-ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ ОЙРЫН ГУРАВ, ДӨРВӨН ЖИЛД ИЛРЭХГҮЙ-
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдсан ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын тагнуул, шүүхийн шийдвэр, прокурорын байгууллагын есөн хүнд холбогдох хэргийг зургаан өдрийн турш шүүсний эцэст мөрдөн байцаалтад буцаалаа.
Тагнуул, прокурорын байгууллагын удирдлагууд буруутгагдсан эрүү шүүлттэй холбоотой хэргийн тухай Хон Хэрээд овогт Б.Энхбаттай ярилцсанаа үргэлжлүүлэн хүргэе.
-Та хэцүү нэртэд байхдаа эрүү шүүлтийг өөрийн биеэр мэдэрсэн гэж ярьсан. Бас дээр нь эрүү шүүлт хэрэглэсэн нууцаа алдсан нь Б.Хурцыг хохь гэсэн. Одоо шоронгийн нөхцөл ямар байгаа бол?
-Өнөөдөр Монголын шоронгуудаар яваад эрүү шүүлтэд өртөөгүй хүнд ялтныг олоод ир гэвэл бараг байхгүй.Одоо ч тэр. Нэгэнт ийм байхад Хурц уг нь жудаг заагаад “Хариуцлагаа хүлээе. Миний цэргүүдийг чөлөөлчих. Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх нь миний үүрэг байсан, надад ч илрүүлэх хүсэл байсан. Тиймээс энэ хүмүүст би хэргийг илрүүлэх үүрэг өгсөн, араас нь шахсан. Харин манай хүмүүс жаахан хэтрүүлчихсэн байна. Миний генерал цолыг хураадагсанжуу, ял өгдөгсөнжүү хамаагүй” гээд л зогсож байх ёстой юм. Тэгвэл ард түмэнд ч гоё харагдана. Хурцаас ийм хүн чанар, эр зориг дутагдаад байна. Гэтэл “Би буруугүй. Би мэдээгүй” гэж новшрох чинь эр хүнд хэрэггүй зүйл л дээ. Эрүү шүүлт тулгаж байсан ялтнуудаасаа дор ааш гаргаад эхлэхээр муухай харагдаж байна. Уг нь Монгол Улсын хошууч генерал цолтой хүн. Ер нь эр хүний мөн чанар хутганы ир, бууны ам хоёр дээр л харагддаг. Яая гэхэв, Хурц баригдчихсан, баригдаагүй нь л хулгайч биш болохоос. Түүнээс биш ганцхан Хурц эрүү шүүлт хэрэглэсэн юм биш, мөрдөн байцаах алба тэр чигээрээ эрүү шүүлтийг хэрэглэдэг системтэй.
-Шүүх хурлын үеэр Б.Хурц хамгаалалт авчихсан байсан. Хамгаалалтад гарсан залуус танай “Даяар Монгол”-ынх гэв үү?
-Хурцын хамгаалалтад манай залуус явсан нь үнэн. Би үүнийг нуухгүй. Түүнээс биш би Хурцын зөв гэж хэлээгүй. Буруу ч гэж хэлээгүй. “Шүүх Хурцыг буруу шүүх гэж байна” гэж жагсаагүй. Зүгээр л тэр хүний аюулгүй байдлыг манай хэдэн залуус хамгаалсан. Энэ бол өөр асуудал.
-Б.Хурц өөрөө санал тавьсан уу?
-Тэр хүн хамгаалалт гуйсан. Энэ асуудал хамгийн гол нь юуг харуулж байна вэ гэхээр Хурц өндөр зэрэглэлийн мэргэжлийн тагнуулч хүн. Хурцыг Монголын нацистууд хамгаалж байна гэдэг Монголд биш, дэлхийд нэр хүндэд нь хэрэгтэй.
