Хотын дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хориод байгаа билээ. Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай, түүний төрсөн дүү буюу “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалай, мөн “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчлөн, Т.Д нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын есний өдрөөс мөн оны аравдугаар дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.