нийгэм

Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

0

Монгол Улс гадаад харилцааны үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгаж, үүндээ цөөн хэдэн орныг нэр цохсон байдгийн нэг нь Турк улс юм. Чухам гуравдагч хөршийн хэмжээнд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч хоёр орны хувьд гадаад харилцаа олон талаар чамгүй хөгжиж ирсний нэг нотолгоо нь Монгол дахь турк дунд сургуулиуд. Дунд сургуулийн чансаа тогтоох үнэлгээгээр ямагт эхний 5-10 дугаар байрт жагсдаг тус сургуулийн захирал Вейсел Акчайг өөрийнх нь дур хүслийг үл харгалзан Монголын нутгаас авч гарахаар завдсан явдал сүүлийн өдрүүдэд олон асуултыг үүсгээд байна.

Туркийн Turkish airlines компанийн Монгол руу хийдэг тогтмол нислэгтэй зэрэгцээд тусгай үүргийн онгоц дипломат шуудан хүргэж ирсэн гэдэг юун түрүүнд хачирхмаар, ядаж л сонирхууштай үйл явдал байлаа. Хоёр орны хооронд анх удаа дипломат шуудан зөөгдөж байгаа гэвэл хэн ч үнэмшихгүй, өмнө нь тусгай үүргийн нислэггүйгээр болоод л байсан байж таарна. Энэ удаад тэгтлээ онцгойлж, онгоц нисгэхээр “захиа даалгавар” юу байв, яагаад Улаанбаатарт тийм олон цагаар саатав, энэ хооронд юу болов гэх зэрэг сонирхол татах асуултууд гарч ирж байна.

Хоёрт, оршин суух зөвшөөрөлтэй, ямарваа хуулийн зөрчилгүй гадаадын иргэний Монголоос тийнхүү хүч хэрэглэн гаргахаар завдсан үйл ажиллагааг Монголын Засгийн газар, түүний харьяа хууль, хүчний байгууллага зөвшөөрөөгүй юм бол Туркийн тал дураараа авирласан хэрэг үү гэх асуулт тавигдаж таарна. Бүхий л талаар саадгүй явж ирсэн харилцаа, хамтын ажиллагаа, дипломат харилцаандаа сэв суулгахыг Туркийн тал эс тоон зөвшөөрөлгүйгээр онгоц нисгэж, Монголын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан юм бол үүндээ тэд ямар нэг хариу үйлдэл илэрхийлэх үү. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, түүгээр хүлээсэн үүрэг, үнэт зүйлийг нь үл хүндэтгэн тийн дураар авирласан гэж үзвэл бид хариу ямар мэдэгдэл гаргах вэ гэхчлэн олон асуулт хариу нэхэж байна. Магадгүй Монголын талаас олон улсын өмнө хүлээсэн үүрэг, зарчмыг үл хэрэгсэн дээрх хууль зөрчсөн баривчилгааг явуулах асуудлаар хэн эрх мэдэлтэн толгой дохисон юм биш байгаа гэх хардлага ч төрж байна. Тиймгүй бол тусгаар улсын нутагт тийм дур зоргын үйлдэл гаргана гэдэг төсөөлөхөд бэрх. Тэгвэл Туркийн талтай тохироо хийж мэдэх тийм эрхтэн дархтан хэн байх вэ гэх хар сэр дагуулсан асуулт урган гарах нь эргэлзээгүй.

Энэхүү дуулиант асуудал нэг л өдөр нисэх дээр Туркийн онгоц газардсанаар эхэлсэн юм биш. Турк сургуулийг хаах асуудлаар Туркийн талаас төр засгийн түвшинд хөндсөн тухай мэдээлэл цацагдаж байсан. Үүнд нь Монголын тал ямарваа нэг хариу өгсөн эсэх мэдээлэл хараахан байхгүй. Харин сүүлийн өдрүүдийн үйл явдалтай холбогдуулан нийтлэлч Баабар Туркийн ЭСЯ-наас энэ асуудлаар өөртэй нь холбогдож байсан гэх мэдээллийг хувийн соошл хуудсаараа цацсан юм. Худлаа хэлэхээр хүн биш. Тэгэхээр Турк сургуулийн захирлыг Монголоос авч гарах асуудлаар дээгүүр, доогуур дохио зангаа, тохироо наймаа явж байсан нь тодорхой боллоо. Тэгэхээр манай талаас тохироонд орж толгой дохисон эрх мэдэлтэн байхыг үгүйсгэхгүй байх боломжгүй болж байна. Хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр нийтлэгдэж буй мэдээллээс учир шалтгаанд үндэслэсэн таамаглал хийгээд үзвэл УИХ-ын дарга М.Энхболд Туркийн өнөөгийн төр, засгийн удирдлагуудтай хувийн сайн харилцаа холбоотой бололтой. Хөдөө гадаа гэр бүлээрээ зочдыг хүлээн авсан зураг сэлт ил гарсны дотор Туркийн өнөөгийн Ерөнхийлөгч Эрдоганы хүү саяхан Монголд ирсэн гэх мэдээлэл, М.Энхболдын хүү Анартай хамт алхаж яваа зураг ч гарсан байна.

Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан бол улсын Ерөнхийлөгч байдаг. Ерөнхийлөгчөөс урьтаад гадаад харилцааны талаар байр суурь илэрхийлээд байх эрх мэдэл мэдээж М.Энхболд даргад байхгүй, мань хүн ч тэрийгээ мэдэх хэмжээний хүн. Гэлээ ч хувийн сайн харилцаа нь хий дэмий хардлагад хүргэх зүйл рүү хөтөлж байхыг үгүйсгэхгүй. Улстөрчийн хувьд хамгийн өндөр цэгт хүрэх үестээ “эрлийз, хурлийз” гэх хоч хүртсэн дээрээ нэмээд “урвагч” нэр хүртэхгүйгээ мэдэх хашир хүн.

Харин дээрх хариултгүй асуултуудад Гадаад харилцааны яам, холбогдох албан тушаалтнууд тайлбар, мэдэгдлийг өгөхгүй бол хоёр улсын харилцаа, хувь хүний нэр хүндийн асуудлаар хардлага, цуурхал үргэлжилсээр байх болов уу.

БЗД-ийн ТГ-ын дарга Б.Амартүвшинг 64 настай иргэн “И“ хутгалсан нь тогтоогджээ

Өмнөх нийтлэл

Иргэд эрүүл мэндийн даатгалаар 50 хүртэлхи хувийн хөнгөлөлттэй үнээр фитнессд үйлчлүүлэх боломжтой

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм