Эдийн засаг

Монголбанк, Германы Холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав.

Монголбанк болон Бундесбанк нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр орны төв банкуудын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, институцийн түншлэлийг улам бүр өргөжин бэхжих  суурь тавигдаж байна.

Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм.

Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Монголбанкны зүгээс олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

21
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

766 нийтлэл

Сэтгэгдэл бичих