Онцлохулс төр

Ноогдол ашиг нэрээр ард түмнээс босгосон 10 тэрбум хэний халаасанд оров?

0

-УЛСТӨР СУДЛААЧААР УУЛ УУРХАЙ УДИРДУУЛЖ САМРААХАА БОЛЬ, У.ХҮРЭЛСҮХ САЙД АА-

Ажил авангуутаа амьгүй, сураггүй хувьцааны ногдол ашиг амлан шоудаж, шоугаа бодит болгохоор улайрч иргэн бүрийг данс нээлгэ хэмээн хуурч 2 сая иргэнээс 5000 төгрөг татан 10 тэрбум төгрөг босгон попорсон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тарьсан балагаа цэвэрлэхээр зарим сайт болон бас бус жиргээчдэд таван цаас тарааж буй юм байх.

Амьгүй, байхгүй хувьцааг амалчихсан, тэрдундаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Он гарахаас өмнө IPO хийж амжихгүй байлаа ч иргэдэд ногдол ашиг тарааж эхэлнэ. Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлээд 72 хонолоо. Хоёр удаагийн 180 хоногийн хугацаа авсан. Эхний 180 хоногийн хугацаа маань 72 дахь өдөртөө явж байна гэсэн үг. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Эхлээд олон улсын санхүү, хууль, техникийн зөвлөх авах, олон улсын аудит хийлгэх гэх мэт ажил хийгдэнэ. Найман үе шаттай ажлын тав дахь дээр нь явж байна. Олон улсын зөвлөх авах тендерүүд зарлагдсан. Хамгийн түрүүнд компанийн засаглалыг сайжруулах, шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулах, худалдан авалтыг ил тод болгох зэрэг олон ажил бий. Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд гурван төрлийн ажил хийж эхэлсэн. Одоо хоёрыг нь зарлая. Олон нийтийн зөвлөлөө шалгаруулах, нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байна. Зөвлөл есөн гишүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Монгол Улсын иргэн хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. Цахим хуудсаараа байнга зарлана. Нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж эхэллээ. Нүүрс борлуулалтын гэрээг гурван хэлбэртэй болгосон. Эхний хэлбэр нь шууд гэрээлэх бол хоёр дахь хэлбэр нь шинэ гарц бий болгоход чиглэж байгаа. Орос руу Владивостокоор дамжиж гарна. Гурав дахь хэлбэр нь нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулах зүг рүү чиглэж байна. Анхны саналаа удахгүй авна. Одоогоор 1.19 их наяд борлуулалтын орлого хийж, цэвэр ашиг нь 473 тэрбум төгрөгт хүрсэн. Цэвэр ашиг маань өсөх хэрээр ногдол ашиг, IPO, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдэж байгаа юм. Тиймээс хариуцлагатайгаар хэлье, 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүртээ ногдол ашиг тараана. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас бидэнд нүүрсээ 13 хүртэл сая тоннд хүргэ, 2019 онд 15-аас дээш сая тонныг олборло, 2020 онд 20 сая, 2021, 2022 оноос бүрэн хүчин чадалдаа буюу 35 сая тоннд хүргэ гэсэн. Одоогоор 9.1 сая тонн нүүрс олборлоод байна” хэмээн ХАРИУЦЛАГАТАЙ-гаар мэдэгдсэн.

Улмаар -“Эрдэнэс Таван толгой”-н удирдлага гэрээ байгуулахдаа МАН-ын зарим сайд, дарга нарын нөлөөнд ордог, тонн нүүрснээс нэг ам.доллар хүртдэг гэсэн мэдээлэл бий. Энэ хэр үнэний ортой вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад няцаалт өгч чадалгүй, харин ч баталсан мэт буюу “Нүүрсний үнийг 70.1 ам.доллар болгож өсгөхийн тулд борлуулалтын үнийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Үүний хүрээнд хоёр ам.долларын асуудал яригдаж байгаа. Энэ хоёр ам.доллар улсад буюу Засгийн газар, компанид үлддэг” хэмээн бөөрөнхийлсөн.

Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” төслийн анхны шатнаас ажиллаж эхэлсэн гэх боловч алдагдсан гэх 268 мянга, сүүлд 340 мянган тонн болсон нүүрсийг мэдээгүй гэж мэлзсэн. Энэчлэн шоудаж, попорч, жагсч, худал үнэн тэмцлээр “айлгаж” сурсан Б.Ганхуяг нь зургаахан сарын өмнө мэдэгдэж байсан “ХАРИУЦЛАГАТАЙ” мэдэгдлээсээ ухарч, ухарснаа увайгүй аргаар цэвэрлэхээр “Эх оронч ард иргэд минь ногдол ашгаасаа татгалзан улсдаа хандивлая өө. Ингэснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлуудыг юу юугүй эхлэх гээд байна” хэмээн бусдаар бичүүлж, ятгуулж эхэллээ.

Үнэндээ улстөр судлаач нөхөрт уул уурхай удирдуулахаар үүнээс өөрөөр юу ч хүлээх билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хачин дотны найз тэрбээр Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллах үеэсээ буюу 2005 оны үеэс улс төрд орж ирсэн. Ингэхдээ найз Т.Аюурсайханы татаасаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс “цүнх баригч”-ийн гараагаа эхэлсэн байгаа юм. Бас ч үгүй сэргэлэн толгой гэдгээ харуулж, Ерөнхийлөгчийн зөвлөхийн зэрэгцээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхийн албыг давхар хашиж явсан зайтай залуу гэж байгаа.