Эрүү шүүлтийн тухай чи түрүүн асуусан. Би өөрийнхөө үзсэнээр л хэлж байгаа шүү. Би судлаач хүн биш, онолч биш. Эрүү шүүлт чинь дотроо хоёр янз байдаг. Бие мах бод дээр хэрэглэдэг, сэтгэл зүй дээр хэрэглэдэг эрүү шүүлт гэж. Хамгийн аюултай нь сэтгэл зүйн эрүү шүүлт. Бие махбодыг зодож болно, ташуурдаж болно, мулталж болно. Сэтгэл зүйн эрүү шүүлт хамгийн эмзэг, аюултай нь. Баргийн эр хүн давж гардаггүй. Би гарч ирээд “Эцсийн хүсэл” гээд Авдрантын хорих ангиас оргосон хоригдлын тухай кино үзээд бөөлжис хутгалаа. Хоригдлын сэтгэл зүйг ойлгоогүй байж хоригдлын тухай кино хийнэ гэж байж болохгүй. Би өнөөдөр гайхдаг. Социализмын үед ч, зах зээлийн үеийн шоронд ч байсан би шоронгийн тухай бичиж чаддаггүй. Гэтэл захын нэг эмэгтэй, залуу шоронгийн тухай роман бичээд байх юм. Түүнийг нь ард түмэн амтархаж уншихыг яана. Шоронгийн торон хашаан дээгүүр өнгийж нэг үзээгүй хэрнээ бичдэг. Дээр нь гэмт хэрэгт орсон хүний сэтгэлийн зовлон, шаналал, гутралыг мэдээгүй байж яаж түүнийг бичих юм бэ. Энэ онигоогоо боль л доо.
-Тэгвэл та яагаад бичихгүй байгаа юм?
-Бичиж болно. Гэхдээ би уран бүтээлч хүн. Ийм заваан юмыг гэгээлэг сайхан амьдралтай хүмүүст ярих шаардлагагүй. Тодорхой хаалттай хүрээнд хуулийнхан, гүйцэтгэх албаныхан, эсвэл энэ чиглэлээр суралцдаг оюутан залууст би ярихад, лекц уншихад дуртайяа зөвшөөрнө. Ярьж болдог юм, ярьж болдоггүй юм гэж бий. Би мөнгө олохоо бодох юм бол хийлээ. Гэхдээ мөнгөнөөс илүү хүний ёс гэж нандин юм байдаг. Би жишээ нь үндсэрхэг үзэлтэй хүн. Шударга бус улстөрчдийн эсрэг тууштай зогсдог. Бусармаг юмтай эвлэрч чаддаггүй. Би өөрөө эрүү шүүлтийг бие махбодоороо болон сэтгэл зүйгээр давж гарсан. Эрүү шүүлттэй холбоотой асуудлыг шүүх хэлэлцэж байгаа энэ үед би хамгийн түрүүнд би орилж байх ёстой хүн биз. “Хурцыг ал, хядаад өг, ард түмээн” гээд. Гэтэл би чинь бас төрийн ёсоо хүндэлдэг, эрүү шүүлтийг ямар нөхцөлд хэрэглэдгийг мэддэг учраас тэр хүн тушаалынхаа дагуу ажлаа хийснийг ойлгож байгаа.
-Сэтгэл зүйн эрүү шүүлт хамгийн хүнд гэлээ. Ял сонссон энэ хоёр хүнийг сэтгэл зүйгээр дарамталдаг тухай ар гэрийнхэн нь багагүй ярьсан байдаг шүү?
-Сэтгэл зүйн эрүү шүүлтийг Чимгээ дээр хэрэглэсэн байдаг. Би бол өөр дээрээ ярихгүй. Жишээ нь, мөрдөн байцаагч нь орж ирээд “Хэргээ хүлээ, янхан минь, гичий минь”, “Чи хэргээ хүлээхгүй байгаагаас чиний арван хэдтэй охиныг чинь алчихлаа”гэнгүүт тэр хүн орилоод л ухаан алдаад унаж байна. Энэ чинь сэтгэл зүйн эрүү шүүлт. Охиныг нь “Ална” гэсээр байгаад алсан байгаа шүү дээ. Одоо харахад санамсаргүй, машины осол болгоод өнгөрсөн. Түүнээс гадна эрүү шүүлтийн тухайд хэлэх ёстой бас нэг зүйл бий. Сагсайдах гэж. Энэ үг чинь 90-ээд оны дундуур гарсан. Хэрэгт орсон хүмүүсийн ялангуяа эрчүүд дээр охин, эхнэр, эгчийг нь мөрдөн байцаагч нар хүчинддэг. “Дүүг чинь ялыг хөнгөрүүлнэ”, “Аавыг чинь суллана. Буудалд хүрээд ир” гээд л бэлгийн дарамтад оруулдаг. Аавдаа, ахдаа, хүүдээ, дүүдээ туслахыг хүссэн эмэгтэй хүн үүнд хууртдаг. Үүнийг одоо л хүмүүс ярихгүй байгаа болохоос аль эрт бий болсон заваан үзэгдэл. Доромжлуулсан хүн энэ тухай ярихгүй. Тэгээд бас “Эрэмдэг болгоно”, “Сохор болгоно”, “Дотны хүмүүсийг чинь шоронд хийнэ” гэдэг чинь наад захын сүрдүүлэг. Би “сагсайдах” гэдэг үгийг ярьж байгаа болохоос биш Сагсай прокурорыг яриагүй шүү, чи үүнийг оруулаарай. Эс тэгвэл намайг сонин хэвлэлээр гүтгэлээ гэж мэднэ.
-С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг нэг талдаа гараагүй, эрүү шүүлтийн асуудлаар сунжирсаар байна. Хурцын багийнхан яг зөв хүмүүсээ олсон эсэх нь эргэлзээтэй гэж та дээр ярьсан. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт холбогдуулж олон ч хүнийг цагдаж, барьж хорьж байсан гэдэг. Энэ хэргийг туршлагагүй мөрдөгч ч илрүүлчихнэ гэж та нэг удаа ярьсан байдаг. Яагаад тэр вэ?
-Зоригийг хөнөөсөн хэрэг гарснаас хойш энэ хэрэгт оролцсон улс төрийн нөлөө бүхий хүмүүс асуудлыг өөрсдөөсөө холдуулах гэж 20-иод жил оролдлоо. 20 жил энэ жүжгийг явууллаа. Уг нь Зоригийг хөнөөсөн хэрэгт оролцсон, хэргийн процедурыг мэдэж байгаа хүмүүс өнөөдөр байж л байна. Энэ хэрэг бол өөрөө бүх нотлох баримт нь ил. Бараг 10 жилийн хүүхэд ойлгохоор, бүр гэрч нь амьд байна. Энэ жүжиг хэзээ дуусах вэ гэвэл 90 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын төрд суудлаа бэхжүүлсэн хүмүүсийн эрх мэдэл дууссан үед илэрнэ. Ямартаа ч ойрын гурав, дөрвөн жилдээ энэ хэргийн захиалагч илрэхгүй.
-Шорон орны тухай ойлголт монголчуудад их л дөхөм болж байх шиг. Төрийн өндөр алба хашиж явсан хүмүүс нэг мэдэхэд л 461 рүү ачигддаг боллоо. Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын хүмүүс хоригдоод гарлаа. Тэр цагдан хорих байр, шорон гэдэг чинь үнэхээр эр хүний ноён нурууг хугалдаг, нугалдаг газар уу?
-Үгүй. Шоронгийн систем дотроо хоёр ангилалтай. Баяр, Энхсайхан, Сайханбилэг мэтийн хүмүүс чинь тусгай хамгаалалтай, хажуунаас нь хэн ч “Чамайг ална шүү” гэж хэлэхгүй өрөөнд эмч нарын хяналтад, тусгай хоолтой байдаг. Мань мэт шиг жирийн борчуудын хүүхдүүд дөрвөн хүн байх ёстой өрөөнд 20, 30-аараа чихэлдээд, чадалтай нь чадалгүйнхээ хоолыг булааж идэж амьдрахаас өөр аргагүй нөхцөлд байдаг юм. “Бие муудлаа эмч ээ” гэхэд эмч нь ирдэггүй. Хашааны шоронд хүртэл ийм эдийн засгийн гэмт хэрэгтэй хүмүүсийг энгийн хоригдлуудаас тусад нь байлгадаг. Намайг шоронд байхад Ашигт малтмалын газрын хоёр дарга чанга дэглэмд таслагдаад ирж байсан. Гэтэл тэдэнд нь тусад нь байр гаргаж, шоронгийн хашааны гадна амьдруулдаг байсан. Өдөр бүр эргэлт ирдэг. Өнөөдрийн хууль нь ийм юм. Эд нар чинь өнгөрсөн 30 жилд хууль батлахдаа өөрсдийгөө болоод өөрсдийнхөө үр хүүхдийг яавал аятайхан байлгах вэ гэдэгт, яаж ашиг олох вэ гэсэн зорилготой байсан болохоос биш эх орон, ард түмэн, энэ улсын эрх ашгийг хамгаалах гэж хууль батлаагүй. Тэдний баталсан хууль нь өөрсдөд нь ингэж үйлчилдэг байхүй юу.
-Та тэгээд өөрөө олон нийтийн өмнө гарч энэ шударга бус гэж бодож байгаа асуудлын эсрэг дуу хоолойгоо өргөж болдоггүй хэрэг үү?
-Надаас хүмүүс асуудаг. Чи шоронгоос гараад ирчихлээ. Сөрөг тэмцэл хийхгүй юм уу гэж. Би гарч ирээд хийсээн. Би дөрвөн шаардлага тавьсан. Шүүх, прокурор, цагдаагийн луйварчдыг шалгадаг мөрдөн байцаах албаа дахин байгуул. 90 оноос хойш Монгол Улсын төрөөс болоод газар баялгийг идсэн луйварчид хөрөнгийнхөө талыг өр зээлэнд өг гэхэд хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас надад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Гэтэл би шоронгоос гурван жил зургаан сарын тэнсэнтэй гарч ирсэн байдаг. Би буцаад шорон руу ороход бэлэн байгаа хүн. Зөрчлийн хуулиар нэг цавчуулахад л би буцаад Авдрантын шоронд очно. Ямартаа ч өөрийгөө хамгаалах юмаа нотлоод нэг юм хэрэг нь хаагдсан. Түүнээс биш надад хэлмээр юм зөндөө байна. Үндсэн хуулийн талаар, бузар эрүү шүүлтийн талаар ч хэлэх юм их байна, зодолдмоор юм ч байгаа. Гэтэл би шорон руу гав дөнгөтэй дахиад очих юм бол тэндээ нэг сувилагчийн андуурч хийсэн тарианд яваад өгөхийг байг гэхгүй. Өмнө байснаас бүр хүнд нөхцөл бий болчихоод байгаа.
-“Тариа андуурч хийдэг” явдал гардаг гэж үү?
-Алийг тэр гэхэв дээ. Чи үүнийг Тангадын Галсан гуайгаас асуу. Биеэрээ амссан хүн. Харин 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Хон Хэрээдийн Энхбат гэдэг хүн өөрийгөө дэмждэг залуус, ард түмэнтэйгээ талбай дээр тугаа бариад гарна шүү. Тэр үед миний тэнсэнгийн хугацаа дуусна.
-Та цаазын ял хүртэл сонсож явсан хүн. Сайрхаж асуусангүй ээ. Гэхдээ хорих ангийн жирийн, чанга, онцгой, гяндан гэж чухам ямар дэглэм байна вэ?
