Онцлохулс төр

100 жилээр ухраана гэнэ ээ…

0

Энэ хүн нийгмийн сэтгэлзүйг сайн мэднэ. Тиймээс ч хамгийн эмзэг сэдвээр, хамгийн эвгүй тоглолт хийж эхэллээ. Шударга хэлэхэд ирэх сонгуульд МАХН ялалт байгуулахад ерөөс гайхах юмгүй болов. Түүний амлалт, түүний намын байрны хашаанд багтахгүй шавсан 10 мянга орчим хүн ард түмэн нь ямар төвшинд төөрөлдсөнийг бусад улс төрийн намынханд дэлгээд харуулчихлаа.

Амралтын өдөр болгон бүртгэх юм гэсэн. Харин дараа нь хүмүүс түүнээс байр нэхнэ. МАХН бол банк биш. Барилга орон сууцны компани биш. Баячуудын олон орон сууцыг хураан авч бүртгүүлсэн айлуудаа оруулна хэмээн Энхбаярын утсан хүүхэлдэй гэгдээд байгаа Эрдэнэжамъян хэд хэдэн сайтад ярилцлага өгсөн. Баячууд гээд байгаа хүмүүс байраа Энхбаярт хураалгалаа юу? Зүгээр сууж байгаад хөрөнгөө хураалгадаг гөлөг ч байхгүй. Тэгээд буудалцах уу? Эсвэл баялаг үйлдвэрлэдэг давхаргынхныгаа шоронд хатаах уу? Орон сууцтай бүх айлын байрыг хураагаад эргүүлээд бүртгүүлсэн хүмүүстээ тараахад хүрэх үү? Эсвэл Октъябрын хувьсгалыг давтах уу? 21 дүгээр зууны В.Ленин нь Энхбаяр юм уу? Монголчууд 1917-1921 оны зүг унах уу? Энэ хүн яг юу хүснэ вэ? Моодноос гарчихаад байгаа хэрнээ улстөрийн тавцангаас бууж, ээлж халаагаа өгч болдоггүй яачихсан хүсэл шунал гэхээр ийм байдаг юм бол?

Монголын төрд Соёлын газрын дарга, сайдаас эхлээд эрх баригч намын генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хийгээгүй ажил, эдлээгүй эрх энэ хүнд үгүй. М.Энхболдыг нийслэлд байхад нь крандаж авчраад намын дарга, Ерөнхий сайд болгож байсан хүн нь бас л Энхбаяр. Эхнэртээ ТЕГ-ын тамгыг атгуулж, аймшигтай амбицлаж явсан хүн нь бас л Энхбаяр. Тэр үедээ улсаа хөгжүүлж байхгүй юугаа хийж, эрх мэдлээрээ шоудаж явсан хүн юм бол? Хонгилоо түлхүүртэй нь булаалгасандаа хорсоод байгаа бол ядарсан ард түмнээр даажигнаад байлгүй тэр М.Энхболдоосоо өшөөгөө ав. Элбэгдоржийн хөгцтэй араанд зуугдсандаа өширхөөд байгаа бол тэр хүнтэйгээ л тооцоогоо бод.

Эгэл түмний эмзэг цэг дээр хутга шаачихаад “Чи байргүй бил үү, би ялбал чамд Нямка, Женко, Наранхүү…нарын байрыг авч өгнө, тохирчих уу” гээд яван янаглаад байх хэрэггүй. Нэг бол өөрийнхөө 500 гаруй мянган долларын үнэтэй, Монросцветмэтийн хажууд байдаг байраа султгаад 01 дугаарт бүртгүүлсэн хүнээ оруулж гэрчлэх юм болов уу? Хэрэв тэгвэл байшингийнхаа түлхүүрийг хадаг сүүтэй бариад, араас нь ерөөл хэлэх байх л даа. Энэ хүн яг юу хүснэ вэ? Сонгуульд хэдэн суудал авахын төлөө ард түмнийхээ сэтгэлзүйгээр ингэж тоглож болох уу? Монголчууд хоорондоо мод чулуу бариад зодолдоосой, бие биенээ алаад орон гэрийг нь булаан авч суугаасай гэж хүсээ юү? Баахан хувилагч машин хашаандаа эгнүүлж тавьчихаад, тэр олон мянган хүний иргэний үнэмлэхийг хуулж аваад байгаа нь гэмт хэрэг үү? Дараа нь юунд ашиглах гэж байгаа юм бол? Энэ хүн…нийгмийн сэтгэлзүйг маш сайн мэднэ. Дагаж гуядахаа, ханаруулж мушгихаа ч мэднэ. Гэхдээ өөрийнхөө хэн болчихоод байгааг мэдэж байгаа болов уу?

Р.Эмүжин

Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ

Өмнөх нийтлэл

‘Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй’ сэдвийн хүрээнд HR TEDx болно

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох