж ахуйн нэгжийн хориг арга хэмжээг гурван жилээр сунгах тохиролцоонд хүрсэн байна.

Харин Украин улс энэ алхам нь ОХУ-д буруу ойлголт төрүүлэх учир хүлээн зөвшөөрөх аргагүй гэж үзэж байна. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха хэлэхдээ “ОХУ хүссэндээ хүрээд хөл нь газар хүрэхгүй баярлана. Шийтгэлгүй өнгөрөх, Европын холбооны нэр хүнд унах, Европын хуваагдал, эдгээр нь Оросын хүссэн зүйл” гэжээ. Иймд Европын холбооны гишүүн орнууд дор бүрнээ Оросын хоёр олигархийн эсрэг хориг арга хэмжээ зарлахыг тэр шаарджээ. Одоогоор Латви улс энэ дагуу хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь Оросын хоёр олигархийг хоригоос чөлөөлөх асуудлыг нааштай хүлээж авч байв. Мөн тэрбээр Европын холбооны хоригийг хууль бус гэж нэрлээд, бүх оросуудыг хар жагсаалтаас хасах хэрэгтэй гэж мэдэгдэж байжээ.

Алишер Усманов нь “USM Holding”-ийг үүсгэн байгуулжээ. Тус группын эзэмшилд төмөр, ган, зэс нийлүүлэгчид болон “Megafon” харилцаа холбооны компани байдаг. Усманов өмнө нь Английн премьер лигийн “Arsenal”, “Everton” клубүүдтэй холбоотой байсан аж. Европын холбоо түүнийг Путинтэй онцгой ойр харилцаатай, Кремлийг дэмжигч олигарх гэж шошголон 2022 онд хөрөнгийг нь царцаасан. Гэвч энэ шийдвэрийг шударга бус гэж Усманов мэдэгдсээр ирсэн юм. Түүнийг хар жагсаалтаас хасуулах Францын санаачилга нь Азербайжантай хийхээр төлөвлөж буй хоригдол солилцох хэлэлцээтэй холбоотой бололтой.

Михайл Фридманы хувьд хөрөнгө оруулалтын конгломерат “Alfa Group”-ыг үүсгэн байгуулжээ. Европын холбоо түүнийг Оросын санхүүгийн салбарын томоохон төлөөлөл, Путины ойрын хүрээллийнхний үйл ажиллагааг дэмжигч гэж тодорхойлсон байна. Фридман Украин дахь дайныг дуусгах хэрэгтэй гэж хэлдэг боловч Путиныг шууд буруушаахаас зайлсхийдэг.

Эх сурвалж: BВС

61
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

620 нийтлэл

Сэтгэгдэл бичих