-Одоо бол Монголын шорон хаалттай, нээлттэй гэдэг хувилбартай болсон. Хуучин бол жирийн дэглэм гэж байсан. Хөнгөн, анхны хэрэгтэй, засрах боломжтой хүмүүсийг эвдэхгүйн тулд жирийн дэглэмтэй шоронд байлгадаг. Тэр нь нийгэмшихэд амар, эргэлт тойролт чөлөөтэй авдаг. Жирийн дэглэмд хоригдож байхдаа сахилгагүйтэж, хэрэг тариад байвал чанга руу шилжүүлдэг. Эсвэл жирийн дэглэмд ял эдэлж байгаад гарч ирээд засрахгүй дахиад хэрэг хийвэл чанга руу өгдөг. Чанга нь жирийн дэглэмээс арай хатуу. Тэнд чинь хэрэглэдэг, зоддог нүддэг технологи нь өөр, хүнд. Тэндээ хэрэв зүгээр байж чадахгүй бол онцгой дэглэм рүү. Тэр нь бүр хатуу. Тэгээд бүр болж өгөхгүй бол гяндан руу явуулдаг ийм л систем байсан. Гянданд байгаа хүн гайгүй томоожоод засраад ирвэл дамжлага буураад гардаг. Систем болгонд нь ялтанд хэрэглэх технологи, арга нь өөр. Хуягуудын харьцаа нь өөр. Дэглэм чангарах тусмаа харьцаа хүндрэхээр хүн юм бодож эхэлнэ. За больё, шоронгоос амьд гаръя гэж байгаа бол томоотой байя гэдэг. Одоо бол шоронд орсон хүмүүсийг хүн төрхөнд нь буцаад оруулдаг байсан энэ системийг эвдээд орсон бол араатан болоод гар гэдэг систем ноёлчихоод байгаа.
-Шоронжсон системийн тухай нэг хэсэг нийгэм шуугьсан. Та түүнийг хэлж байна уу?
-Жирийн дэглэмээр мундаг нийгэмүүлэх бодлого барьдаг систем нь байхгүй болчихсон. Жишээ нь, гянданд байхад би жилд хоёрхон удаа 30 минутаас гурван цаг хүртэлх хугацаагаар л ар гэрийнхэнтэй нь уулзах эрхтэй. Жирийн дэглэмд бол би өдөрт хэдэн ч удаа авгай хүүхэдтэйгээ, найз нөхөдтэйгөө уулзаж болно. Энэ чинь хамаагүй нийгэмшиж байгаа биз. Өнгөрөн 30 жил, тэр дотроо 2000 оноос хойш энэ луйварчид Монголын бүх юмыг самарсан. Самрахдаа төрийн нэрийг барьж хуулийн халхавчин дор бүх юмыг самарсан. Одоо ард түмэн ганц юмыг шаардахёстой. 2000 оноос өнөөдрийг хүртэлх Монгол Улсын бүх хуульд шалгалт оруулах хэрэгтэй. Ямар хувь хүн, ямар лобби бүлэг, ямар хуулийн заалтыг ямар зорилгоор оруулсныг шалгамаар байгаа юм. Хамгийн энгийн жишээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа. Лобби бүлэг л өөрчилсөн болохоос биш ард түмэн өөрчлөөгүй.
-Та “Даяар Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч. Одоо иргэний хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож байна уу?
-Монголын иргэний хөдөлгөөн намайг шоронд ороод цаазын ял авдаг жил буюу 2008 оны долдугаар сарын 1-нд үйл ажиллагаа зогссон. Үүнээс хойш дахиж иргэний хөдөлгөөн Монголд байгуулагдаагүй. Харин иргэний хөдөлгөөн гэдэг халхавчин дор луйварчид өөрсдийгөө хамгаалуулах гэж мөнгө өгсөн бүлэглэлүүд бий болчихсон. Луйварчдын захиалгаар жагсаал хийдэг, эсэргүүцэл илэрхийлдэг, тэдний өгсөн материалыг сүр болгож ард түмэнд хэвлэлийн хурал хийж зарладаг. Би удам дамжсан сэтгүүлч. Тэр дундаа эдийн засаг, эрэн сурвалжлахаар мэргэшсэн сэтгүүлч байсан. Сэтгүүлч хүн хаалттай материал олж авах гэж яаж зовдгийг би мэднэ. Гэтэл яажийсан авгай, амны салиа нь арилаагүй бацаан тэр материалыг олж аваад хэвлэлийн хурал хийнэ гэдэгт би хэзээ ч үнэмшихгүй. Тэд нарт нөгөө луйварчид нь “За одоо үүнийг яриад тэрийг намнаатах” гэж л өгдөг байхгүй юу. Дээр нь ард түмэн иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага хоёроо ялгахгүй юм. Төрийн бус байгууллага бузар төр ноёрхож байгаа үед ард түмнийг дарамтлах, луйвардах хэрэгсэл байдаг. Шударга төр оршиж байгаа үед төрд туслах ард түмний хамгаалах хэрэгсэл болдог. Монголд нэг л их олон төрийн бус байгууллага нэртэй луйварчдын гар хөл болсон луйварчид байна. Өнөөдөр Монголд сүүлийн 30 жилд оршин тогтнож ирсэнхоёрхон иргэний хөдөлгөөн байдаг юм. Нэг нь Монголын ардчилсан холбоо. Хоёр дахь нь “Даяар Монгол” хөдөлгөөн. Бусад нь бол луйварчдын байгууллага. Би шоронгоос гарч ирээд хоёр жил харлаа. Энэ дунд сэтгэлээрээ жагсаал хийж байгаа хүн нэг ч алга. Талбай дээр жагсаал хийхийн тулд өгсөгч тавиад, тайз засахын тулд өчнөөн төгрөг орно. Зөвшөөрөл авна. Өнөөдөр “Даяар Монгол” хөдөлгөөн жагсаал хийнэ гээд залуучуудаа дагуулаад очих юм бол “Май чи” гээд цагдаа салаавч өгнө. Дээр нь “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмийг монолчуудын ой тооноос арчихыг хүсч байна. Тиймээс бидний эсрэг босоо хэвтээ хөх Монгол гэсэн есөн шидийн юм гаргаж ирээд бидний эсрэг турхирч байна. “Даяар Монгол” хөдлөлгөөн 20 гаруй жил оршин тогтнохдоо нэг удаа оффистой болж үзээгүй, чадаагүй, бидэнд өгдөггүй юм. Гэтэл дөнгөж сая намайг шоронгоос гараад ирэнгүүт миний эсрэг сөргүүлээд тавьсан хөдөлгөөн нь Улаанбаатарын дөрвөн дүүрэгт оффистой, хотын төвд оффистой. 11 аймагт салбартай. Бурхан минь ээ, МАН, АН-аас хүчтэй байгууллагыг хэн гаргаж ирж байгаа юм. Ард нь хэн санхүүжүүлж байгаа нь ойлгомжтой. 2020 оны сонгуульд эд нарыгаа ашиглах гэж байгаа юм.
-Таныг эрх чөлөөтэй болсноос хойш жагсаад өгөөч, залуусаа уриалаад өгөөч гэсэн санал ирэв үү?
-Тийм юм байсан. Тухай бүрт би хэлж байсан. Нэгдүгээр сард болсон ард түмнийг нэгтгэсэн том жагсаал гээд нөгөө манай шударга гишүүдийн гэгддэг жагсаалд “Ороод өгөөч” гэж байсан. Би хэлсэн, “Батзандаан, гишүүдээ би ганц санал тавья. Та нар УИХ-ын гишүүнээсээ татгалзчих. Тэгээд толгойл” гэсэн. УИХ-ын гишүүн хүн УИХ-ын даргаа хууль бусаар огцор гээд ард түмнийг толгойлж болохгүй. Татгалзчихвал би орно, дэмжинэ. Би Энхболдыг 10 хуруу шигээ мэднэ. Монголын улс төрийн тавцан дээр хамгийн түрүүнд түүнийг харааж байсан хүн нь би. Чи Монголын төрийг самрах гэж байна гэж дөнгөж улс төрд орж ирж байхад нь харааж байсан. Би түүний эсрэг зодолдох цагтаа зодолдож явсан. Ийм юм хэрэггүй.Тэр жагсаалд би оролцоогүй. Нэр алдар хөөвөл би очоод туг бариад л өмнө нь гараад зогсох л байсан.
Б.ЭНХЗАЯА
Сэтгэгдэлүүд