улс төр

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй уг хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэн иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч байгаа энэ үед татварын бодлого өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай байгаа аж.

Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгад чиглэсэн гэдгийг А.Ганбаатар гишүүн энэ үеэр онцлов.

1.jpg

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж.

Хуулийн төслийн хүрээнд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй аж. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа бол зөвхөн өөрийн сонгосон нэг нь чөлөөлөгдөж, үлдсэн авто зогсоолуудын татвар хэвээр үлдэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй аж.

Ийнхүү чөлөөлөлтийг нэг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгөөр хязгаарласнаар тухайн өрхөд татварын бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд татварын давуу байдал үүсэхгүй юм байна.

Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах дарамтыг бууруулах ач холбогдолтой. Иймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ өрхийн хэрэглээний нэг авто зогсоолд татварын хязгаарлагдмал чөлөөлөлт үзүүлэх нь бодлогын хувьд харилцан нийцтэй гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

39
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

900 нийтлэл

Сэтгэгдэл бичих