нийгэм

Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?

0

Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг  буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан.

Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар,  16-18 насны хүүхдэд жилд 100 мянган төгрөгийн ваучер өгснөөр тэд урлаг, спортын төрөл бүрийн дугуйланд хамрагдах, ном, дэвтэр худалдаж авах, жүжиг, кино үзэх зэрэгт хамрагдах ажээ.

Мөн 16-18 нас нь эцэг, эхийн ч, сургууль, багш нарын ч хараа хяналтаас гарах гээд байдаг цонх үе.

Тиймээс тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, соёлын хэрэглэгч болгох бодлогыг хэрэгжүүлж буй нь энэ ажээ.

Дээрх 18 тэрбумын төсөв ч гэнэт гарч ирээгүй аж.

Өнгөрсөн 2023 онд баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.3-т .”Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно” хэмээн заажээ.

Тэгвэл 8.2-т “Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно” хэмээн заажээ.

Хуульд дээрх заалтыг оруулахдаа дэлхий нийтийн туршлагаас загвар авч оруулсан гэнэ.

Соёлын эрхийн ваучерийг Европын орнуудаас Франц, Испани, Герман, Итали улсуудад амжилттай хэрэгжүүлдэг бол Азиас Өмнөд Солонгост энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

Италид 18 настнууддаа  500 евртой тэнцэх соёлын бараа, үйлчилгээний эрх олгодог болоод найман жил болжээ. Энэ хугацаанд уг ваучерийг ном, сонин, дижитал соёлын үйлчилгээнүүд, музей, үзэсгэлэн,  цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбар, театр, бүжиг, гадаад хэлний курсуудэд зарцуулагдаж эхэлжээ.

2020-2021 онд  ковидын дараах соёлын салбараа сэргээхийн тулд Германы Засгийн газраас хоёр тэрбум  орчим ам.доллараар   санхүүжүүлсэн бөгөөд үүний 100 саяыг нь 15-17 насныханд зориулсан соёлын ваучерт зарцуулжээ. Тус улсын Соёлын сайдын хэлснээр, дээрх арга хэмжээ нь өсвөр үеийнхэн соёлын үйл ажиллагаанд  хамрагдаж сурах, цаашдаа амьдралын дадал хэвшлээ болгох ач тустай гэнэ.

Испанид 2022 оны 3-р сараас залуучуудад зориулсан 400 еврогийн  соёлын бонусыг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн л  ковидын  улмаас хохирсон соёлын бүтээлч салбаруудаа дэмжих зорилготой.  Тус улс нийтдээ 210 сая еврогийн соёлын эрхийн төслийг  281 мянган  залуус болон дүрвэгсэдийг хамруулан өгчээ. Ингэхдээ бодитоор үзэх тоглолтод  200 еврогийн дээд хязгаар тогтоосон бол  дижитал худалдан авалтад 100 еврогийн дээд хязгаар тогтоосон байна.

Герман, Испани аль аль нь  өсвөр насныхандаа  соёлын эрхийн бичиг олгодог Францын загвараас суралцсан гэнэ.

2021 оны 5-р сараас Францын Засгийн газар 18 настай залуучуудаа нийт 8000 гаруй урлагийн  байгууллагуудын соёлын үйлчилгээг багтаасан апликэйшнээс  дурын үйлчилгээгээ авах эрх бүхий 300 еврогийн соёлын эрх олгожээ.

Culture Pass програмын ард байгаа байгууллагын тоо баримтаас харахад нийт худалдан авалтын 75 хувь нь  ном руу чиглэсэн  бол ном худалдан авалтын  гуравны хоёр нь Японы манга авахад зарцуулагдсан гэнэ.

БНСУ-ын хувьд Соёл урлагийг дэмжих ажиллагааны тухай хуульдаа Соёлын эрхийн бичиг олгох заалтыг оруулаад, энэ оны гуравдугаар сараас олгож эхэлжээ.

“Залуучуудын соёл,урлагийн хөтөлбөр” хэмээх нэртэй Солонгосын Засгийн газрын хөтөлбөрийн дагуу  19 насныханд соёлын үйлчилгээний эрх олгох юм.  Хөтөлбөрийн хүрээнд нэг хүнд 150,000 вон  буюу 112 ам. доллар хүртэлх үнэ бүхий соёлын эрхийн бичгийг олгох бөгөөд мюзикл, сонгодог хөгжим, театрын бүтээл, үзэсгэлэн зэрэгт зарцуулж эхэлжээ.   Соёл, спорт, аялал жуулчлалын сайдынх нь мэдээлснээр  соёлын эрхийн үйлчилгээнд хамрагдсан  19 настанууд ирээдүйн соёл, урлагийн идэвхтэй хэрэглэгчид болох ажээ.

gereg.mn

Д.Дагвадорж: Одоогоор ямар ч багийг авах өгөх тухай зүйл яриагүй шүү!

Өмнөх нийтлэл

ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм