Грекийн мөнгөн эдлэлийн дархны ач хүү, гэр бүлийнхээ үнэт эдлэлийн бизнесийг Италийн тансаг зэрэглэлийн брэнд болгон хувиргахад хувь нэмрээ оруулсан “Bulgari” брэндийг үүсгэн байгуулагчийн ач хүү, компанийн ТУЗ-ийн дарга Паоло Булгари 89 насандаа таалал төгслөө. Паоло Булгари нь гэр бүлийн бизнесийг Холливудын тансаг хэв маягтай салшгүй холбоотой, дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн брэнд болгон хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан нэгэн байв. Түүний гэр бүлийнхэн эмгэнэлийн мэдэгдэл гаргахдаа Паоло Булгариг Итали улсыг хайрладаг, дэлхий дахинд Италийн элч хэмээн танигдсан онцгой хүн гэж тодорхойлжээ. Түүний нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна.
Паоло Булгари 1984 оноос хойш ТУЗ-ийн даргын албыг хашиж, Ром хотод төвтэй тус компанийн олон улсын зах зээл дэх өргөжин тэлэлтийг удирдаж байв. “Bulgari Group” түүнийг үнэт эдлэлийн ертөнцөд арилшгүй мөрөө үлдээсэн жинхэнэ бүтээлч сэтгэлгээтэй нэгэн байсан гэдгийг цахим мэдэгдэлдээ дурджээ.
Булгарийн олон арван жилийн турш удирдаж ирсэн уг брэнд нь зоригтой шийдэл бүхий загвар, өнгийг өвөрмөц аргаар ашигладгаараа дэлхийн супер моделиуд, Холливүүдийн одод болон цуглуулагчдын дунд алдаршсан билээ.
1937 онд Ром хотод төрсөн тэрбээр Грекээс дүрвэж, үнэт эдлэлийн бизнесийг үндэслэн байгуулсан Сотириос Вулгарисын ач хүү байв. Грекийн баруун хойд хэсэгт оршдог, мөнгөн эдлэлээрээ алдартай Эпирус мужийн Парамитиа тосгоноос гаралтай Вулгарис нь Оттоманы эзэнт гүрний ноёрхлоос зугтан Неаполь хотод суурьшиж, улмаар Ромд дэлгүүрээ нээхдээ урлах арга хэлбэр болон овгоо шинэ амьдрах орчиндоо тохируулан өөрчилсөн түүхтэй.
Пауло Булгари сургуулиа төгсөөд удалгүй гэр бүлийн бизнестээ нэгджээ. Тэрбээр эцэг Жоржиотойгоо хамт ажиллаж эхлэхдээ үнэт чулуун дээр голлон ажилласан бөгөөд энэ чиглэлээр олж авсан гүнзгий мэдлэг, туршлага нь түүний үлдсэн амьдралыг тодорхойлсон юм.
Парисын үнэт эдлэл урлаачдын баримталдаг нарийн, нямбай гоо зүйн хэв маягаас татгалзсан Булгарийн гэр бүл том хэмжээтэй үнэт чулуу, тод алтлаг өнгө, оворлог хийц, өнгөний зоригтой хослолуудыг ашиглах болжээ. Эртний Ром болон Италийн урлагийн өвөөс санаа авсан энэхүү өвөрмөц хэв маяг нь тус брэндийг олон улсын зах зээлд бусдаас ялгарахад тусалсан юм.
Булгари өөрийн ах Никола, зээ хүү Франческо Трапани нарын хамт компаниа Нью-Йорк, Парис, Женев, Монте-Карло зэрэг дэлхийн томоохон тансаг зэрэглэлийн зах зээлүүдэд өргөжүүлж, салбар дэлгүүрүүдээ нээжээ. Тэдний бизнес зөвхөн үнэт эдлэлээр хязгаарлагдахгүйгээр цаг, сүрчиг, арьсан эдлэл, цаашлаад зочид буудлын салбар руу хүртэл тэлсэн байна.
1980-аад оны дунд үеэс эхлэн тус группийг удирдсан Булгари компаниа олон улсын зах зээлд өргөжүүлжээ. Тэдний урласан үнэт эдлэлийг Элизабет Тэйлороос эхлээд Зендая хүртэл үе үеийн урлагийн одод хэрэглэдэг болсон байна.
2011 онд тус гэр бүл компанийнхаа хяналтын багц хувьцааг Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний аварга том групп болох LVMH компанид $5 тэрбум гаруйгаар худалдсанаар олон арван жилийн турш үргэлжилсэн гэр бүлийн шууд хяналт төгсгөл болсон юм.
Тансаг эдлэлийн гял цал ертөнцтэй салшгүй холбоотой байсан хэдий ч Булгари өөрийн гэр бүлийн даруухан эхлэлийн талаар байнга дурсдаг байв. 2019 онд тэр эхнэрийнхээ хамт “Пауло Булгари сан”-г (Paolo Bulgari Foundation) үүсгэн байгуулсан бөгөөд уг сан нь Ром хотын захын, амьжиргааны түвшин доогуур дүүргүүдэд амьдардаг залуучуудад боловсрол эзэмших, мэргэжлийн сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлдэг юм.
Тэрбээр сангийнхаа танилцуулгад “Олон хүн мэдэхгүй байж магадгүй ч миний овог нэрийн уг сурвалжид дүрвэлт шилжилтийн түүх бий” хэмээн бичиж байжээ.
Түүний оршуулгын ёслолыг Даваа гарагт Ром хотын Санта Кроче сүмд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.