Онцлохулс төр

“Ерөнхийлөгчийн засаглал Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна“

0

Манай улс Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийгэм, улс төрөөс  авахуулаад олон зүйл өөрчлөгдсөн. Энэ хэрээр эцэг хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг.

Тийм ч учраас үе үеийн Засгийн газар уг хуулийг өөрчилнө гэж ярьсаар өнөөдрийг хүрч буй. Харин хамгийн амжилттай урагшилж яваа нь энэ удаагийн парламент. Учирнь, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөхөд санал нэгдсэн учраас 2016 оны сүүлээс уг хуулийг өөрчлөх ажлын хэсгийг олон талын оролцоотойгоор байгуулсан. Үүний дүнд өдгөө Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод буй. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг УИХ-д зургаан удаа сонгогдсон, туршлагатай парламентч гишүүн Д.Лүндээжанцан ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд хууль боловсруулалт эцсийн шатандаа орсныг өнгерсөн сард мэдэгдсэн. Энэ нь үндсэн болон дэд ажлын хэсгийнхэн төслийг бэлтгэж дууссан бөгөөд зургаан газраас санал авч эцэслэснээр УИХ-аар хэлэлцүүлж эхэлнэ гэсэн үг. Зургаан газарт Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, ШЕЗ, ЦЕГ-аас Үндсэн хуульд тусгасан саналыг нь авна. Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлт нь төрийн гурван өндөрлөгийн эрх үүргийг тодорхой болгох, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд тодорхой ялгаа зааг тогтоох юм. Ийнхүү уг хуулийг хэлэлцэх хугацаа дөхсөнтэй холбогдуулан Монгол Улсад нэг хүний эрх мэдлийг тоггоох, ноёрхлоо тогтоох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа эрчимжиж эхлээд байна. Тодруулбал, “Манай улсад хамгийн тохиромжтой нь Ерөнхийлөгчийн засаглал” гэх үгийг та ойрын хугацаанд олон нийтийн сүлжээнээс хэдэнтээ харсан болов уу. Үгүй бол твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд иймэрхүү утгатай зүйл ярьж буй хүний тоо эрс нэмэгджээ. Үүнийг нийгмийн захиалга гэж харахад өрөөсгөл бөгөөд Монгол Улсад нэг хүний ноёрхлыг тогтоохыг хүсэгчдийн кампанит ажил гэж харахаас аргагүй. Ийнхүү нийгэм даяараа биш ч тодорхой хэсгийн төвшинд засаглалын тогтолцооны талаар ид ярьж эхэлсэн энэ үед хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Засаглалын бүтцийг тогтооно гэдэг хэн нэгний, хэсэг бүлгийн хүссэнээр шийдчих асуудал огт биш бөгөөд тодорхой тооцоо судалгаа, геополитик, ложистик зэрэг олон талаас нь шинжлэх ухаанч байдлаар хандаж байж шийдэх асуудал юм. Энэ тухайд хуульчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Д.БАТСҮХ: МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ЗОХИМЖГҮЙ 

Д.Батсүх: Монголын хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч 

-Шинэ Үндсэн хуулийг батлаад 25 жилийн хугацаа өнгөрлөө. 25 жил бага юм шиг боловч хүний амьдралын насаар тооцвол чамгүй их хугацаа. Энэ хооронд Үндсэн хуулийн зохицуулалтын үр нөлөө нийгмийн харилцаандаа хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, хуулийн зохицуулалтын үзэл санаа, түүний ач холбогдлыг нь үнэлэх хангалттай хугацаа гэж бодож байна. 1992 оны Үндсэн хууль их сайн болсон гэж би боддог. Энэ хуулийг баталж байх үеийн улс төрийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй, хууль тогтоож байсан улстөрчдийн мэдлэг боловсрол, нийгмийн харилцаанд тохирсон Үндсэн хууль болж чадсан. Харин одоо бол нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ маш болгоомжтой няхуур хандаж, ард түмний хүсэл зорилго, санаа бодлыг сайтар тусгаж байж л өөрчлөх нь зүйтэй болов уу. Зарим хүний ярьж байгаагаар гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх тогтолцоонд шилжих ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлдэг. Гэхдээ Монгол Улсад нэг хүний эрх мэдлийг хэт нэмэгдүүлж төвлөрүүлсэн буюу Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох нь зохимжгүй. Эрсдэлтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайх шиг хоёр том гүрний дунд оршдог жижиг улсын хувьд эрх мэдэл нэг хүнд хэт төвлөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгуй байдалд халтай. Энэ утгаараа их эрсдэлтэй гэж боддог. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гээд яриад байгаагийн цаад хүчин зүйлсийг би 1999, 2000 онд хийсэн Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэж яригддаг өөрчлөлтийг засч, залруулахад чиглэсэн юм уу гэж хардаг. Энэ өөрчлөлт бол манай шинэ Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулсан өөрчлөлт болсон. Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал байдаг. Цаашид ч энэ байдлыг хадгалах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл үүнээс хэтэрвэл түрүүн дурдсан шиг улс орны Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулах талтай. Гэхдээ одоо байгаагаас нь дордуулж, хязгаарлаж болохгүй.

С ЗҮЛЬФИКАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХИЙГ БИШ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛБЭЛ ТӨР ТОГТВОРТОЙ БАЙНА 

/Монгол Улсын Удирдлагын академийн захирал, доктор С.Зүльфикар/

-Парламентын засаглалаас шууд Ерөнхийлөгчийнх рүү шилжихгүй нь тодорхой байх. Энэ тухайд эрдэмтдийн судалгааны үр дүн байна. Бас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн судалгаа хийсэн, зөвлөлдөх уулзалтыг ч зохион байгуулсан. 2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан хуулийн төслийг хэлэлцсэн байдаг. Хэрхэн Үндсэн хуулийг сайжруулах, засаглал ямар байвал болох талаас судалгаа хийсэн байдаг юм. Үр дүн нь Ерөнхийлөгчийн засаглал руу оруулахгүйгээр одоо байгаа хэлбэрээр нь хадгалаад, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондын харилцааг зохистой болгон улс төрийн тогтвортой байдлыг хангах төвшинд аваачих өөрчлөлт хэрэгтэй гэж гарсан. Бид Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих шаардлагагүй. Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлбэл тогтвортой төртэй байх, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлж засгийн бодлогоо аваад явахаас гадна засаг төрийн бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бий болно гэж судлаачийн хувьд үзэж байна. Бусад улс орны жишгийг харахад ч ийм байгаа бөгөөд манай улс төрийн туршлага ч үүнийг гэрчлээд байна. Ер нь тодорхой хугацаанд нэг засгийн хэлбэрээс нөгөө засгийн хэлбэр илүү юм болов уу гэсэн хэлэлцүүлэг нийгэмд дандаа өрнөдөг. Заримдаа нийгэм эдийн засгийн байдал сайжрахгүй байвал засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай ч ярьдаг. Гэтэл энэ нь тогтолцооны өөрчлөлт биш гэж бодож байна. Тогтолцооны цаана улс төрийн намууд гэж субьект бий. Өөрөөр хэлбэл, намуудын төлөвшилттэй холбоотой. Хэрвээ улс төрийн намууд сайн төлөвшсөн бол тогтолцоог яаж ч сайн байлгаж болно. Сайн тогтолцоог бас яаж ч муу болгож болно. Ийм л учир бид засаглалын шинэ хэлбэрийг сонгоно гэхээс илүүтэй энэ засаглалынхаа хэлбэрийг хэрхэн төлөвшүүлж, тогтвортой байлгахад голлон анхаарах нь зүйтэй.

О.МӨНХСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЙХ ЁСГҮЙ БҮРЭН ЭРХҮҮДИЙГ ХУУЛИАС ХАСАХ ХЭРЭГТЭЙ 

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор/

-Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн эрх нэлээд тэлэгдчихсэн. Жил ирэх тусам улам томроод л байгаа. Угаасаа Үндсэн хуулиар нэлээд олон бүрэн эрхийг өгчихсөн. Үүнийг хумих хэрэгтэй гэж ярих болсон нь ортой. Засгийн газар, Ерөнхийлөгчид хамаатай асуудлыг зөвхөн энэ УИХ дээр ч яриагүй. 2015 онд өмнөх парламентын үед байгуулсан ажлын хэсгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тэр үед ч энэ талаар хөндөж байсан. Судлаачдын хувьд ч хөнддөг сэдэв. 2016 оны сонгуулиар МАН ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг амлалт тавьж өрсөлдсөн. Тэгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний буюу 65 суудал авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгачихсан явж байна. Өмнө нь буюу 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байсан. Харин өмнөх төслийг боловсруулан өргөн барьж байсантай харьцуулахад одоогийн процесс хамаагүй илүү ил тод, олон янзаар хэлэлцүүлэг, шүүмж хийх боломжоор хангасан нь сайн. Энэ асуудлаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Зөвлөлдөх санал асуулга, наймдугаар сард олон нийтийн хэлэлцүүлэг тус тус зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн эрх мэдэл томроод байгаагийн гол шалтгаан нь Үндсэн хуульд заасан эрх мэдлээс болоод байгаа юм биш. Харин чиг үүрэгт нь үл хамаарах эрх мэдлийг хуулиар нэмж өгөөд байгаа учраас л томроод байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дэвшүүлж байна, энэ ажиллагаан дээр хяналт тавих, цаашид яллаад явдаг прокурорын дээд удирдлагыг, бүх шүүгчийг томилж байна. Шүүгчдийг нэр дэвшүүлдэг Ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг томилж байна. Эрх мэдлийн энэ төвлөрөл нь хонгил үүсгэж хүмүүсийг ялладаг болгочихпоо гэж зарим улстөрч хэлж байгаа шүү дээ . Яг ийм болсон эсэхийг мэдэхгүй ч ий м байдлаар урвуулан ашиглах эрсдэлтгзй. Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгох заалтыг Үндсэн хуулиас хасэхад л Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох, АТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргыг нэр дэвшүүлэх эрх мэдлийг хасч болно. Үе үеийн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг судлаад үзэхээр уулнаас өнхөрч байгаа цас шиг улам л томроод, хүчирхэгжэд байгаа. Үүнийг засах ёстой юу гэвэл засах ёстой. Парламентын засаглалтай гэчихээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар тэлээд, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулаад байж болохгүй шүү дээ. Тэрийг хязгаарлах хамгийн чухал зүйл нь Ерөнхийлөгчид хуулиар эрх мэдэл олгож болно гэдэ г заалтыг Үндсэн хуулиас хасах эсвэл Ерөнхийлөгчид байх ёсгүй бүрэн эрхүүдийг хуулиас хасах явдал юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөх нийтлэл

Д.Төрбат: Гутлынхаа түрүүнд харандаа, дэвтэртэй явдаг байлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох