улс төр

100 саяас дээш хахууль авбал бүх насаар хорих саналыг 100 мянган иргэн дэмжжээ

Таны сэтгэгдэл

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгаж, хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.

Монгол Улсын иргэн Б.Болдбаатар аравдугаар сарын 2-нд төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хахууль авсан тохиолдолд бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох агуулгатай нийтийн өргөдөл санаачилсан юм. Уг өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа арваннэгдүгээр сарын 8-нд дуусаж, нийт 100,207 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.

Өргөдөл санаачлагч Б.Болдбаатар “Миний гаргасан өргөдлийн агуулга нь төрөөс төрсөн тэрбумтан авилгалч төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн Монгол Улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлэх боллоо. Авилга албан тушаалын хэрэгт холбогдогч нь 40 сая төгрөгөөр торгуулж өнгөрдөг нь асуудлыг улам дэвэргэж байгаа тул бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгохыг хүсэж өрнөдөл гаргав” хэмээсэн билээ.

Энэхүү өргөдөлд 100 мянга гаруй иргэн нэгдсэн нь авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага, хууль бус хөрөнгө хураах тогтолцоо, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд олон нийтийн анхаарал өндөр байгааг харуулж байна.

Нийтийн өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсан нь хуулийн өөрчлөлт шууд хэрэгжинэ гэсэн үг биш юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.4.1-д хуулийн төсөл санаачлах саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд парламентын түвшинд хэлэлцэх зохицуулалт бий.

6
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

814 нийтлэл

Сэтгэгдэл бичих