улс төр

АН: Төр өөрөө шатахууны нөөц бэлтгэх ёстой атал ААН-үүдийг бэлтгэ гэх нь буруу тогтолцоо

Таны сэтгэгдэл

Ардчилсан намын зүгээс 4:11 хэвлэлийн хурлаар цаг үеийн асуудалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Үүнд, “Шатахуун болон нефтийн бүтээгдэхүүн нь өөрөө овор ихтэй бараа. Тиймээс бид цаашид төмөр замтай холбоотой бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж харж байна. Ардчилсан нам бодлогын нам болох ажлууддаа орж эхэлсэн. 12 чиглэлээр бодлогын зөвлөл байгуулж, урт болон дунд хугацааны бодлогуудыг тодорхойлж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиуд, Засгийн газрын шийдвэрүүд дээр судалгаа хийж, гарц гаргалгаа олох, мэргэжлийн хүмүүстэй уулзаж мэдээлэл авч буй. Шатахууны асуудал дээр Монгол Улс цаашид урт болон дунд хугацаанд ямар бодлого барих вэ гэдэг асуудлыг бодлогын зөвлөлөөр хэлэлцсэн. Өнөөдрийн шатахууны хомсдол нь төрийн бодлогын хомсдлоос үүдэлтэй.

Төр шатахууны үнийг тогтоох дээр оролцож байна. Ингэснээр АИ-92 бензин буюу иргэдийн тогтмол худалдан авдаг шатахууныг хүчээр хямд байлгах бодлого барьж байна. ХАА-н салбарын дизелийн түлшний үнийг өсгөсөн нь эргээд иргэдийн өргөн хэрэглээний үнэд нөлөөлөхөд хүрсэн. Мөн төр стандартыг хянаад, бусдыг нь чөлөөтэй байлгах ёстой. Стандарт дээр ноцтой нөхцөл байдал үүссэн. Дэлхий нийтээрээ ногоон хөгжил рүү алхаж байхад бид сөрж алхаад байна. 2010 онд стандартыг батласан бөгөөд евро стандартыг нэвтрүүлсэн байхад өнөөдөр ухралт хийчихсэн. Дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин нэмэгдүүлэх хэмжээнд ухралт хийсэн байна. Төр хүнд нөхцөл үүсэхэд өөрсдийн шатахууны нөөцийг бэлтгэдэг байх ёстой атал ямар ч нөөц алга. Эсрэгээрээ хувийн хэвшлүүдийг шатахууны нөөц бэлтгэх ёстой гэдэг нь буруу тогтолцоо юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв 2.1 их наяд төгрөгөөр тасарсан нь ковид19-ийн үеийнхээс давчихлаа. Эрх баригч нам үндсэн ажилдаа ормоор байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд нэг нам засаглаж байгаа. Тэгэхээр улс оронд болж байгаа сайн, муу бүхэн энэ намтай холбоотой. Арван жилийн өмнө улсын төсөв 7.1 их наяд байсан бол өнөөдөр 33 их наяд болж 5 дахин өсчихөөд байна. Газрын тосны үйлдвэрийн асуудлыг Ардчилсан намын үед тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Энэтхэг улсаас татаж, барих асуудлыг нь шийдвэрлэж, зохицуулж өгсөн байхад өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. 2022 онд ОХУ-Украины дайн гарсан байхад өнөөдөр 4 жилийн дараа бид шатахууны асуудалд орлоо. 2012-2016 оны хооронд олон асуудлыг шийдвэрлэж байсны нэг нь шатахуун. Өнгөрсөн хугацаанд төмөр замын салбарт бодлогын шинэчлэл огт хийсэнгүй. Том мега төслүүд яриад байсан мөртлөө, энэ төслийг хариуцаж байсан МАН-ын засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь өнөөдөр авилгын хэрэгт холбогдлоо.

Ерөнхий сайд Н.Учралын кабинет асуудлыг нуруун дээрээ үүрэх ёстой. Ирэх оны төсөв орж ирэх гэж байгаа энэ үед сөрөг хүчний зүгээс 20 сайдтай данхар бүтцээ хумихыг шаардаж байна. Мөн олон улсын хуралтай холбогдуулан тодорхой маршрутын хориг тавиад байгааг илүү зохион байгуулалттай болгож нийслэлийн засаг дарга танилцуулах шаардлагатай.

Намар болж байгаа энэ үед аж үйлдвэр, намрын ургац хураалт, өвөлжилт гээд томоохон асуудлууд урд байгаа учраас төсөв дээр хэмнэлт хийх ёстой” гэв.

57
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

412 нийтлэл

Сэтгэгдэл бичих