Монгол Улсын Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг тун удахгүй танилцуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн эрэлт дээрээ суурилсан төрийн орон сууц, ипотекийн бодлого хэрэгжиж ирсэн учраас энэ удаад эрэлт, нийлүүлэлтээ хоёуланг нь хангаж энэхүү хөтөлбөрийг боловсруулсан гэдгээ Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тодотгосон юм.
БҮСЧЛЭЛЭЭС ХАМААРЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 6-12 ХУВЬ БАЙНА
Одоогийн ипотекийн зээл 6 хувийн хүүтэй олгогдож буй. Гэвч зах зээл дээр 55 мянган хүн ипотекийн зээл авах хүсэлтээ өгөөд, хүлээж байгаа аж. Гэхдээ энэ тоо нь бас давхардсан тоо учраас Барилга, орон сууцжуулалтын яамнаас нарийвчилсан судалгааг хийж буй. Учир нь ипотекийн зээл хүсэгч хүсэлтээ хоёроос, гурван банкинд зэрэг өгөх тохиолдол байгаа тул бодитой тоо биш гэж үзэж буй. Гэхдээ өнөөдрийн ипотекийн зээл олголт, явцыг ажиглавал зээл хүсч буй иргэдийн давж чадахгүй байгаа босго нь 30 хувийн урьдчилгаа. 30 хувиа төлөөд, 6 хувийн зээлдээ хамрагдах боломжтой хүмүүсийн зах зээл ханачихсан гэж зарим эдийн засагчид онцолдог. Тиймээс төрөөс орон сууцны талаар бодлого хэрэгжүүлэхээр бол урьдчилгааны нөхцөлийг хөнгөвчлөх, түрээслээд өмчлөх, урьдчилгаагүй зэрэг нөхцөлүүдийг судлах ёстой гэдгий ч эдийн засагчид хэлдэг. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хүрээнд ипотекийн зээлийн хүүг бүсчилэн өөрчлөх саналтай байгаа аж. Тодруулбал, нийслэлийг дөрвөн бүст хувааж, хотын төвд ипотекийн зээл авахаар бол хүүг нь 12 хүртэл хувь байх, хотын зах болон бүсчлэн хөгжүүлж буй байршил ипотекийн зээл авахаар бол 6 хувь байх зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Ипотекийн хүүгийн бүсчлэл:
- I бүс: 6 хувь байна. Энэ бүс нь төвлөрөлийг сааруулах, олон төвт, дагуул хот, дэд төв, гэр хорооллын дахин төлөвлөлийг дэмжих зорилготой.
- II бүс: 8 хувь байна. Шинэ суурьшил, дэд бүтцээр хангах, хотын тэлэлтийг хязгаарлах зорилготой.
- III бүс: 10 хувь байна. Барилгажилт нягтарсан, одоогийн суурьшлыг хадгалж, орчныг сайжруулах зорилготой.
- IV бүс: +12 хувь байна. Төвлөрөл ихтэй, хотын төвийн хэсгийн нягтралыг бууруулж, бусад бүс рүү орон сууцны эрэлтийг чиглүүлх зорилготой.