Олон улсын сэтгүүлчдийн холбоо сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл оруулсныг орчуулж хүргэе.
Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагджээ.
Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) болон түүний Монгол дахь салбар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо (МСНЭ) түүнийг нэн даруй суллахыг уриалж, цахим агентлагийг хаан,дуу хоолойг нь дарах гэсэн оролдлогыг шүүмжилж байна.
Арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь “Zarig.mn” редакцын оффист баривчилсан явцыг хэвлэл мэдээллийн ажилтнууд харсан.
“Facebook” хаяг дээрээ өндөр настантай холбоо бүхий шүүх хурлыг сунжруулж байгаа хүнлэг бус үйлдлийн талаар бичсэний дараа түүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу худал мэдээлэл тарааж, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр буруутгажээ.
Арван хоёрдугаар сарын 1-нээс 4-ний хооронд болсон сонсголын үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүх Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжсэн байна.
Мөн үүнээс өмнө, арван нэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Өнөрцэцэгийг Монгол Улсаас гарахыг хязгаарлах, урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ авахыг баталсан.
Мөн “The Media Council and Globe International Centre” мэдээлснээр Монгол Улсын хууль, захиргааны байгууллага “Zarig.mn” сайтыг хууль бус домэйний жагсаалтад оруулж Монголоос хандах эрхийг хаасан байна.
Ерөнхий редактор болон сайтад нь хориг тавьсны дараа “Zarig.mn” редакцын ажилчид арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд суулт зарласан. МСНЭ-ээс Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дижитал хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсний дараа “Zarig.mn” сайтыг 12 дугаар сарын 4-ний өдөр Монголоос хандах эрхийг нээжээ.
Н.Өнөрцэцэгийг сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбарт хийсэн ажлынх нь төлөө их онилох болсон. Нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар 2019 онд 19 зарга, 2020 онд дөрвөн зарга түүний эсрэг шүүхэд үүссэн байна. Эдгээр хэргийг улс төрчид мэдүүлсэн.
Шүүхэд ихэнх хэргийг амжилттай даваад гарсан ч Н.Өнөрцэцэгт 800 орчим ам.долларын торгууль ноогдуулсан нь Монгол Улсад ажилладаг сэтгүүлчийн дундаж цалингийн хоёр сартай тэнцэх мөнгөн дүн юм.
Арван хоёрдугаар сарын 8-ний өдөр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид сонсгол оролцож, түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн суллах хүсэлт шүүхэд гаргасан байна.
Мөн түүний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад хуулийн зарим зүйл, заалт зөрчигдсөн байж магадгүй, мөрдөн шалгах ажиллагааг зориудаар хурдасгасан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн активистууд Монгол Улсын хууль сахиулах байгууллага, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх чадварыг хязгаарлах зорилгоор ашиглан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг яллаж байна гэж мэдэгдсэн юм.
2020 оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн тус заалтад худал мэдээлэл тараах талаар тусгаж, хэрвээ тараасан тохиолдолд торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт ял оноодог. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш олон тооны сэтгүүлчид гэмт хэрэгт буруутгагдаад байгаа.
МСНЭ-ээс мэдээлснээр,
- Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,
- У.Уранцэцэг (Asu.mn),
- А.Баярмаа (Tas.mn),
- Ж.Баттуул гэх мэт 10 гаруй сэтгүүлчийг мөрдөн байцааж байгаа аж.
Ж.Баттуул нь “Цензургүй яриа” багийн сэтгүүлч. Тус баг одоогоор Монгол Улсад мөрдөгдөж буй гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүний шинэчилж болох найруулгын талаарх судалж, мэдээлж буй. Ж.Баттуулын УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гомдол гаргасан.
МСНЭ мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын газар нутгаас “Zarig.mn” сайтад хандах эрхийг хаах нь мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний зарчим болон хэм хэмжээг илт зөрчсөн хэрэг. Редакцын үйл ажиллагааг зогсоон, компанийг нь битүүмжлэхийн зэрэгцээ компанийг удирдаж буй хүнийг л ганц гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд хөндлөнгөөс оролцож буй явдал” гэсэн байна.
Харин “Олон улсын сэтгүүлчдийн холбоо” нь “Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллаж, Монгол Улсад ажиллаж буй сэтгүүлчдийг хөндлөнгийн саадгүй ажлаа гүйцэтгэх боломжийг олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хангахыг Монгол эрх баригчдыг уриалж байна” гэж мэдэгдлээ.
Нийтлэлийг эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: International Federation of Journalists
Сэтгэгдэлүүд