Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, өвчлөл нэмэгдэж буй энэ үед ХӨСҮТ-ийн амбулаторийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хамруулсан тандалтыг өдөр бүр хийж байгаа аж. 46 дахь долоо хоногийн байдлаар 18 аймаг болон нийслэлд өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд, хоёр аймагт идэвхжилийн түвшинд байна. Харин 2025 оны 42 дахь долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл 1.8 хувиар өссөн байна.
Тодруулбал, амбулаториор үзүүлж буй иргэдийн 70 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 5 хүртэлх насныхан дийлэнх хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн ахмад настнууд томуу, томуу төст өвчинд өртөмтгий байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо дөрвөн хувиар нэмэгдсэн. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 0-11 сартай нярай, 1-4 насны хүүхэд болон 65-аас дээш насныхан байна. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, ахмад настнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай аж.
Энэ жил томуугаар өвчилсөн хүүхдүүдийн дунд өндөр халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тухайлбал, зарим хүүхдэд 4-6 цагийн турш цочмог өндөр халуурсны дараа уушгины хатгалгаа болж хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.
Иймд нэг удаагийн амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, ариутгах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, гадуур хувцастайгаа гэртээ явахгүй байх зэрэг нь халдварын эрсдэлийг бууруулна. Мөн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь чухал. Вакцины найрлага жил бүр өөрчлөгддөг. Манай улс лабораторийн тандалтын сүлжээнд нэгдсэн учраас тухайн жилд дэгдэж буй вирусийн хэв шинжид тохирсон вакциныг сонгон хэрэглэдэг. Иргэд эмчид үзүүлж, зөвшөөрөл авсан тохиолдолд төлбөрөө төлөн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.