Улмаар 2014, 2015 онуудад У.Хүрэлсүхийг Шадар сайд болоход зөвлөх нь, 2016 онд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын зөвлөх болон пааслагдаж явсан намтартай. Эцэст нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МОХ-ны ерөнхийлөгч асан Н.Удаанжаргал, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нартай хамтран МАН-ын дэргэд Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулж, 2013 онд Т.Аюурсайханыг МАН-ын даргад нэр дэвшүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэж байв. Өнгөрөгч сонгуулийн үеэр “Монголоо аваръя” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майхантай суулт хийн, Төрийн ордныг гороолж улс төр хийж явсаар эцэстээ ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-н захирлын суудлаар идэвх зүтгэлээ мялаалгасан нэгэн.

Харамсалтай нь, түүнийг ажлаа аваад удаагүй байхад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олборлолтын уурхайд осол гарч 49 настай А амиа алдаж шинэ ажлын гараагаа хар мэдээгээр эхлүүлж байлаа. Гэвч нэг хар мэдээг өөр дуулиант мэдээллийн сургаар баллуурддаг жишгээр бүх ард түмэнд ногдол ашиг тараана хэмээн байхгүй хувьцааг байлгаж шоудсан нь өнөөдрийн тэнэг үйлдэлд өөрийг нь чирч ирэв. Гэсэн ч ард олныг цагаан цаас хэмээн доромжилдог улстөрчдийн нэгэн адил “Эх оронч иргэд минь ногдол ашгаасаа татгалзаж, хөөрхий улсдаа хандивлачих” хэмээн жиргүүлж, даапаалж эхэллээ.

Өнөөх жиргээчид, онлайн дахь гар хөлүүд нь ч дүрдээ итгэчихсэн “Төрд минь хийх ажил их байгаа юм байна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Ялангуяа Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барьчихвал монголчууд энэ байтугай орлого олно. Хувьцааны ногдол ашгаасаа татгалзах  өөр нэг шалтгаан нь бид чинь Баялгийн сантай болох том амбицтай байгаа шүү дээ. Энэ сан гэдэг чинь монголчууд бидний дундын хадгаламж цаашилбал үр хойчдоо үлдээх хөрөнгө зоорь  гэсэн үг.  Тиймээс энэ сандаа хэсгийг нь байршуулж ахиухан хүүтэйгээр арилжааны банкинд хадгалчихвал  өснө үү гэхээс дундрахгүй. За ер нь мөнгө хөрөнгө нь байвал утаанаас эхлээд  нийтийн тээвэр, метро, давхар зам, дагуул хот гэхчлэн хийх ажил, хэрэгжүүлэх зорилт юу эс мундах билээ. Хамгийн эрүүл ухаанаар бодоход  олсон жаахан ашгаа яаран сандран хувааж авах нь яавч зөв шийдэл биш. Харин энэ хуримтлалаараа  эхний ээлжинд улс орондоо хэрэгтэй нэг асуудлаа шийдье гэвэл  иргэд маань дэмжинэ гэдэгт эргэлзэх юмгүй байна” хэмээн алиатаж байна.

Одоо болно оо, Б.Ганхуяг аа. Уурхайд осолдсон залуугийн хэргийг мартуулах гэж байхгүй хувьцаанд ноогдол ашиг зохиосон үлгэрийг чинь мэдэх, ойлгох чадвартай нь дийлэнх олонх байна. Цагаан цаас хэмээн доромжилдог монголчууд чинь тэгтлээ дүүрчихсэн тэнэгүүд биш. Харин ч ноогдол ашиг хуваарилна гэж хулхидаж 2 сая хүн тутмаас 5000 төгрөг цуглуулсны нийлбэр 10 тэрбум төгрөг хэний халаасанд оров… Түүнээ буцааж өг… Улмаар уул уурхайг улстөр судлаач удирддаж чаддаггүй юм байна хэмээн үнэнээ өчөөд ажлаа хүлээлгэж өг, Б.Ганхуяг захирал аа…

Нөгөөтэйгүүр, ийм худалч, шоучин, цүнх баригч, цагаан хоолойнууддаа хувийн өр төлбөрөө төлөх гэж улсын чухал салбаруудыг самруулахаа больж, буцааж авна уу У.Хүрэлсүх сайдтаан.

Яг үнэндээ өнөөдөр Тавантолгойн ордын IPO-г хийж, хувьцаа амь оруулах хүмүүс чинь 2000-аад оны дунд үеэс хойш оюутны автобусны билетийн асуудал ярьж, хүний өөрийн хэдэн даргын дэргэд зөвлөх нэрт цүнх баригчид л байсан шүү дээ.

Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг чинь 2001-2007 онд МОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байсан. Тус компанийн Захиргааны газрын захирал Х.Батсайхан нь 2012-2014 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 2014 оны аравдугаар сарын 4-нөөс 2015 оны аравдугаар 25-ны хооронд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаяр “Эрдэнэс Тавантолгой компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтэн болсон байна. Уул уурхай, эдийн засгийн асар өндөр мэдлэг, чадвар шаардах газрыг улс төр судлаач, олон улсын сэтгүүлч мэргэжилтнүүд удирдаж байгааг зөв гэх үү. Хатуухан хэлэхэд, оюутны автобусаар зорчих картын асуудлаар л Нийслэлийн нийтийн тээврийн газартай л хэрүүл, хэл ам хийж явсан нөхөд Тавантолгойн ордын IPO-г хийх үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдаж барах уу…

СУИС-иас эрхлэн гаргасан шинэ номнуудын нээлтийн ёслол болно

Өмнөх нийтлэл

“Монголын KFC-гээр үйлчлүүлсэн зуу зуун хүн хоолны хордлого авлаа“ хэмээн Bloomberg мэдээлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох