улс төр

Отгонбилэгийн Содбилэг яагаад яараад байна вэ?

0

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2019.04.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэлсэн.Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Хууль зүйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах” тухай тогтоолын төслийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар орж ажиллах хүсэлт болон зарчмын зөрүүтэй саналаа тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдлаа. Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг нэмэхийг дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэгийн хэлсэн үг ихээхэн анхаарал татаж байв. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ: “Хэдэн зүйл асуух гэсэн юм. Эрүүдэн шүүж, тамлаж мэдүүлэг авч, хэрэг зохиосон гэдгийг УИХ-ын гишүүд үзчихлээ.Сэтгүүлчид үзчихлээ. Саяхан бас иргэний нийгмийн байгууллагынхан бас үзсэн юм шиг бололтой байна. Одоо тэгээд ер нь хэнд үзүүлж болох, болохгүйг нь хэн шийдээд байгаа юм бэ? Яагаад олон нийтэд ил тод болгохгүй байгаа юм бэ? гэдэг асуулт байна.  Хоёрдугаарт: Шинэ нөхцөл байдал бий болоод, эрүүдэн шүүж ял тулгасан байна гэдэг нь ойлгомжтой болчихсон байхад энэ хүмүүсийг яагаад суллахгүй байгаа юм бэ? Хэзээ суллах юм бэ? Ял аваад таслагдсан байгаа хүмүүс нь манай Орхон аймгийн иргэд байгаа. Тэгээд ээж аав нь өндөр настай хүмүүс нилээн хэдэн жил хэцүүхэн байна.Энэ хүмүүсийг одоо бушуухан ээж аавтай нь уулзуулж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хэзээ суллах юм бэ? Хэн шийдэх юм бэ? Энэ их удаашралтай яваад байгаа харагдаж байна л даа. Ноцтой хүний эрхийн зөрчлийн асуудал гарч ирээд, одоо өдөр болгон шинээр мэдээлэл, шинэ нөхцөл байдал гарч ирээд байна шүү дээ. Тэр хэрэгт оролцсон хүмүүсийг нь машинаараа зөөж, хүргэж өгсөн хүн гэж гарч ирлээ. Ингээд шинээр мэдээлэл гарч ирээд, энэ хүмүүсийг ял тулгаж, яргалж ял тулгасан нь үнэн болох нь харагдаад байхад яагаад суллахгүй байгаа юм бэ? Гэдэг асуудал байна. Энийг хэн шийдэх вэ? Тэгээд одоо нууцлалаас гаргахыг нь хэн шийдэх юм бэ?  УИХ-ын гишүүд үзчихлээ, сэтгүүлчид үзчихлээ, дараа нь иргэний нийгмийн байгууллагынхан үзчихлээ. Би бас асууж байсан. Хуулийнхан хэзээ үзэх юм бэ? Яг энэ салбарынхан. Хууль хүчний байгууллагынхан хэзээ үзэх юм бэ? Эмнэлгийнхэн хэзээ үзэх юм бэ? Эсвэл ингээд сунжруулаад яваад байх сонирхол байгаа юм уу? Энийг тодруулж асуумаар байна.” хэмээсэн юм. Мэдээж С.Зоригийг хөнөөсөн ялтнууд болох Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг байцаах явцдаа тамласан, эрүүдсэн нь бичлэгээр тодорхой болсон.Гэвч энэ нь дээрх ялтнууд С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй нь тодорхой боллоо гэсэн үг ч бас биш. Тэр бүү хэл Ц.Амгаланбаатар нарын хэвлэлд ил болсон зарим мэдүүлгээр бол С.Зоригийг хөнөөх хэрэгт Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан гэх хоёр хүний нэр дурьддаг.Тодруулбал Ц.Амгаланбаатар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа өгсөн тайлбартаа: “Ингээд бид хоёрыг гадаа гарахад хар хөх өнгийн жийпэрхүү машин ирсэн байсан тул Жаагий намайг байж бай гээд тэр машинд орж суусан ба тэр машинд нь одоогийн энэ Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байгаа Бат- Үүл байсан тэгээд Жаагий Машинд орж суугаад түүнтэй юм ярьж 20-д минут болсны дараа гарч ирсэн. Тухайн үед Бат-Үүл нь машинтайгаа ганцаараа ирсэн байсан ингээд Жаагийг машинаас буусны дараа Бат-Үүл дарга машинтайгаа яваад өгсөн. Жаагий надад Бат- Үүлээс мөнгө авлаа гэсэн, гэхдээ хэдэн төгрөг авсан талаар нь би мэдээгүй...Мөн 1998 оны 9 дүгээр сарын дундуур хэдний өдрийг нь мэдэхгүй байна Очирбат гэж бөөгөөр Отгонбилэг нь Чимгээ болон түүний нөхөр Бямбасүрэн, Жаагий, Хундаа, би Отгонбилэг гуайн жолооч гэх хүн мөн Отгонбат ламын хамт бярууны зүрх сугалуулж, гахайн толгой шатааж зан үйл хийж байсан юм. Ингэж зан үйл хийсний дараа Чимгээ Отгонбилэг гуай бид гурав түүний жолоочийн хамт машинтай нь зан үйл хийсэн хүмүүсээс салж яваад Эрдэнэтийн 10 цагааны тэнд жолооч нь бууж үлдээд би УА3469  маркийн бор ногоон өнгийн машиныг нь бариад бид гурав 5 дугаар микрийн зочид буудалд ирэзд тэр хоёр буудалд ороод намайг архинд явуулаад намайг архи аваад буудалд нь ирэхэд Отгонбилэг Чимгээ хоёр үнсэлдэж байсан тул би архи өгчихөөд явахад тэр хоёр буудалдаа үлдсэн ба Чимгээ, Отгонбилэг нар нь эр эмийн харилцаатай юм. Ингээд тус явдлаас хойш 2004 оны намар байх намайг Чимгээтэй хамт Эрдэнэтийн 3 дугаар микрийн Дөл нэртэй буудалд байхдаа (1997 оноос хойш Чимгээ бид хоёр эр эмийн харилцаатай байсан юм) би Чимгээгээс Зориг гуайг их зохион байгуулалттай амь насыг нь хөнөөсөн шүү, Бат-Үүл даргын дээр том хүн байгаа юу гэхэд Чимгээ надад Отгонбилэгээс өөр хүн мэдэхгүй гэсэн юм ” гэх мэтээр өгүүлсэн нь 41-р хавтаст хэргийн 123-135-р хуудсанд  бичигдэн үлдсэн тухай сэтгүүлч А.Баярмаа “Доргио.мн”  сайтдаа дэлгэсэн байв.Гэтэл Отгонбилэгийн хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг уг хэргийг задалж, ялтнуудыг цагаатгая, суллая хэмээн ихэд яарч буй агуулгатай санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлээд сууж буй нь хачирхалтай юм.Ер нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг шалгаж эхэлмэгц, энэ бол зохиомол гэж зарласан анхны хүн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг бөгөөдтэрээр энэ тухай анх 2015 оны 12 сарын 11-нд өгүүлэхдээ л : “Аавыг минь С.Зоригийн хэрэгт холбож,өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж,аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн өгүүлсэн билээ. Юутай ч С.Зоригийг хөнөөсөн хэргийн бодит үнэн нь  одоо ч нарийн тодорхой болоогүй байтал УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн ялтан болох Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг суллуулахаар яарч буй нь яагаад? гэсэн асуулт тавихаас өөр аргагүйд хүргэж байна. П.Мандах

МАН-ынхан ‘Стандарт’ банкны өрийг төлөхдөө мөнгө угаасан уу?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр