Таны сэтгэгдэл

Швед улсад төвтэй Nortvort компани нь цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч бөгөөд 2023 онд Канадын Квебек мужид үйлдвэрээ байгуулах төслийг эхлүүлж, төсвөөс нь 2.7 тэрбум канад долларын санхүүжилт гаргуулах гэрээг байгуулжээ. Орон нутгийн иргэдэд ажлын байр, эдийн засгийн амлалт өгсөн тус компани үүндээ Засгийн газрыг шууд итгүүлэх төлөөний хүмүүс, өндөр албан тушаалтнуудыг “хөлсөлж”, мөн тэднийг компанийн хүний нөөцдөө татан авснаар шийдвэр гаргах түвшин дэх холбоо сүлжээ, хууль батлах явцын талаарх мэдээлэл, мэдлэгийг нь ашиглан маш хурднаар төсвийн шийдвэр гаргуулсан төдийгүй Засгийн газар нь тус компанийн бизнес загвар, санхүүгийн тогтвортой байдал, технологийн эрсдэл зэргийг нягтлалгүйгээр 2.0 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг татаас, зээл, баталгаа хэлбэрээр олгосон байна.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ төсөл амжилттай болвол ашиг нь тус компанийн эзэмшигчдийнх, ачаалал нь төсөв бүрдүүлэгч татвар төлөгчдийнх. Хэрэв мөн бүтэлгүйтвэл ашиг нь тэднийх, алдагдал нь иргэдийн нуруунд ирэх байв. Аль ч үр дүн нь Northvolt компанийн хувьд ашигтай байсан гэсэн үг. Ашиг хувийнх, алдагдал нийтийнх болно. Энэ загварыг “төсвийн капитализм” гэж нэрлэдэг.

Эцэст нь энэ компани 2024 оны сүүл гэхэд санхүүгийн хүндрэлд орж эхэлсээр 2025 онд дампуурлаа зарласан юм.

Ийм том, тэнэг шийдвэр хаалттай хаалганы цаана л гардаг.

Парламент, олон нийт хангалттай мэдээлэл авдаггүй. Тэд бүтэлгүйтсэний дараа л мэдээлэл авдаг. Монголын жишээгээр бол манай тал анх гэрээ байгуулж байх үед Оюутолгойн уурхай 2. 5 тэрбумаар босно гэдэг нөхцөл дээр 34 хувийг эзэмших гэрээ хийсэн ч дараа нь анхны хөрөнгө оруулалт 7,5 тэрбум, дараа нь 20 тэрбум, одоо хэд рүү дөхөж явааг мэдэхгүй. Ямар хэмжээний зүйлийн 34 хувийг хувьцаа эзэмшигчийн зээлээр авч байгаагаа тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар мэдээгүй гэхээр өнөөдөр нүүр дүүрэн энд тэнд цэцэрхэж явахаасаа ичмээр санагддаг. “Баярцогтоос өөр хүн ойлгохгүй гэдэг” пиар хийж нуусаар баталсан гэрээний явц, мэдээлэл ил тод байсан бол сийрэг толгойтой хэн нэг бизнэсмэн “тэгвэл бид 34 хувийн борлуулалтаа авья” гэж 20 мянган хувьсагчгүйгээр энгийн логикоор хэлэх байсан.

Яг ийм байдлаар өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг revolving door буюу эргэдэг хаалга гэх технологи байдаг.

Нэгд, Засгийн газарт төлөөний хүмүүсээ ажиллуулж шийдвэр гаргуулсны дараа тэднийг компанидаа авч хүний нөөцийн эргэлт хийх аргатай ба асуудал нийгэмд ойлгогдсоны дараа өнөөдүүл нь төрд байхгүй тул хариуцлага тооцох боломжгүй болдог.

Хоёрт, Засгийн газрыг эдийн засгийн аргаар шантаажлах. Үйлдвэрээ хаана, нүүлгэнэ, хүмүүс ажилгүй болно, эдийн засгийн өсөлт зогсоно, хөрөнгө оруулалт чинь шатна гэх мэт.

Гуравт, хэвлэл мэдээллийг гартаа авах буюу мэдээллийн монополь үүсгэх. Тэд олон нийтийг ногоон ажлын байр, байгаль дэлхийн сүйрэл гэх мэт уриа лоозонгоор бөмбөгдсөн. “Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжихгүй бол 1000 ажлын байр алдагдана”, Квебек муж цахилгаан тээврийн салбарт тэргүүлэх боломжоо алдана” гэх мэт айлгасан мэдээллүүдийг цацаж байжээ. Харин үүний цаана Northvolt дампуурвал хөрөнгө оруулалт буцаан төлөгдөхгүй нөхцөлийг Засгийн газар нь тэдэнтэй гэрээлсэн байсныг хэн ч анзаараагүй юм байна.

Дүгнэлтийн оронд

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлалд олон нийт яагаад бухимдаад байгаагаа онож хэлж чадахгүй л байгаа болохоос биш бүх юм углуургаараа буруу байгааг мэдээд буй хэрэг юм. Ойрын үед болсон үйл явдлуудыг холоос эхэлсэн гажуудалтай холбоод бод доо…

Эрчим хүчний яаманд болсон аукцион буюу MCS-ийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төсөл бол жинхэнэ эргэдэг хаалганы жишээ. Ийм шийдвэр гаргуулахын тулд хаалгыг хаана. Нам, төртэй эрх ашгийн улаан утсаар холбогдоно. Угаасаа төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж ирснээрээ алдартай MCS компани төсвийн капитализмын хожигчийн сонгодог төлөөлөл юм. Ялагдагч нь иргэд, татвар төлөгчид, тэдэнтэй өрсөлдөж чадахгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг.

Өнөөдөр төсвийн тендерийн зах зээл жилд 4 их наяд төгрөг, жилд зарлагддаг тендерийн тоо 40 мянга гаруй. Өдгөө үүний 70 хувь нь 10 компанид очдог гэсэн цочирдом мэдээлэл бий.

Төр дэх компанийн “хүний нөөц” болсон Б.Найдалаа, Т.Доржханд нарын сайдууд тайлбараа оноож чадахгүй ээрч гацаж байх зуур Ерөнхий сайд нь айлчлалд нисчээ. Айлчлалын араас энэ байтугай өндөг шидэхээр уур амьсгал бүрдсэн байсан.

Айлчлалын багт нь өнөө л лоббистууд, нам, намыг санхүүжүүлэгч бизнесийн төлөөллүүд, тэгээд хэвлэлийнхэн. Төр бүх зүйлийг худалдан авсаар тэд бүгд нэг тал болчихсонд нийгэм бухимдаж байгаа хэрэг.

Өнөөдөр сэтгүүлзүйн аль гайгүй гэсэн болгон, редакц хэлбэрээр оршин тогтнож буй мэдээллийн хэрэгслүүдийн санхүүжилтийн 80 шахам хувь нь улстөрийн санхүүжилт, 10 гаруй хувь нь бизнесийн санхүүжилт боловч улстөрийн эрх ашиг хамгаалах нөхцөлтэй байгаа. Энэ дундуур нийтийн эрх ашигт үйлчлэх гэж зовж байгааг ч хардаг.

Төрийн, төсвийн, улс орны аюулгүй байдлын хэмжээний шийдвэр хаалттай хаалганы цаана гардаг болох үед илэрдэг нэг шинж тэмдэг нь зөвлөхүүд, сайдууд өөрсдөө мэдээллээ өгдөг явдал юм байна. Нээлттэй байгаа юм шиг мөртлөө өөр бусад эх сурвалжийг хааж, үнэгүйдүүлж, “хамгийн том хүн хамгийн үнэн” гэдэг төөрөгдлийг үүсгэж, үнэндээ бол өөрсдийн хүссэн хагас үнэнийг ярьж нийгмийг төөрөгдүүлдэг. Дээр дурдсан Northvolt компанийн жишээнээс үзэхэд төрийн хуучин албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “шинжээч”, эсвэл “зөвлөх” байдлаар яриа тайлбар өгч, компанийн байр суурийг дэмжиж байжээ. Энэ дунд хараат бус шинжээч, жинхэнэ мэргэжилтнүүдийн дуу хоолой дарагдаж, хэт нэг талыг баримталсан мэдээлэлд олон нийт живсэн байна. Хамгийн осолтой нь хэвлэлүүд компанийн албан мэдээлэл, Засгийн газрын албан ёсны мэдэгдэл, эдийн засгийн хөгжлийн агентлагийн тайлбар зэрэгт тулгуурлаж байсан ч гэрээ, тайлан, дотоод аудит зэрэг мэдээллүүд хаалттай учраас сэтгүүл зүйн шүүмжлэлт дуу хоолой хязгаарлагджээ. Эдгээр шинж тэмдгүүд маш танил уншигдаж байгаа биз?!

Монголд өнөөдөр хараат бус чөлөөт хэвлэл гээчийг төр, чухамдаа МАН санхүүжилтээрээ гар дороо төвлөрүүлж байгаа нь үнэний хаалгыг хааж буйтай адил. Сэтгүүлчид төрийн айлчлал “би явсангүй, чи явчлаа” гэж барьцаад байгаа ч хэрэг биш. Төрийн айлчлалд төсөв мөнгө үрлээ гээд байгаадаа ч биш. Энэ бол бүр жижиг зүйл. Төр тодорхой зардалтай байх ёстой, зангарагтай байх ёстой. Үүний ч тулд төсөв байдаг.

Харин хамгийн гол юм нь нийгмээрээ энэ төр засагт, нэгэнт иргэдээсээ тасарч тайзан дээр жүжиг тоглох болсон улстөрчдөд, төр засагт итгэж чадахгүй байгаа юм. Хамгийн гол нь тэдний тайзны хөшгийг жүжигчдэд нээж хааж өгч, үнэнийг улам холдуулж буй чөлөөт гэх хэвлэлд өөрсдөө ч, иргэд ч итгэж чадахгүй болсны л илрэл юм.

97

Сэтгэгдэл бичих