Соёл урлаг

Б.Энхсайхан: Морин хуурын эгшгээр дэлхийтэй ойлголцож байна

Таны сэтгэгдэл

Дэлхийн нэр хүндтэй хөгжмийн наадмуудын тайзнаа морин хуур, хөөмийн хүчирхэг эгшгийг рок хөгжимтэй хослуулан Монголын урлагийг дэлхий дахинд түгээн сурталчилж буй “The HU” хамтлаг энэ сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 10 жилийн ойн тоглолтоо толилуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэхүү тоглолтоор тэд гурван цомгийнхоо нийт 27 бүтээлийг үзэгчдэд хүргэх юм.

Хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Энхсайхантай дэлхийн тайзнаа анх гарсан дурсамж, уран бүтээлийн замнал болон 10 жилийн ойн тоглолтын талаар ярилцлаа.

-“The HU” хамтлагийн 10 жилийн ой тохиож буйд баяр хүргэе. Урлагтай анх хэрхэн холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Намайг Батжаргалын Энхсайхан гэдэг. Би Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрж өссөн. Бага насандаа Баянхонгор аймагтаа сурч байхдаа Хүүхдийн “Тэмүүжин” театрын морин хуурын дугуйланд анх суралцаж, талийгаач Бямбадорж багшийнхаа шавь болсон. Миний урлагийн гараа тэндээс эхэлсэн.

Дараа нь Соёлын коллеж, улмаар СУИС-д суралцаж, ардын урлагийн хамтлагуудад ажилласан. “Домог” хамтлагт орсноор хамтлагийн тайзнаа уран бүтээлээ туурвих замнал эхэлсэн. “Домог” хамтлагтайгаа 10 жилийн турш Монголын урлагаа дэлхийн олон оронд сурталчилж явсан.

Багаасаа урлагт маш дуртай хүүхэд байсан. Манай нагац ах гитар тоглодог, гранж, рок урсгалын уран бүтээл туурвидаг хүн байлаа. Ахынхаа ачаар рок хөгжмийн мэдрэмжийг олж авсан гэж боддог.

Ах маань гитараа ил тавьчихдаг. Би жаахан хүүхэд болохоор чихийг нь мушгиж хөгийг нь алдуулна, тоглож байгаад утсыг нь тасална. Гэхдээ нэг ч удаа загнаж байгаагүй. Хэрэв тэр үед загнасан бол урлагаас хөндийрөх ч байсан юм билүү.

Манай гэрт баянхуур хөгжим ч байсан. Түүнийг хоёр талаас нь татаж, товчлууруудыг нь дарж хөг аялгууг нь сонсох гэж оролддог байлаа.

Нагац эгч минь бүжигчин хүн. Тэр л намайг Хүүхдийн “Тэмүүжин” театрын морин хуурын дугуйланд анх бүртгүүлж өгсөн. Өнөөдрийн намайг бий болгосон нагац ах, эгч болон гэр бүлийнхэндээ үргэлж талархаж явдаг.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогтой хэрхэн холбогдсон бэ?

-Манай “Домог” хамтлагийг “The HU”-гийн анхны дууны санаа гарчихсан байхад уулзахыг урьж байсан. Гэхдээ тухайн үед бид өөр өөрийн ажилтай байсан учраас хамтрах боломжгүй болсон.

Удалгүй манай Галаа, Жаяа хоёр хамтлагийн бүрэлдэхүүнээ бүрдүүлж байх үед би Өвөр Монголд явж байлаа. Тэгтэл WeChat-аар:

“Сайн уу, дүү?”

“Сайн байна. Хэн бэ?”

“Дашдондог ах нь байна.”

Би танихгүй болохоор “Ямар Дашдондог билээ?” гэж хариулсан.

Тэгсэн чинь ах “Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог” гээд өөрийгөө танилцуулж хөгжилтэй ярьж байсан.

Ингээд ирж уулзахад хамтлагийн хөгжим, уран бүтээлийн үндэс нь бүрдчихсэн байсан. “Би бэлэн байна” гээд шууд нэгдэж байлаа.

-“The HU” хамтлагийн онцлогийн нэг нь морин хуурыг босоогоор тоглодог болсон явдал. Анх ямар байсан бэ?

-13 дугаар хорооллын орчим байдаг амьд хөгжмийн бэлтгэлийн танхимд анхны бичлэгээ хийх үеэр морин хуурыг босоогоор тоглох үнэхээр эвгүй санагдсан.

“Бид үүнийг хийж чадах болов уу?” гэсэн бодол хүртэл төрж байсан.

Тэр бичлэгийн дараа илүү их бэлтгэл хийх хэрэгтэй гэдгээ ойлгож, маш их хичээсэн.

-Дэлхийн тайзнаа анх гарсан мөчөө дурсвал?

-Анхны тоглолт маань Германы Rock im Park фестиваль байсан. Монголоос очоод л 70-80 мянган хүний өмнө тоглосон.

-Эх хэлээрээ дуулсан шүү дээ?

-Тийм.

Тэр үед “Юу юу”, “Чонон сүлд” дуунууд аль хэдийнэ хүмүүст хүрчихсэн байсан.

Фестивалийн хамгийн эхний хамтлагийг хүмүүс тэр бүр үздэггүй. Гэтэл манай тоглолтыг үзэхээр маш олон хүн ирсэн нь үнэхээр гайхалтай санагдсан.

-Тийм том тайзан дээр гарахын өмнө сандарсан уу?

-Мэдээж догдлол байсан. Гэхдээ айдас байгаагүй.

Би өөртөө “Европт рок морин хуурыг надаас илүү тоглох хүн байхгүй” гэсэн итгэлтэй байсан. Тиймээс тайзан дээр гарахдаа өөртөө бүрэн итгэсэн.

-Уран бүтээлчийн хувьд баримталдаг зарчим тань?

-Хийж байгаа зүйлдээ итгэлээ алдахгүй, үнэнч байхыг хичээдэг.

Цаашдаа монгол хөгжмийн язгуур үндсээ хадгалсан атлаа орчин үеийн өнгө аястай олон бүтээл туурвих зорилготой.

-“The HU” хамтлагийн эв нэгдлийн нууц юу вэ?

-Бид хамтдаа 10 жил болсон.

Мэдээж санал зөрөлдөх үе гардаг. Гэхдээ Монголын урлагаа дэлхийд хүргэх гэсэн нэг зорилго биднийг үргэлж нэгтгэдэг.

Хэрэв хэн нэг нь хэт их амбиц гаргавал хамтлагийн уур амьсгал алдагдана. Харин бид бүгд эрх тэгш байр суурьтай байдаг учраас өнөөдрийг хүртэл хамтдаа явж чадсан.

-Продюсер Б.Дашдондогийн үүргийг хэрхэн үнэлдэг вэ?

-Маш өндөр үнэлдэг.

Ах маань хамтлагийн үндсийг тавьж, биднийг нэгтгэсэн хүн.

Монголын рок, поп урлагт олон жил ажилласан туршлагатай болохоор алдаа, оноог маш сайн мэддэг. Өөрийн алдааг бидэнд давтуулахгүй, зөв чиглүүлж явдаг нь хамгийн том давуу тал.

-Таны хувьд хамгийн мартагдашгүй тайз?

-Мэдээж Rock im Park.

Анх удаа биднийг үзэхээр тийм олон хүн цугласан тэр мөчийг хэзээ ч мартдаггүй.

Хөгжим бол хэл, хил хязгааргүй ойлголцлын хэл юм.

Бид өөрсдөө ч багадаа дэлхийн алдартай хамтлагуудын дууны үгийг ойлгодоггүй мөртлөө аялгууг нь дагаж дуулдаг байсан.

Өнөөдөр хүмүүс бидний дууг яг тэгж мэдэрч байгаа нь хамгийн сайхан зүйл.

-10 жилийн ойн тоглолтын бэлтгэл хэр явж байна?

-Их ачаалалтай байна.

Гадаадад тоглоход тайз, гэрэл, дэлгэц, дуугаралт бүгд бэлэн байдаг.

Харин энэ удаа бүхнийг өөрсдөө зохион байгуулж байгаа учраас дэлхийн түвшний тоглолтыг Монголдоо хийхийн төлөө ажиллаж байна.

Гэр бүл, найз нөхөд, монголчуудынхаа өмнө тоглоно гэхээр үнэхээр догдолж байна.

-Уран бүтээлч хүний амжилтад гэр бүлийн дэмжлэг ямар байдаг вэ?

-Маш чухал. Сайн хань хүний амьдралын тал хувийг бүтээдэг гэдэг үнэн.

Ар гэрээ тайван авч явдаг ханьтай байж л уран бүтээлдээ бүрэн төвлөрч чаддаг.

Манай хамтлагийн бүх гишүүдийн эхнэрүүд биднийг үргэлж дэмжиж, арын албыг минь бат дааж ирсэнд чин сэтгэлээсээ баярладаг.

-Ярилцлагаа өндөрлөхөд?

-Урлаг бол хил хязгааргүй.

Хүн өөрийгөө байнга хөгжүүлж, бэлтгэлээ сайн хийж чадвал хэдэн нас хүртлээ ч бүтээж туурвиж болно. Урлаг бол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам өсдөг зүйл.

“The HU” хамтлагийг сонсож, үргэлж дэмждэг бүх фенүүддээ 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Та бүхэн бол манай хамтлагийн хамгийн чухал хүмүүс.

Наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох 10 жилийн ойн тоглолтоороо уулзацгаая.

-Ярилцсанд баярлалаа.

63
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

412 нийтлэл

Сэтгэгдэл бичих