Онцлох

Монголд байдаг ганц гимнастикийн заал нурахад ойрхон байна

0

Гимнастикийн спорт нүдэн дээр хөгжиж байгаа. Азийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил дараалан эх орондоо зохион байгуулж тодорхой хэмжээний амжилт үзүүлж буй нь үүний илрэл. Үр дүнд нь Г.Эрдэнэболд гимнастикийн спортын төрлөөр залуучуудын олимпийн аварга болж биднийг огшоож байсан цаг саяхан.

Энэ мөчөөс хойш гимнастикийн спортыг сонгож хичээллэх хүүхэд залуусын тоо ч хэдэн зуугаар тоологдох болсон. Монголын гимнастикийн холбоо ч хэрэглэл материалаа 100 хувь шинэчилж, тамирчдыг бэлтгэл хийх боломжоор нь хангаж өгчээ. Харамсалтай нь улсдаа цор ганц гэх гимнастикийн заал нурж унахад ойрхон байна. Спортын төв ордны хойно байрлах гимнастикийн заалаар шагайхад чийгний эхүүн үнэр хамар цоргино. Амьсгалахад ч түвэгтэй чийг үнэртсэн орчинд 50 орчим хүүхэд бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Энэ зааланд зуны улиралд 200 орчим хүүхэд хичээллэдэг ажээ. Зааланд дусаал дусдаг болсоор ачаалал даахаа больсон байна. Бороотой үед бол хувингаар ус асгаж байгаа мэт л байдаг тухай багш нар нь хэлж байлаа. Заалны хоёрны нэг талбайд тамирчид шавчихсан бэлтгэлээ базааж байлаа. Үлдсэн талбайн зөөлөвчийг авч хулдаас дэвсчээ. Дээр нь тунасан усыг тамирчид нь бэлтгэлийнхээ завсраар арчиж авч байгаа харагдав.

Сүүлд 2011 онд улсаас төсөв баталж дээврийг засварласан байна. Гэсэн ч дээврийн төмөр нь гажиж, хар цаас нь хэд хэдэн газраараа сэмэрч урагджээ.

Гимнастикийн заалны хойд хананаас алхам хүрэхгүй зайд барилга барихаар нүх ухсан байна. Спортын заалны хананаас эгц доош нь хоёр метр хэртэй ухаж заалны суурийг ил гаргаж, хаяавч цементийг л сэтэлжээ. Зарим газраараа дөрвөн метр орчим ухсан нүхэнд их хэмжээний тогтоол ус гарсан байна. Шүүрсэн ус газрын хөрс сэндийлж хоёр давхар спортын заал хэзээ мөдгүй нурахад ойрхон болжээ. Энэ нь дан ганц гимнастикийн заал бус хажууханд нь байрлах 43 дугаар байрны оршин суугчдын аюулгүй орчинд аж төрөх эрхэд ч халдаж байгаа ажээ. Тус байрны подваль руу ус шүүрснээр хана нь мөөгөнцөртсөн байна.

Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Манайд гимнастикийн ганц л заал бий. Спортын болон уран сайхны гимнастикийн 200-300 хүүхэд энэ зааланд бэлтгэл сургуулилт хийдэг. Өвөлдөө энэ тоо 500 хүрнэ. Одоогоор ирэх есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид бэлтгэл хийж байна. Энэ тэмцээнд оролцож байж үргэлжлүүлээд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцох эрхээ авах учиртай. Гимнастикийн спортоор олимпийн наадамд оролцохыг зорьж тамирчид бэлтгэлээ базааж байна. Гэвч хажууханд нүх ухсантай холбоотойгоор барилгын ойролцоох газарт суулт өгч хана хотойсон. Улмаар барилгын дээврийн чанар муудаж ус дусаж эхэлсэн. Газрын суулт үүссэнээс дусаал дусч хэрэглэл материалынхаа талыг нь хураагаад байна. Арын газар маань өөрөө усны ундаргатай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд “гулсаж нуралт үүсэх эрсдэлтэй” гэх үндэслэлээр барилгын ажлыг зогсоогоод байсан” гэв.

