Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас өөрийн давуу байдлаа ашиглаж ойр дотныхныхоо компаниар зээл авсан асуудалд нэр холбогдсон эрх мэдэлтнүүд эхнээсээ хариуцлагаа хүлээж байна. Сайд нар хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр суудлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайшаалтай.
Тус сангаас зээл авсан УИХ-ын ДОЛООН гишүүн байгааг тогтоож, Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх хариуцлага тооцох улс төрийн шийдвэр гаргасан.
Тэрбээр “УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн компанид зээл авсан нь тодорхой болсон. Үүнтэй холбогдуулаад уг асуудлыг хариуцдаг салбар яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулна” гэж мэдэгдэн, МАН-ын бүлэг ч энэ асуудлыг шуурхайлан хэлэлцсэн. Бүлгийн хурлын дараа түүнийг чөлөөлөх болсныг танилцуулж, үргэлжлүүлэн Б.Батзориг хэвлэлийнхний өмнө гарч ирэн, “Би хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна” гэсэн маш товчхон мэдэгдэл хийсэн.
Хариуцлагын тогтолцоо үйлчилж, салбарын сайд нь алдаа гаргасныхаа төлөө ажлаа өгдөг жишгийг ийн Б.Батзориг үргэлжлүүлэв. Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын хооронд өрнөсөн маргааны улмаас хүний амь нас хохирч, Ж.Бат-Эрдэнэ сайдын суудлаасаа мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Үндсэндээ ганцхан сарын дотор У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр ч сайд чөлөөлөгдчихлөө. Сайд огцорсноор тухайн салбарт гарсан алдаа дутагдал арилдаг бол өөр хэрэг. Гэхдээ хариуцлага хүлээх жишиг нь нийгэмд гарч буй томоохон өөрчлөлт гэлтэй.
Хариуцлагын асуудал яригдах дараагийн сайд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар байх ёстой гэж олон хүн үзэж байна. Албан тушаалаа аваад тун удаагүй байгаа шинэхэн сайд ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт гараад буй. Түүнээс зээл авсан эсэхийг тодруулахад “Манай эхнэрийн компани, эхнэр ч тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” хэмээн мэлзэж байсан удаатай.
Мөн тэр “Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байгаа” гэсэн хариулт өгч байсан юм. Гэтэл тус компани нь түүний өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК болохыг сөрөг хүчнээс баримтаар дэлгээд байна. Эрхэм сайдын “Эпота Анарваан” ХХК ЖДҮ-ийн сангаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл иргэдийг дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдох юм байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл авч, банк бус санхүүгийн байгууллага руу хийж, мөнгө хүүлж байгаа ч асуудал гарч мэдэхээр байна.
Тэгэхээр ЖДҮ-ийн зээлийн асуудал ХХААХҮ-ийн сайдыг нь огцруулснаар намжихгүй. Салбарын сайдаас гадна энэ асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүд, сайд ч хариуцлагаа хүлээх нь тодорхой болж байгаа бололтой.
ЖДҮ-ээс зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс:
- Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөг,
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөг,
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК 950 сая төгрөг,
- УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 сая төгрөгийг тус тус зээлсэн гэгдэж буй.
эх сурвалж: http://www.zox.mn
Сэтгэгдэлүүд