Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын иргэн ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр яваад цэрэгт татагдаж, дайнд дайчлагдсан гэх агуулгатай бичлэгийг тухайн иргэний ар гэрийн хүн нийгмийн сүлжээнд байршуулсан. Иймд уг асуудлаар Гадаад харилцааны яам /ГХЯ/-аас өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Тухайн иргэний ар гэр нь нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт ГХЯ-д албан хүсэлт гаргасан ба үүний дагуу ГХЯ-наас Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагууд руу холбогдож тухайн иргэний мэдээллийг өгсөн байна.
Өмнө нь мөн ийм асуудал гарч байсан ба тус иргэн нь хэлний бэрхшээлээс үүдэлтэйгээр гэрээнд санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан гэж үзэж байгаа юм байна. Иймд өмнөх туршлагаас харахад тус гэрээг цуцалж өгөх хүсэлт тавьж, иргэнээ нутаг буцаах арга хэмжээг авах боломжтой гэж харж байгаа аж. Иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ тогтмол холбоотой байгаа ба аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж байгаа гэв.
Иргэд өндөр цалин хөлс амласан тогооч, тээврийн жолоочийн ажил зэргийг фэйсбүүкээс мэдээлэл авч бүртгүүлдэг. Бүртгүүлээд ОХУ руу хил давдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь залилан луйврын хэв шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд татан оруулахын тулд ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүмүүсийн зүгээс зохион байгуулсан үйл ажиллагааг байгаа анхаарууллаа. Энэ асуудал өмнө нь ч гарч байсан, цаашдаа ч давтагдаж болзошгүй гэв.