Хүн амьны хэрэгтнийг өмөөрөхүй
-гол дүр нь жүжгээ унагав-
“Тэр бол шилдэг оюутнуудын нэг бөгөөд сонинд гайхалтай нийтлэл бичсэн хүн. Тэр бол баян хоосны ялгаа тэнгэр газар шиг ялгаатай болсон өнөөгийн шударга бус нийгмийг өөрчлөх гэж оюун санаагаараа туйлдаж яваа эгэл бус сэхээтнүүдийн нэг.
Түүний охин дүү ядуугийн эрхэнд нэгэн баян эрд богтлогдохоо шахаж хөөрхий эх нь яахаа ч мэдэхгүй энэ амьдралд сөхөрч уйлж явсан.
Тэр ээж дүү хоёрынхоо төлөө асар их шаналаж өөрийнхөө төлөө дүүгээ золиослогдох вий гэж айсан.
Түүний алсан эмгэн бол ердөө л эгэл жирийн ядуу ардуудаас мөнгө хүүлж амьдардаг новш байсан. Эмгэний хөрөнгөний жаахан хэсгээр л хэдэн арван залуусын амьдралыг шийдэж сайн сайханд хүргэж болох байжээ.
Эмгэнийг алж байхад гэнэтхэн орж ирээд харчихсан гэрч охиныг ч хамтад нь алахаас аргагүйд хүрсэн юм.
Тэр аллага үйлдсэн ч эгэл бус хүн. Оюун санааны хувьд их өндөрт гарч энэ нийгмийг тэрсэж яваа хүн.
Түүний шүүх хурлын гадаа хотын бараг бүх оюутан жагсаж суллахыг шаардсан… “ энэ бол Орсоын суут зохиолч Ф.М.Достоевскийн туурвисан “Гэмт хэрэг ба ял шийтгэл” хэмээх алдарт романаас сэдэвлэн бичсэн зохиолч Я.Баяраа, Э.Бүжинлхам нарын “Гэм зэм” жүжгийн хэсэг.
Зохиолч Ф.М. Достоевскийн романаар жүжиг бичихдээ Монголын өнөөгийн нийгэмд тохируулж бичсэн. Энэ нь ч байгаа оножээ. Аливаа том зохиол, том жүжгийн под текст нийгэмд юу хэлж байгаа нь чухал байдаг.
Тэд энэ үүргээ онц биелүүлэв. Хоёрын хоёр хүнийг шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөхдөө урьдчилан бэлдэж өөрийгөө алдаршуулах нөхцөл бололцоог бий болгож нийгмийн сэтгэл зүйн хөөрөл дээр чадамгай тоглож “гэмт хэрэг хийсэн нь зөв” гэсэн санааг нийтийн дотор бий болгож байгаа нь …манай монголчууд шиг биш гэж үү.
Зохиолын гол санаа бол “хоёр төрлийн л хүмүүс байдаг.
Эхнийх нь эгэл жирийн хүмүүс. Тэд хууль зөрчих ёсгүй. Хоёрдугаарт эгэл бус агуу хүмүүс бий. Тэд агуу үйл хэргээ гүйцээхийн тулд хууль зөрчиж тэр ч байтугай цус урсгаж болно” гэсэн үгэнд оршиж байна.
Д.Ганцэцэг гайхамшиг
Шинэхэн гавьяат Д.Ганцэцэг драмын гайхамшигт нэгэн од гэдгээ нотлон харуулав. Түүнд драмын жүжигчин байхаас өөр тавилан үгүй мэт. Ганаагийн тоглосон олон кино бий л дээ, сайн ч тоглосон. Гэхдээ “Гэм зэм” -ийн улсын яллагчийн дүрийг дэндүү том харууллаа.
Ганцэцэг туфьлээ тайлах, хоол идэхээр халбага сэрээтэй шилбэлзэх, үсээ задлах зэрэг эмэгтэй хүний нандин хөдөлгөөн дээр хутга шиг хурц монолог уншиж яаж чадав аа… яаж чадуулав аа…яаж ингэж дэглэж болдог байна аа. Гэхдээ л болдог юм байна гэдгийг “Гэм зэм” пост драмын жүжиг харуулж, МУГЖ Д.Ганцэцэг төгс үйлдэж үзүүлэх нь тэр.
П.Эрдэнэзаан рок дуулсан
Би лав түүнийг дуулсан, гэхдээ бүр рок дуу дуулсан гэж хэлнэ. Гэхдээ тэр дуулаагүй ч байж мэднэ. П.Эрдэнэзаан Мармеладов хэмээгч архичин төрийн албан хаагчийн дүрд тоглосон.
Насанд хүрээгүй охиныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр архи уудаг тухайгаа жүжгийн гол дүр Раскольниковт ярьж буй хэсэг. Мармеладовын монолог амьд хөгжимтэй яг л дуулж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр явсан.
Энэ сцен бүхэлдээ гайхамшиг. Хөгжим , жүжигчдийн хөдөлгөөн. Ер нь энэ жүжгийн хөдөлгөөний найруулагч сайн ажилласан, баяр хүргэе. За тэгээд жүжгийн дүрүүд бүхэлдээ сайн тоглосон доо. Туслах дүрүүд бүхэлдээ жигд сайн тоглож жүжгийнхээ нэр хүндийг авч гарсан.
Дуняд тоглосон Хүсэлбаатарын Баярмаа.
Сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа авьяаслаг жүжигчин. Жүжгийн нээлт дээр аав ээж хоёр нь ирсэн байсан.
Дуня гэнэт хэн эргэж хараад “Ээжээ…” хэмээн нүд дүүрэн нулимстайгаар зүрх ширхийтэл дууддаг. Яг тэр үед би жүжигчин МУГЖ С.Өлзийхүүг өөрийн эрхгүй сэртхий суудал дээрээ өндөлзсөн байх даа гэж бодсон.
Тэр үнэхээр ээж бүрийн зүрхэнд хүрэхээр дуудсан юм чинь. Х.Баярмаа Дуняг чадварлаг бүтээсэн. Түүнийг харж суухад ээжийнх нь тоглосон “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүр зурсхийтэл орж ирээд шүүрс алдуулах нь юуных юм бол доо.
Бяцхан янхан
Петербургийн бяцхан Соня буюу насанд хүрээгүй биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Ганболдын Золзаяад “браво” гэж хэлье. Хэрэв таньдаг бол чанга тэвэрмээр санагдана.
Би лав түүний ярианд автчихсан бүр жингүйдчихсэн сууж байсан даа. Жүжгийн хоёрдугаар хэсэгт алуурчин Раскольников Соняд очиж сэтгэлээ нээж гэмт хэрэг үйлдсэнээ тоочиж хариуд нь бяцхан янхан маань ёс суртахууны өмнө, хуулийн өмнө хэргээ хүлээхийг сануулдэг хэсэг.
Соняг ярьж эхлэхээр илбэдүүлсэн мэт харин гол дүр Раскольниковийг ярьж эхлэнгүүт сцен бүхэлдээ нурж орхино. Хайран юм…дуугүй байгаасай гэж бодогдоно. Дахиад л Соня ярихаар сэргэнэ, новшийн Раскольников ороод ирэхээр театраас гараад явмаар…
Гол дүр жүжгээ унагав
Аливаа кино, жүжгийн гол дүр хамгийн чухал. Гол дүрээ хэнээр сонгосноор тухайн найруулагчийн, бүр театрийн чансаа харагддаг. Гол дүрд хэн тоглосноор оюунлаг үзэгчид сонголтоо хийдэг. Угаасаа театрийн үзэгчид оюунлаг бус байх ямар ч боломжгүй.
Ийн дурдахын учир нь энэ удаа ерөнхий найруулагч М.Батболд гол дүрээ буруу сонгожээ. Уучлаарай, Лхагваа сайн дуучин, сайн хүн, сайхан залуу байж болно оо, маргахгүй. Бүр сайн жүжигчин ч байж болох. Гэхдээ л агуу Достоевскийн Раскольниковыг арай л барсангүй.
Арайгаар барахгүй ердөө ч чадсангүй. Лхагва хичээсэн. Жүжгийн турш дүрдээ орох гэж хичээсэн, ямар ч алдаа гаргаагүй…. гэвч үнэхээр чадаагүй.
Тэр жүжгээ бүхэлд нь ойлгоогүй юу түүнд ямар чдотор байсангүй. Дотор байтугай гадар ч байхгүй. Клипэнд гүйх нэг өөр, сонгодог драмын жүжгийн гол дүр гэдэг бол бүр тэс өөр.
Тэр тайзан дээр чадлаараа агсамнах аядсан гэвч чадаагүй. Лхагваг ярьж эхэлмэгц жүжиг бүхэлдээ уналтад орж эхэлсэн.
Үзэгчид уйдаж залхаж байлаа. Том жүжгийн том дүрд “тоглосон” бол том шүүмжлэл авч сурах нь эхлэл байж мэдэх юм, ямартаа ч цаашдийн уран бүтээлд нь амжилт хүсье.
Ерөнхий найруулагчийн тухай
Мягмарнарангийн Батболд хэмээх энэ залууг би лав хоёр жилийн өмнөөс тоох болсон юм. Фаустыг тавьсан цагаас нь гэсэн үг.
Энэ удаа тэр суут Ф.М. Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” ээр оролдсон нь бас л амжилт дагууллаа. Гол дүрээ муу сонгосон гэж би л шүүмжилж байгаа болохоос бусад хүмүүс өөрөөр дүгнэх нь мэдээж.
Гэхдээ миний хэлэх гэсэн гол санаа бол жүжгийн найруулга бүхэлдээ “нэг л өөр“.
Уртаас урт монологуудыг огт өөрөөр тавьж болдог юм байна. Заавал нэг хүнээр уншуулж тамирыг нь барж, үзэгчдийг уйдаахгүйгээр хоёр, бүр таван хүнээр зэрэг уншуулж болдог юм байна.
Хурц хутга шиг текстүүдийг уян налархай хөдөлгөөнөөр чимж болдог юм байна. Драмын тайзыг шууд дамжуулалт лайв энэ тэртэй хослуулж бас болдог юм байна гэдгийг харууллаа.
Насаараа л жүжиг үзсэн гэж худлаа хэлэхгүй ч сүүлийн 20 гаруй жил Монголдоо тавигдаж буй бүх жүжгийг, гадаад орнуудаар аялахдаа ч багагүй үзсэн үзэгчийн хувиар дүгнэхэд тэр лав манай драмын урлагт тэс өөр өнгө авирч байгаа нь маргаангүй үнэн.
Үүнийг тэр “зууны шүүх хурал”-аар нотлон харуулав. Гэхдээ л Батболд оо, гол дүрээ анхаарах ёстой байсан гэж дахин нэгэнтээ шүүмж дайя…
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Сэтгэгдэлүүд