Дэлхийн үйл явдал

Сибирт жимсэнд явсан хоёр иргэн баавгайн дайралтад өртөж нас баржээ

Таны сэтгэгдэл

Сибирийн Эрхүү мужид зэрлэг жимс түүж байсан хоёр эр баавгайн дайралтад өртөж амиа алдсан талаар тус мужийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Хууль сахиулагчдын мэдээлснээр, тайгад жимс түүж байсан гурван хүн рүү баавгай дайрчээ. Уг золгүй хэрэг өнгөрсөн лхагва гарагт Москва хотоос зүүн зүгт 4,200 орчим километр (2,610 миль) зайд орших Лена мөрний эрэг дагуух алслагдсан ой модонд гарсан бөгөөд халдлагын улмаас 55 болон 65 настай хоёр иргэн амиа алджээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр “Баавгайн дайралтаас нэг иргэн амжиж зугтан болсон явдлын талаар мэдээлсэн” гэв. Цагдаагийн ажилтнууд болон анчдаас бүрдсэн эрлийн баг ой модны бүсээс амиа алдсан хоёр хүний цогцсыг олсон байна. Тэр үед баавгай дахин гарч ирж, түрэмгий авирласан тул тэд гал нээжээ. Баавгай тухайн бүсээс зугтсан бөгөөд эрх баригчид түүнийг мөрдөн мөшгихөөр ажиллаж байна.
“The Moscow Times” сонины бүртгэлээс үзвэл, он гарсаар Орос даяар баавгайн халдлагад өртөж амиа алдсан хүний тоо хамгийн багадаа 14-т хүрээд байгаа аж. Амь насанд хүрээгүй, гэмтэж бэртсэн тохиолдлууд үүнээс ч олон байгааг шинжээчид хэлж байна.
Хөрш зэргэлдээ Красноярскт өнгөрсөн Лхагва гарагт баавгай алслагдсан тосгонд амьдардаг иргэний гэрт нэвтэрч, 66 настай эмэгтэйн амийг хөнөөсөн талаар мөрдөн байцаагчид мэдээлсэн юм.
Байгалийн нөөц, экологийн яамнаас энэ жил баавгайн халдлага эрс нэмэгдсэн гэх мэдээллийг үгүйсгэж байна.  Тус яамны мэдээлснээр жилийн дундаж үзүүлэлт (амь насаа алдсан болон бэртсэн тохиолдлуудыг оруулаад) 20-оос 30-ын хооронд хэлбэлздэг аж. Орос улсад 2014 онд баавгайн халдлагын хамгийн олон буюу 166 тохиолдол бүртгэгдэж байжээ.
ОХУ-ын хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, одоогийн байдлаар 307 мянгад хүрээд байна. Эрх баригчид хаврын улирлаас хойш тус улсын хэмжээнд 530 гаруй түрэмгий баавгайг устгасан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
27
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

600 нийтлэл

Сэтгэгдэл бичих