Заалны ард В.Баяржаргал захиралтай “Интер групп” ХХК гэх компани барилга барихаар нүх ухсан байна. Заалны хананд залгаж ухсан нүхний улмаас газарт суулт өгч хана нь хазайжээ. Дээврийнх нь ч чанар муудаж дусаал дусах болсон гэнэ.

Спортын гимнастикийн дасгалжуулагч Э.Оргилмаа “Ирэх есдүгээр сард спортын гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Бакуд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд оролцож байж олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж үлдэнэ. Ийм чухал үед заалны нөхцөл байдалд ийм байгаа нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлнө. Олимпийн наадмыг зохион байгуулж буй Японы тамирчид шууд эрхээ авах учраас дундаж багуудад боломж нэмэгдэж байгаа юм. Заалны тал хэсэгт л спортын болон уран сайхны гимнастикийн тамирчид бэлтгэл хийж байна. Заалны ачааллаас шалтгаалж нэг тамирчинд нэг л минутын цаг оногдож байна. Тамирчид маань олон улсын тэмцээнд хагас бэлтгэлжилттэй л оролцохоор болж байна даа” гэж хэлсэн юм.

Бид 43 дугаар байрны СӨХ-ны дарга Д.Даариймаатай ярилцлаа.


-Энэ газар анх ямар шугамаар олгогдож байсан бэ. Хэзээнээс барилгын ажил эхэлсэн бол?

-Иргэн Ц.Даваасүрэнгийн эзэмшил газар дээр “Интер констракшн”-ны гүйцэтгэлээр 2011 онд суурийн нүх ухсан байдаг. Дөрвөн метр орчим ухахад усны ундарга гарч ирсэн. Өнөө нүх нь усаар дүүрчихсэн. Ухсан нүх нь зуны цагт хоёрт талын байр луу нэвчиж ороод дотор талаасаа мөөгөнцөртчихсөн. Ийм байхад шат шатны байгууллагуудад хандаж мэргэжлийн хяналтын ерөнхий газрын акт гаргуулсан. Үүний дагуу барилгын жил нь бүрэн зогссон байдаг.

-“Интер констракшн” ухсан нүхээ бөглөсөн үү. Одоо ямар компани барилгын ажил эхлүүлээд байна вэ?

-Гүйцэд бөглөөгүй алга болсон. Чимээгүй байж байгаад л наадмын дараа л барилгын нүх ухаад эхэлсэн. Байгууламжийн гүйцэтгэл хийлгэж байгаа залуугаас шаардаж иргэн В.Баяржаргал 10 давхар байшин барьж байгааг нь мэдсэн. Энэ хүн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр нүх ухаж эхэлсэн юм билээ. Хэрэг нь прокурорт шилжсэн гэсэн” гэв.

Хотын төвийн “А” бүсэд байрлах гимнастикийн заал болон 43 дугаар байрны орчимд замбараагүй газар олгосон нь эмх цэгцгүй энд энд тэнд боссон өндөр барилгуудаас ил харагдана. Оршин суугчид машинаа тавих зогсоол ч харагдсангүй. Зогсоол барих талбайд нь өндөр барилга барихаар түрэмгийлсэн нь өндөр настай гимнастикийн заалыг нураахад хүргэжээ. 43 дугаар байрны СӨХ болон оршин суугчдын төлөөлөл тус газар хүүхдийн тоглоомын талбай бариулах саналыг нийслэлийн удирдлагуудад удаа дараа хүргүүлж байсан ч хэрэгжилгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Харин машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайгүй газарт 10 давхар барилга барих зай гаргасан нь иргэдийн ундууцлыг хүргэсэн бололтой.

Энэ хэсэг газарт усны судалтай учраас хэтэрхий өндөр барилга барихыг хориглосон мэргэжлийн хяналтын акт гаргажээ.

Шүүгчдийг түдгэлзүүлэх зарлигийг Ерөнхийлөгч дахин гаргана

Өмнөх нийтлэл

‘Ногоон нуур’ 1008 айлын орон сууцны бүтээн байгуулалт дөрөвдүгээр сард эхэлнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох