Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүс болон малын бэлчээрт ойртож, иргэдэд эрсдэл учруулах нөхцөл үүсээд байна. Тус аймгийн 10 сумын 36 газарт хүрэн баавгай нийт 86 удаа үзэгдсэн бөгөөд үүний улмаас 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Байгаль орчны газраас холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тодруулбал, аймгийн байгаль орчин, онцгой байдал, тагнуул, цагдаа, мал эмнэлгийн газрыг оролцуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, хүрэн баавгай үзэгдсэн талаарх дуудлага, мэдээллийг бүртгэн, нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавин ажиллаж байгаа аж.
Ажлын хэсэг хүрэн баавгай хамгийн ихээр үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллаж, иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалган, шуурхай арга хэмжээ авчээ. Одоогоор хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг холбогдох байгууллагууд хамтран шалгаж, малчин иргэдийн аюулгүй байдал болон мал сүргийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Мөн хүрэн баавгай суурьшлын бүс, айл өрх, малын бэлчээрт ойртсон тохиолдолд иргэд өөрсдөө хөөж туух, барих, гэмтээх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх шаардлагатай гэв.