АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуульд Бүгд найрамдах намынхан ялалт байгуулбал насанд хүрсэн америк хүн бүрд 5000 доллар бэлэглэх амлалт өгсөн юм. Энэхүү төлөвлөгөөг хэрхэн санхүүжүүлэх, хууль эрх зүйн хувьд боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Техаст намын чуулга уулзалтад оролцохдоо ийнхүү мэдэгдсэн түүний амлалтыг бүгд найрамдахчууд алга ташин хүлээж авсан бол Ардчилсан намынхан “биелэхээргүй амлалт” хэмээн шүүмжилж буй. Мөн Трамп уг мөнгийг заавал АНУ дотроо зарцуулах ёстой гэж мэдэгдсэн ч хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй байна. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс уг төлбөрийг тарифын орлогоор санхүүжүүлэх боломжтой, чинээлэг иргэдэд чек олгогдохгүй гэж тайлбарлажээ.

Америкийн холбооны хуулийн дагуу сонгогчдын санал өгөх сонголтод нөлөөлөх зорилгоор мөнгөн төлбөр олгох нь хууль бус байдаг. Гэсэн хэдий ч зарим шинжээчид Трампын амлалтыг татвар бууруулах тухай кампанит ажлын амлалттай адил тул хууль ёсны гэж үзэж байна. Саутгемптоны Их Сургуулийн хуулийн багш, доктор Жоан Махони BBC агентлагт өгсөн ярилцлагадаа нэг талаас Бүгд найрамдах намын төлөө санал өгвөл мөнгө авна гэдэг нь хахууль шиг сонсогдох ч, нөгөө талаас хэн хэрхэн санал өгснөөс үл хамааран хүн бүрд олгох тул шууд хахууль гэж үзэхэд хэцүү гэжээ. Өөрөөр хэлбэл “Хэрэв манай нам ялбал бид татварыг багасгана” гэдэгтэй ижил төрлийн кампанит ажлын амлалт гэж тайлбарласан байна. Харин Chatham House судалгааны хүрээлэнгийн шинжээч Лорел Рэпп энэхүү амлалт нь сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн өгдөг ердийн амлалтуудаас асар өөр, тодорхой тохиролцооны шинжтэй байна гэж үзэж байна.

Хууль эрх зүйн талыг эс тооцвол, Ираны дайны улмаас АНУ-ын улсын өр нэмэгдэж буй энэ үед уг амлалт санхүүгийн хувьд боломжтой эсэх нь эргэлзээтэй юм. Насанд хүрсэн 270 сая иргэнтэй АНУ нэг хүнд 5000 ам.доллар олгоно гэж тооцвол холбооны засгийн газарт 1.3 их наяд ам.долларын зардал гарна. Трамп энэ мөнгийг хэрхэн санхүүжүүлэхээ нарийвчлан дурдаагүй бөгөөд Конгрессоос хууль ёсны зөвшөөрөл авах эсэхээ ч тодорхой хэлээгүй байна. Хуулийн болон эдийн засгийн шинжээчид ерөнхийлөгч бие даан зарлиг гаргаж ийм их хэмжээний мөнгийг батлах боломжгүй гэж үзэж байгаа төдийгүй Конгресс ч 1.3 триллион ам.долларын төсөв батална гэдэгт маш их эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Дэд ерөнхийлөгч Вэнсийн хэлснээр тарифын орлогоос энэ төлбөрийг санхүүжүүлэх боломжтой гэж байгаа ч одоогоор цуглараад байгаа тарифын орлого их хэмжээний зардалд хаана нь ч хүрэхгүй байна.

АНУ 2025 оноос хойш тариф болон онцгой албан татвараас ойролцоогоор 475 тэрбум ам.доллар цуглуулснаас 100 гаруй тэрбумыг нь Дээд шүүхээс зарим тарифыг хүчингүйд тооцсоны дараа буцаан олгожээ. Одоогоор АНУ-ын улсын өр 40 триллион ам.доллар давсан үзүүлэлттэй байна.