Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 66 жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улсаас оролцох эрхтэй болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох цор ганц ялагчийн төлөө 15 бүсгүй өрсөлдөж өчигдөр ялагчаа тодрууллаа.
“Miss universe Mongolia” тэмцээний шилдэг 15 оролцогч тодорсон цагаас эхлэн мэргэжлийн загвар өмсөгчид болоод үзэгчдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Тэгвэл уг шүүмжлэлийг өчигдрийн шоу бататгах шиг боллоо.
Үүнд гадаад гоо үзэмж, биеийн өндөр, биеэ авч яваа байдал зэргийг эс онцолж зөвхөн нэг зүйлийг дурьдахад дэлхийн олон орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж дэлхий нийтэд Монгол хэмээх нэрийг төлөөлж явах хүндтэй үүрэг хүлээсэн гоо бүсгүйд тавигдах наад захын шаардлага хэлний мэдлэг баймаар.
Гэвч шилдэгт тунан үлдсэн 5 оролцогчийн гурав нь хөтлөгчийн тавьж буй асуултанд хариулах нь битгий хэл ойлгох хэмжээний мэдлэг дутмаг байгаа нь харамсмаар. Мисс, загвар өмсөгч гэдэг зөвхөн гадаад гоо сайхан бус мэдлэг, боловсрол, хүмүүнлэг байдал зэргийн цогц гэдгийг ухаарах цаг болжээ.
Хүссэн хүн бүр мисс, загвар өмсөгч болж дэлхийн гэх тодотголтой тэмцээн бүрт оролцох их завшаан зөвхөн манай улсын мисс нарт олддог гэлтэй.
“Miss universe” буюу “Ертөнцийн мисс” нь нэр хүндээрээ “Дэлхийн мисс”-ын дараа бичигддэг. Анх 1952 онд зохион байгуулагдснаас хойш 66 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хугацаанд Монгол улсаас оролцож байгаагүй бөгөөд анх удаа Монгол улс оролцох эрхтэй болсон билээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд