-0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг-
Агаарын бохирдол арван таван толгойтой атгаалжин хар мангас мэт нөмрөн аваад удлаа. Уг нь утааг бууруулах олон ажил хийгдсэн. Даанч амжилтанд хүрээгүй, улам нэмэгдсээр буйг ард түмэн мэднэ.
Бид сурвалжилгаа Нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг хэмээн нэрлэгдээд байгаа Баянхошуунаас эхэллээ.
Өглөөний 08.00 цагийн үед утааны тархалт эхэлж байлаа. Энэ цаг бол хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ явдаг цаг. Аав, ээжүүдийн ажилдаа явдаг цаг. Өндөр хүчдэлийн гудамж, Буурал ээжийн хөтөл, түүнээс баруун тийш Жанцан хавийн айлуудын нэгэн өдөр утаа майн дунд эхэлж буй дүр зураг.
Энэ үед уг хэсгийн агаарын чанарын үзүүлэлт 452 байлаа.
Мэдээж гэр хорооллын айл өрхийн 98 хувь нь нүүрс хэрэглэдэг.
Төд удалгүй энэ хэсгийн агаарын чанарын индекс 550-ыг заалаа. Агаарын чанарын индекс 501-ээс давсан үед маш их бохирдолтой гэж үзэх бөгөөд гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, гэртээ байх хэрэгтэйг зөвлөдөг. Энэ үед архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байх хэрэгтэй. Тухайлбал авто машины замаас хол байх шаардлагатай гэж үздэг. Мөн амны хаалт заавал зүүх хэрэгтэй байдаг.
Гэвч гэр хорооллынхон бүгд л амьдрахын тулд гэрээс гарах хэрэгтэй болно. Эрүүл мэндээ бодож байна гээд хоосон гэртээ суугаад байхыг хэн ч бодохгүй. Учир нь хоногийн хоолоо өдөр өдөр өдөрт нь аргацаадаг олон айлууд бий.
Ер нь л амьдралын төлөөх жинхэнэ тэмцэл гэр хороололд л өрнөж байна гэхэд болно. Идэр есийн хүйтэн усанд явж, нүүрс зөөж, мод хагалж, автобусны буудал, цэцэрлэг, сургууль зэрэг хол газар алхахаас эхлээд тэдний амьдралын өдөр тутмын хэвшлийг тоочиж баршгүй.
Харин энэ үед Хан-Уул дүүрэг, Зайсан орчмоор агаарын чанар хэвийн хэмжээнд буюу 87 байх нь тэр. Ард иргэдийн амьдралынх нь хэвшил, нийгмийн давхарга нь ганцхан уул даваад л асар их ялгаатай болчихдог бидний нийслэл хот.
Зөвхөн Баян хошуу гэлтгүй Зуун айл, Дарь Эх, Бөхийн өргөө, 3,4 дүгээр хороолол, Зурагт орчмоор 09.00-10.00 цагийн үед агаарын чанарын үзүүлэлт 700 хол давдаг.
Ороолтоо хагас дутуу ороосон багачууд, хоёр нь хоёроороо, гурав нь гурваараа сургуулийн зүг алхацгаана. Зарим нь эцэг эх, ах эгч, өвөө эмээ нараараа хүргүүлж байх.
– Утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг –
Сүүлийн үед хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдээд байгаа. Улаанбаатар хотод агаарын бохирдлоос үүдэн нэг хүүхэд жилд 7-8 удаа амьсгалын замын өвчлөлд өртөж гэсэн судалгаа бий. Хүүхэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн амьсгалын тогтолцоо хөгжиж эхэлж байдаг учир амархан өвчлөмтгий байдаг тухай эмч нар ярьж байгаа.
Эндэхийн иргэд утаанд удаан байснаар толгой эргэж, дотор эвгүйрхдэг тухайгаа ярьж байлаа. Мөн хамгийн утаа багатай үе шөнийн 03.00-05.00 цагийн хооронд л байдаг гэв.
Утааны улиралд хамгийн чухал нь бага насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн асуудал болоод байна.
Ийн учир бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьлоо.
Тус төвийн Хүүхдийн эмч Г.Батжаргал “Хүйтний улиралд утаанаас үүдэн амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Тэр тусмаа хүүхдүүд их өвчилж байгаа. Юун түрүүнд эрүүл байхын тулд биеийн эсэргүүцэл сайн байх хэрэгтэй. Тийм учраас витаминлаг хоол хүнсийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Эцэг эхчүүд, багш ажилчид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос гурван удаа тогтмол хийж, тасалгааны цэцэг олноор таривал сайн. Мөн хүүхдүүдээ гадуур гаргахдаа ороолт, амны хаалт зүүлгэж байх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдийн хувьд өдөр тутамдаа эрүүл хүнс хэрэглэж, аль болох гэрийн дэглэм барих нь зүйтэй” гэв.
Дөнгөж төрсөн ээжүүдийн хувьд хүүхдээ эрүүл байлгахын тулд гэрийн орчин нөхцөлөө сайтар цэвэрлэж ариутгаж байх шаардлагатай байна. Үүний тулд элдэв цэвэрлэгээний бодис хэрэглэлгүй, зөвхөн усаар чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх шаардлагатайг ч зөвлөж буй.
Бид олон мянган ээжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Баянгол дүүргийн зургадугаар хорооны иргэн Б.Энэрэл “Эмийн санд утлагын аппарат бас утааны маскнаас хэтрэхгүй л байна. Их том хүчин зүйл учраас хамгаалахад хэцүү байна. Хөдөө цэвэр агаарт гаръя гэхээр ажил гэр энд болохоор яаж ч чадахгүй. Ямар ч байсан том хүү маань хөдөө байдаг. Бага хүү маань дөнгөж 5 сартай болохоор утаа бохирдлоос болоод их ханиад хүрч байна” гэв.
Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөл болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. Агаарын бохирдлоос болж жилд зөвхөн 0-5 насны 500 хүүхэд амиа алдаж байна гэх судалгааг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлтэй хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр 3.1 сая хүн нас бардаг байна.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын бохирдол нь хүний амьсгалын тогтолцоонд ханиах, найтаах, уушги гэмтэх уушгины хавдар багтраа, бронхит өвчний суурь болдог. Харин нөхөн үржихүйн тогтолцоонд төрөлхийн гажиг, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, үргүйдэл зэргээр нөлөөлнө. Судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотойгоор эмчлүүлдэг” гэсэн юм.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.
Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоожээ. 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэх мэдээг тус судалгааны багийнхан өгөв.
Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов.
Утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг аж. Ургийн жин алдагдсанаар хүүхдийн зүрхний цохилт удаашрах, эрхтэн тогтолцоо доголдох зэрэг ноцтой эрсдэл үүсч амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүгээр ч зогсохгүй эхийг үргүй болгох аюултай ажээ.
Түүнчлэн утаан дундаа энэ хэвээр амьдарсаар байвал Монгол Улсын хүн амын тал хувь нь амьсгалын замын болон бусад эмгэгээр өвчилж жамаасаа эрт хорвоогийн мөнх бусыг үзэх аюул бий болсныг мөн тогтоогоод буй.
Утаатай ч гэсэн Улаанбаатар минь гэж өөрсдийгөө аргадсан өөнтөгч ард түмэн бол бид. Өдөр тумын ажлаа хийж, хорвоогийн бор өдрүүдийг элээсээр л буй. Гэвч утаа гэх мангас биднийг нэг нэгээр нь залгисаар байгааг мэддэг ч, амьдралын төлөө тэмцэнэ.
Л.Сайнбаяр
Эх сурвалж: Olloo.mn
Сэтгэгдэлүүд