Онцлохулс төр

Хуулийн дархлаатай Төрийн нарийн бичгийн даргыг ямар “цоорхой”-гоор чөлөөлөөд байна вэ?!

0

Дахиад л Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” туужийг дурдах хэрэгтэй боллоо.Өнгөрсөн зуунд бичигдсэн өдгөө 75 жилийнх нь ой болж байгаа “Амьтны ферм” бол дэлхийн улс төрийн сонгодог “гарын авлага” юм. Тэр зохиолд фермийн амьтад эзнээ эсэргүүцэж бослого гаргадаг.

Тэгээд ялдаг. Харин ялалтын дараа фермийн амьтад бүгд мөрдөхөөр долоон дүрэм баталдаг. Хонь, үхэр, оготно гэлтгүй бүгд цээжилцгээн мөрдөх ёстой.

Гэвч эрх мэдэлд умбасан гахайнууд нөгөөх долоон дүрмийг гуйвуулсаар “…Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилдөг. Улмаар фермийг удирдах болсон гахайнуудын хооронд томоохон эрх мэдлийн тэмцэл үүсч улмаар хагаралддаг.

“Амьтны ферм”-ийн агуулга нь бол энэ. Үүнийг яагаад дурдаж байна вэ гэхээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд олуулаа ялалт байгуулж, төрийн бараг бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн МАН яг гахай шиг ажиллаад эхэллээ. 

Яг долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоог хийсэн. Тэгэхэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилсон. Б.Баасандорж УБЕГ-ын даргаар жил гаруй ажиллаад энэ албан тушаалд очиж байгаа юм.

Ерөнхийдөө УБЕГ гэдэг байгууллага эрх баригч намын хувьд хамгийн чухал газар гэдэг юм. Ялангуяа, сонгуулийн үед стратегийн ач холбогдолтой байдаг гэдэг. Сонгогчдын бүртгэл, царцаа зэрэгт хамаатай гээд янз бүрээр л ярьдаг юм. Шүүхэд ч гомдол их очдог. Гэхдээ хэрэг болж шийдэгддэггүй. Шуудхан хэлэхэд иргэний бүртгэл хариуцсан агентлаг бол нэг тийм, бүгдээрээ мэдээд байдаг мөртлөө яаж ч чаддаггүй, сонгогчдын мэдээлэл дээр сууж байдаг, эрх баригчдын хамгийн “хайртай” газар нь байсаар ирсэн.

Сар гаруйхны өмнө болж өнгөрсөн сонгуулиар МАН ялж, сайд нарын араас залгасан эхний томилгоондоо УБЕГ-ын даргаа оруулж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болгочихов. Янз бүрээр л ярьж байна. “…Сонгуулиар сайн ажилласныхаа шагналыг авлаа” гэж байна. Үнэн худлыг бүү мэд. Юутай ч УБЕГ-ын дарга байсан Б.Баасандорж Төрийн нарийн бичгийн дарга болж суга дэвшлээ.

Гэхдээ энэ томилгоо нь Төрийн албаны тухай хуулийг зөрчжээ. Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “…Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэжээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “…төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсвэл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.2-т “…төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсвэл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “…төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.4-т “…энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, 27.2-т “…Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэх мэтээр тов тодорхой заасан байна. Гэвч УБЕГ-ын дарга Б.Баасандорж ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болчихов.

Нөгөө талаас Б.Баасандоржийн өмнө зүв зүгээр ажлаа хийж явсан Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэзээ, яагаад албан тушаалаа онгорхой орхиод алга болчихов оо. Тэгвэл Б.Баасандоржийг суулгах сандлыг яаж онгойлгосон бэ гэдэг асуулт гарч ирж байна. ХЗДХЯ хоёр Төрийн нарийн бичгийн даргагүй байх нь ойлгомжтой шүү дээ.

Тэгэхээр Г.Билгүүний ажлаасаа чөлөөлөгдсөн үү, халагдсан уу гэдэг сонин байгаа юм. Хамгийн гол нь яаж явсан нь чухал гэсэн үг.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1-т “…Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших болсон, 46.2.2-т “…тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3-т “…төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4-т “…өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” зэрэг үндэслэлээр Г.Билгүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой. Эсвэл Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн  Төрийн албан тухай хуулийн 47.1.1-т “…хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “…гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 47.1.3-т “…Монгол Улсын харьяатаас гарсан” зэрэг үндэслэлээр ажлаасаа халагдсан байх ёстой. Гэсэн ч Г.Билгүүнийг энэ хуульд зааснаар чөлөөлөгдөх болоод халагдах үндэслэлгүй байжээ.

Тиймээс хуулийн дархлаатай Төрийн нарийн бичгийн даргыг ямар “цоорхой”-гоор чөлөөлөөд байна вэ гэдэг тодорхойгүй байна. Ер нь бол Төрийн албаны тухай хуулийг төрийн ямар ч томилгоонд хатуу баримтлах учиртай. “…Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гээд хуулийн зорилтыг тодорхойлчихсон.

Мөн уг хуулийн 3.1.3-т “…чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гээд бас заачихсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг ч 2020 оны долдугаар сарын 9-нд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзахдаа “…Өнөөдөр дэлхий нийт хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй эринд ажиллаж, амьдарч байна. Хэдий тийм ч бид тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн албыг бэхжүүлэхийг зорьж байгаа. Хөгжил тогтвортой байхын тухайд төрийн албанд чадварлаг ажилтнууд тогтвортой ажиллах хуулийн зарчим хэрэгжиж байна” гэж ярьсан байдаг.

Хууль номоороо явбал ийм л юм. Харин эрх баригч МАН-ынхан дээр хэлсэнчлэн “…Гахай илүү эрхтэй” гэдэг зарчим баримтлаад эхэллээ. Одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийг МАН-ынхан өөрсдөө 2017 онд баталж, 2020 оны тавдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Харин өнөөдөр баталсан хууль дээгүүрээ давж алхаад, хуулиар дархлагдсан төрийн жинхэнэ албан хаагчдыг хуульгүйгээр халж сэлгээд эхэллээ. 

Эхнийх нь ХЗДХЯ болов. Хуулийн яамнаасаа хууль зөрчсөн томилгоог эхлүүлж байгаа нь ч ноцтой. Цаашаа яаж өрнөх бол. Эрх баригчид юу гэж амлаж байсныг эргэн сануулъя.

2019-01-16 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн бодлого, залгамж чанарыг хангахад байгууллага бүр онцгой анхаарна

-Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах ёстой. Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье.  

2019-04-04

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Төрийн алба улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах шинэтгэлийг хийсэн 

-Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах, төрийн залгамж чанарыг хангах, төрийн албаны шинэтгэлийг 1995-2019 он хүртэл дөрвөн  үе шаттай хийсэн. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай. Монгол Улсын төрийн албаны хөгжлийн тав, зургаа дахь үе шатны шинэтгэлийн бодлогыг боловсруулж, ирээдүйд төрийн алба ямар түвшинд хүрэхийг тодорхойлох хэрэгтэй. 

2017-11-01

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төрийн албанд мерит, карьерын зарчим үйлчилдэг болно

-Өмнөх албан тушаалд ажиллаагүй бол албан тушаал ахин, дэвших боломжгүй. Төрийн албаны хуулийн үндсэн зарчим нь нэгд, мерит, хоёрт, карьерын зарчим үйлчилдэг болно. Өмнө нь карьерын зарчим үйлчлээгүй учраас сонгуулийн дараа хэн нэгэн дурын хүн улс төрийн намын дэмжлэгээр ч юм уу, албан тушаалын дэмжлэгээр ч юм уу эсвэл танил талаараа ажилд ордог үзэгдэл байсан. Төрийн албаны хуулийн үндсэн концепци хэрэгжсэнээр энэ үзэгдэл байхгүй болно. Төрийн албаны тухай хуульд тусгасан хамгийн гол зүйл бол шатлан дэвших тогтолцоог бий болгож байгаа. Тухайлбал, мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга, хэлтсийн даргаас газрын дарга, газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга гэж шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлнэ. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сөүлийн онгоцоор авчирсан гурван хүний шарил болон сэжигтэй нэг хүнийг ХӨСҮТ-д хүргэлээ

Өмнөх нийтлэл

Хичээлийг хосолсон хэлбэрээр явуулна, xоёр настай хүүхдийг 10 дугаар сарын 1-н хүртэл цэцэрлэгт авахгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох