Онцлохулс төр

Ямаа ба улстөрчид

0

Ямааг улаан элгээр нь хэвтүүлчихээд орилуулж, чарлуулсаар цементэн замаар жишим ч үгүй чирж, гулдачсан залуус өчигдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвөөр “жагслаа”. Жагслаа ч гэж дээ, тал нутагтаа тааваараа идээшилж явах ёстой ямаануудыг хэсэг залуус олон нийтийн анхаарлыг татах гэсэн өчүүхэн атгаг санаагаа биелүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, хүссэнээр нь дагаж гүйгээд, өөрсдийг нь олигтойхон сурталчилаад өгөхгүй, хөлд нь чирэгдээд байхаар яргалж, тамлаж байгаад тэгсхийгээд “сүүлээ хавчаад” зугтацгаалаа. 

Зугтлаа гэсний учир нь тэднийг зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулж буйг мэдсэн хууль, хүчнийхэн тараасан хэрэг. Өөрөөр хэлбэл, цементэн дээр чирүүлсээр зулгарч, урд, хойд хөлөө хугалуулж, өшигчүүлсээр тахир дутуу болж, цаашлаад үхэж ч мэдэх байсан ямаануудыг хууль, хяналтынхан энэ удаад ямар ч байсан аварсан. Харин ийм дорой ухамсар, үгээгүй ядуу сэтгэхүйтэй залуусыг хэн ч аврахгүй нь хоржоонтой. Ингэж хэлсэн шалтгаан нь сонгуулийн жилд, санал өгөх өдөр ойртох тусам улстөрчид монголчуудын оюун санааг яг л өчигдрийн ямаанууд шиг яргалж, тамлаж, хүчирхийлдэг билээ.

“Ямаатай жагсаал” гээчийг зохион байгуулагчид эхлээд ямаануудаа цуглуулж, дараа нь ус, өвс урд нь тавьж, магадгүй жагсаал болох хүртлээ харж хандаж, хайрлаж байсан биз. Бүр зарим нь “Яасан хөөрхөн амьтан бэ” гэж ирээд илж, таалан, утсаараа хэд хэд өөрөгдөж, үнсэхээс бусдыг хийгээ биз. Хэдийгээр тэд баг өмссөн ч ямааг өхөөрдөөд үнсэхээр хүн өчнөөн л харагдана лээ. Тэгэхээр бараг үнсэж, үнгээ биз. Тэгэнгээ өвс, ус, тэжээл, юухан хээхэн хүртэл нэмж саймширхсан нь ч байгаа байх. Ийн атлаа зорилгоо нэгэнт биелүүлж, олны анхааралд өртүүтээ “улстөрч” зан гарган “Эд муусайныг яасан ч яах вэ дээ” хэмээн тийн тамлаж, төвөгшөөж, өшигчиж, гулдчаа биз. Яг л сонгууль дөхөхөөр улстөрчид нэр дэвших тойргийнхоо иргэн бүрийг таньдаг болон сүжирч, найр тавин инээж, асуулт бүрт нь хариу өгөхийг хичээж, өшөө олуулаа болохыг, найз нөхөд, ах дүүсээ цуглуулан өөрт нь санал өгөхийг хүсдэг шиг.

Яг л өнгө өнгийн сэтгүүл, сонин, өөрөө ч бичээгүй өөрийнхөө танилцуулга, уран сайхан магтуунуудыг аманд хийчих шахан гүйлддэг шиг. Яг л хүссэн бүхнийг нь өгч чадах бирд аятай аяглан, амнаас нь унасан бүхэнд амлалт өгч бөхөлздөг шиг. Яг л өөрийгөө магтаж, өрөөл бусдыг газар дор ортол муулж, бусдын талаарх болж, бүтэхгүй бүхнийг дэлгэн, олонх нь бусдын гараар могой бариулан, хэвлэл, сошиалаар цацаж, үүгээрээ өөрийгөө товойлгохыг хүсдэг шиг. Яг л уулзсан бүхэнтэйгээ зураг татуулж, түүнийгээ сайн дүрийн хандалтаа нэмэх зорилгоор сошиал хуудсууддаа тасралтгүй оруулдаг шиг. Яг л энэ өдрүүдэд Монголд өрнөж буй улстөрчдийн нэгдсэн жүжиг шиг байсан биз, ямаатай жагсагчид. Гол нь сар гаруйхны дараа улстөрчид өчигдрийн жагсагч залуус шиг зан, авир гаргахыг сонгогчид маш сайн тунгаах хэрэгтэй. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэр залуус ямаануудыг яаж хайрлаж, тэжээж, тэвэрч, үнсэж, өөрөгдөж байсныг бод.

Энд дурдаж буй санаа жагсагч залуусын олон нийтэд ойлгуулах гэсэн гол санаа биш бөгөөд тэдний зорилго зүгээр л аль нэг намыг эрээ цээргүйгээр харлуулах байсныг онцлох хэрэгтэй.

Зүгээр нэг залуус биш, ямаа хөтөлж яваа нь олны анхаарлыг татаж, телевиз, сайтын сэтгүүлчид олон нийтэд сурвалжлан мэдээлээд, өөрсдөө ч жагсаж буйгаа захиалагчдаа харуулсан тул, ингэж явсныхаа хөлсийг авах нь баараггүй болсон тэдэнд ямаа хэрэггүй болж, яаж авирласныг нухацтай бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн хувьд сонгогчид ямаа билээ. УИХын гишүүнээр сонгогдонгуутаа өөрийг нь дэмжиж, төр түших сэнтийд залсан ард түмнийг мартан, асуудал ярьж ирснийг нь төвөгшөөж, зорилгоо биелүүлэхэд нь саад болсон хэнийг ч улаан элгээр нь гулдчин чирж, яаж ч мэдэх нэгэн болдгийг өнгөрсөн 30 жилд бид хангалттай харсан билээ. Зөвхөн эгэл жирийн сонгогчид ч биш, бусад улстөрчөө ч ямаа болгосоор ирсэн жишээ мундахгүй.

Тодруулбал, сайхан найзалж, нөхөрлөж ирсэн атлаа улс төр, бизнесийн эрх ашгийн зөрчилдөөнөөс болж, нэгнийгээ, нэлээдийгээ гэмт хэрэгтний ширээнд суулгаж, ихэнхдээ шоронгийн хаалга татуулж байж санаа амрагчид манай улс төрд олон бий. Үүнийгээ яг л “Ямаатай жагсаал”-ыг хэн нэгэн эрх мэдэлтэн залууст захиалсан шиг улстөрчид хууль, хяналтын байгууллагад шургуулсан албатууддаа захиалга өгч, бизнесийг нь хяхан боогдуулах, гэмт хэрэгтэн болгох мэтээр яргалуулж, тамлуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, “Ямаатай жагсагчид” хэмээх жагсагч залуус ядруу, дорой, амьтны эрхийг зөрчсөн, яргалагч, хүчирхийлэгч, өрөвдмөөр сэтгэхүйгээр улстөрчдийн гар хөл болж, хөлсөнд нь ирэх хэдэн төгрөгийн төлөө жагссан ч сонгогчдод бол “Монголын улстөрчид ийм л багны ард нуугдсан хүчирхийлэгч, дүр эсгэгчид шүү” гэдгийг харуулаад өнгөрлөө. Энд дурдаж буй санаа жагсагч залуусын олон нийтэд ойлгуулах гэсэн гол санаа биш бөгөөд тэдний зорилго зүгээр л аль нэг намыг эрээ цээргүйгээр харлуулах байсныг онцлох хэрэгтэй.

Гэхдээ хэн нэгэн тэднийг захиалж, нөгөөдүүлээ муухай харагдуулах гэж оролдсоноороо улстөрчид, улс төрийн намуудын бодит дүр зургийг харуулж, ялгагдах юмгүй ижил амьтас гэдгийг батлаад авлаа. Онцлог нь, ямааг Хан Уул, Сүхбаатар дүүргийн Хэв журмын цагдаа нар “аварсан” бол буруу сонголт хийсэн сонгогчдыг хэн ч аврахгүй нь үнэн билээ. Учир нь, сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, цагдаа нар ч эрх мэдэлтнүүдийн тушаалыг биелүүлэхээс аргагүй болдог гэдэг. Аа тийм, жагсагчдад ямаануудыг зарсан, түрээслүүлсэн хэн нэг малчин, эзэн байж таараа. Тэр нь улстөрчдийнхөөр бол хороо, дүүрэг, аймаг, нийслэлийн удирдлагууд юм шүү дээ. Яагаа вэ, харъяаллынхаа сонгогчдын жагсаалтыг гаргачихаад нэр дэвшигчдэд “Энэ нь манай намынх, тэр хэсэг нь тэр намынх. Энэ хүмүүст ийм юм хэрэгтэй. Тэдэнд нь харин тийм юм амлаж болно” гээд зохицуулалт хийгээд сууж байдаг хүмүүс байдаг даа. Эцэст нь, монгол хүн та улстөрчдийн ямаа байх уу, өөртөө эзэн болсон сонгогч байх уу гэдгээ өөрөө шийдэх билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д байгаа нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 61 боллоо

Өмнөх нийтлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалж хөдөө орон нутгийн замуудыг хааж магадгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох